Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0046

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

Захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 481 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г намайг 7 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, саналаа дүүргийн Засаг даргад уламжлахыг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгах, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас Г.Г-ийг чөлөөлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлөх захирамж гарах хүртэлх хугацааны Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 21 хувиар бодож нөхөн төлүүлэх. дэвтэрт бичилт хийж, баталтаажуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулах гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 118 дугаар магадлалаар Г.Г-ийг ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг даалгаж, ажилд эгүүлэн томилох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хяналтын шатны шүүхийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Иймд ажилд эгүүлэн авах тухай шийдвэр байхгүй. Хорооны иргэдийн Нийтийн Хурлаас чөлөөлөх болон томилох талаар Засаг даргад ирүүлсэн тогтоол байхгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй байна. гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... миний бие 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хорооны иргэдийн Нийтийн хурлын даргаар ажиллаж байгаа учир Г.Г-ийн асуудлаар мэдэхгүй.

Иймд Г.Г-ийг хорооны Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлын талаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байна. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 481 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 38 дугаар зүйлийн 38.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан зарим шаардлагыг ханган, Г.Г-ийг 7 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, саналаа дүүргийн Засаг даргад уламжлахыг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас Г.Г-ийг чөлөөлөхийг, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11 хувиар бодож нөхөн төлүүлэх, 21 хувиар дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалган, үлдэх "...6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулах, ажлаас чөлөөлөх захирамж гарах хүртэлх хугацааны Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 10 хувиар бодож нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах" тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 481 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.Г миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ажлаас чөлөөлөх захирамж гарах хүртэл хугацааны Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж, баталгаажуулах, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт зөвхөн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийж, баталгаажуулахын Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаад Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамж гарах хүртэлх хугацааныхыг орхигдуулсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Г.Г миний бие улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа байдлыг ухамсарлан ойлгож, ажлаас чөлөөлөх захирамж гарах хүртэлх хугацааны /ажил эрхлүүлээгүй/ цалин хөлсний гарт олгогдох хэсгээс нь татгалзаж, зөвхөн даатгалын санд төлөгдөх шимтгэлийг л шийдвэрлэж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даатгуулахыг хүссэн билээ. Үүнийг шийдвэрлэхгүй, хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэтгэмж гаргуулахыг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хангаж, 481 дүгээр шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Г.Г-ийн давж заалдах гомдлоор, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Г-ийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүнийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 290 дүгээр захирамжийг хууль бус болгохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 5 сар 11 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2.322.006 төгрөгийг нөхөн олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 118 дугаар магадлалыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

Харин дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлал, тогтоолоор Г.Г-ийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, уг албан тушаалд нь эгүүлэн томилоогүй байхад нэхэмжлэгч Г.Г-ийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлж, хорооны Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлөхгүй байгаа хариуцагч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, дүүргийн Засаг даргын үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасныг зөрчсөн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Г.Г-ийн нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлөгдсөн шийдвэр бичигдээгүй зэргээс шалтгаалан нэхэмжлэгч нь өөр ажилд томилогдох боломжгүй болж түүний эрх нь зөрчигдөж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр хугацааг тооцож нэхэмжлэгч Г.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11 хувиар бодож нөхөн төлүүлэх, 21 хувиар дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 т заасныг зөрчөөгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Г.Г- 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 5 сар 11 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2.322.006 төгрөгийг тооцож олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр магадлал, тогтоол байна.

Харин анхан шатны шүүх, ...6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, тухайн албан тушаалтан эрхэлж байсан ажлаасаа сонгуулийн үр дүнгийн улмаас чөлөөлөгдсөн бол тэтгэмж олгохоор байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 32 дугаар зүйл заасан үндэслэлээр Г.Г-ийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлсөн, огцруулсан тодорхой шийдвэр байхгүй хэдий ч тухайн албан тушаалаа эрхлэхээ больсон, шинээр хорооны Засаг даргыг томилсон байгаа тул түүнийг сонгуулийн үр дүнд чөлөөлөгдсөн гэж үзэхээр байна.

Нэгэнт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал, дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа учраас түүнд урьд ажиллаж байхдаа авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох нь зөв гэж үзлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй учраас тэмдэгтийн хураамжийг хуваарилахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Г.Г-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 481 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г- урьд ажиллаж байхдаа авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай гэж, 2 дахь заалтын 35100 гэснийг 70200 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР