Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

 

 

 

     2022        02         17                                2022/ШЦТ/237

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч К.Чимгээ,

Нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Шүүгдэгч Д.Т, Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Х.Т нарт холбогдох эрүүгийн 2106 00000 2549 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т, Д.Т нар нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин ундраа” гэх нэртэй хүнсний дэлгүүр дотор хохирогч Б.Аг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн түүний үснээс зулгааж, нүүр хэсэгт нь цохиж гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Т, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдгээрт холбогдох эрүүгийн 1906 05545 2776 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан доорх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвин ундраа” гэх нэртэй дэлгүүрт ороод 2 ундаа, 1 чипс аваад кассны тавцан дээр тавиад өөрөө хойшоо алхсан. Тэгсэн чинь миний урд талд очелож байсан хүн очер дайрлаа, одоо үеийн хүүхдүүд яасан хүмүүжилгүй юм бэ гэж хэлэхээр нь би таны очер, дарааллыг чинь дайраагүй, би зүгээр гар өвдөөд, дийлэхгүй болохоор нь юмаа тавцан дээр тавьсан юм гэж хэлсэн чинь тухайн ахтай хамт явсан эгч тэр хоёр над руу хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд тэр 2 үл таних хүн авсан зүйлээ кассан дээр бичүүлчхээд хаалгаар гарч байхад нь дэлгүүрийн өвөө үүдээ хаачих гэхээр нь би үүдийг нь түлхсэн чинь шууд буцаж орж ирээд нөгөө эгч миний үснээс зулгаагаад, гараараа нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 6-7 удаа цохисон. Тэгээд би дийлэхгүй болохоор нь нөгөө эгчийн үснээс зулгаасан. ...тэгсэн чинь удалгүй 1-2 минутын дараа үл таних эмэгтэй дэлгүүр рүү орж ирээд чи миний ээжийг цохилоо гээд ээжтэйгээ хамт толгойны үснээс зулгаагаад толгой хэсэг рүү хоёулаа цохиж эхэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 06/

 

Гэрч М.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1-34 тоот хашаанд байрлах “Арвин ундраа” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байхад манай дэлгүүрийн ойролцоо амьдардаг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд бараа худалдан авсан ба түүнтэй зэрэгцэн 20 орчим насны охин бараа худалдаж авахаар зогссон ба эхлээд эрэгтэй, эмэгтэй 50 орчим насны хоёр тооцоогоо хийсний дараа эрэгтэй нь нөгөө 20 орчим насны охин тооцоогоо хийж байхад ...чи очер дайрлаа гэсэн чинь нөгөө охин юм дуугараагүй. ...нөхөр нь хаалгаар гарч араас нь эхнэр нь хаалгаар гарч байхад нөгөө 20 орчим насны охин хаалганаас барьж хаалга хаасан. Энэ үед хаалгаар гарч байсан эмэгтэй чи намайг хаалгаар түлхэж гаргалаа гээд манай дэлгүүрт буцаж орж ирээд нөгөө охинтой хоорондоо үсдэлцэж эхэлсэн ба энэ үед тухайн эмэгтэйн нөхөр бид хоёр тэр хоёрыг салгасан. Дараа нь би тэр охиныг харахад уруул хэсэгт нь халцарч, шалбарсан байсан. ...удалгүй нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүний охин гэх эмэгтэй манай дэлгүүрт орж ирээд дэлгүүрт байсан охинд хандан чи яахаараа манай ээжийг зоддог юм гээд үснээс татаад цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19/

 

Гэрч Н.Нансалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

...намайг дэлгүүртээ орж ирсэн чинь манай дэлгүүрт нэг охин зогсоод байхаар нь нөхөр Батсүхээс асуусан чинь манай нөхөр надад манай дэлгүүрийн ойролцоо шинээр нүүж ирсэн 50 орчим насны эмэгтэй нөхөртэйгөө хамт худалдаа хийж байхдаа энэ охинтой очероос болж хэрүүл хийж энэ охинтой тухайн 50 орчим настай /Т/ эмэгтэй нь хэрүүл хийж хоорондоо үснээсээ зулгаалцсан гэж хэлсэн. ...би тухайн дэлгүүрт зогсож байсан эмэгтэйн царайг харахад уруулын зүүн талд нь жижиг шалбарсан байсан. ...ингээд удалгүй тухайн 50 орчим настай эмэгтэйн охин гэх эмэгтэй дэлгүүрт ирээд дэлгүүрт зогсож байсан нөгөө эмэгтэйг санаандгүй байхад нь чи миний ээжийг зоддог хэн юм, чамд ээжийгээ зодуулахгүй гэж хэлээд шууд үснээс нь зулгаагаад, тонгойлгож байгаад нүүр хэсэгт нь цохисон гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10696 дугаартай:

Б.Агийн биед хамарт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/,

 

Шүүгдэгч Д.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 10 дугаар сарын 31-ны орой өөрийн гэрийн хажуу талд байдаг “Ариун- Ундраа“ гэх нэртэй дэлгүүрт орж хүнсний зүйл худалдан аваад дараа нь касс дээр тооцоо хийх гээд өөрийн худалдан авч байгаа эд зүйлийг кассын ширээн дээр тавьж байхад авсан зүйлээ бичүүлж байхад тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан өөр нэг 24 орчим насны эмэгтэй хүүхэд хажууд өөрийн худалдан авч байгаа эд зүйлээ тавиад, гар утсаар яриад байсан. Энэ үед манай нөхөр болох Г.Бат-Эрдэнэ нь тухайн эмэгтэйд хандан одооны хүүхдүүд хүмүүжилгүй хүн хүндэтгэж мэдэхгүй гэж хэлсэн чинь нөхөр бид хоёр руу тухайн охин их муухай хараад муусайн архичид, гуйлгачингууд гэж хэлээр нь би сонсоод нөгөө охинд хандан би маскаа доошлуулаад би архи уугаагүй, чи хэнтэй харьцаж байгаагаа мэдэж байна уу гэсэн чинь нөгөө охин намайг настай хүн байхад хүндлэхгүй чи муу гуйлгачин, маскаа зүү гэхээр нь би тухайн үл таних охинд хандан чи өөрөө зайгаа барь гэж хэлээд дахин өөр зүйл ярилгүй тооцоогоо хийгээд, эхлээд манай нөхөр Г.Бат- Эрдэнэ хаалгаар гараад дараа нь би хаалгаар гарч байхад миний араас нуруу хэсэгт хаалга хүчтэй хааж, намайг гарч амжаагүй байхад хаалгаар цохьсон. Тэгээд энэ үед миний уур хүрээд эргэж хаалгаар орохоор хаалгыг нь түлхэж үзсэн чинь нөгөө охин хаалгыг онгойлгохгүй гээд цаанаас нь түлхэж байсан. Би хаалгыг түлхсээр байгаад ороод тухайн охинд хандан чи ээж шигээ хөгшин хүнийг хаалгаар цохиод, яаж байгаа юм чи гэж хэлээд тухайн охиныг нүүрэнд нь алгадах гэсэн чинь надаас бултаад хойшоо болсон. Тэгээд дараа нь нөгөө охин миний үснээс барьж аваад нэг гараараа зулгаагаад, нөгөө гараараа миний толгойн дээд хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон тул би тухайн охины үснээс нь зэрэг үсдээд эхэлсэн. Энэ үед гаднаас манай нөхөр Г.Бат-Эрдэнэ болон дэлгүүрийн худалдагч өвгөн хоёр ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд тухайн үл таних эмэгтэйд хандан чи наад дэлгүүрээс гарахгүй байгаад үзээрэй гэж уурандаа хэлчихээд нөхрийн хамт дэлгүүрээс гараад гэр рүүгээ явсан ба манай нөхөр надаас түрүүлж яваад гэрт ороод даруй намайг гэр рүү орж амжаагүй байхад манай охин Х.Т надруу үйгээд ирэхээр нь би өөрийн охинд нэг охинтой муудалцсан юм гэж хэлээд, өөр зүйл хэлээгүй байхад үгийн зөрүү гүйгээд тухайн үл таних охин байгаа “Ариун-Ундраа" гэх нэртэй дэлүүр лүү орсон. Би араас нь тухайн дэлүүр лүү ороход тухайн дэлүүр дотор манай охин болох Х.Т нь нөгөө надтай хэрүүл маргаан хийсэн үл таних охины үснээс нь зулгаагаад зогсож байхаар би очоод өөрийн охиныг болиулаад дэлгүүрээс гаргаад гэрүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

 

Шүүгдэгч Х.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2021 оны 10 дугаар сарын 31-ны орой 18 цагийн үед өөрийн гэртээ хүүхдээ харж байсан чинь манай ээжтэй цуг хамтран амьдардаг ах болох Бат-Эрдэнэ орж ирээд надад танай ээж Тийг гадаа “Ариун-Ундраа” нэртэй дэлүүр дотор танихүй эмэгтэй хэл амаар доромжлоод, үсдээд байна гэхээр нь би юу болсон талаар тодруулахаар “Ариун- Ундраа” нэртэй дэлдүүрийн гадаа очсон чинь манай ээж Д.Т толгой хэсэгтээ гараараа дарчихсан байдалтай, дух хэсэгт нь шалбарсан, мөн надад ээж толгойны үснээс үл таних эмэгтэй нь зулгаасан, толгой руу цохьсон гэж хэлхээр нь би тухайн манай ээжийг тийм болгосон эмэгтэйтэй уулзахаар дэлгүүр лүү орсон. Ороод нэг эмэгтэй дэлдүүрийн булан хэсэгт зогсож байхаар нь тухайн эмэгтэйд хандан явж очоод чи яагаад хөгшин настай хүнийг зоддог юм гэж хэлээд үхайн эмэгтэйн үснээс гараараа татаж байгаад тухайн эмэгтэйн баруун талын нүдний ойролцоо хэсэгт 1 удаа гараараа алгадсан чинь дэлүүр ажиллуулдаг хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Ингээд дахин хэрүүл маргаан болоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Д.Т, Х.Т нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн бүртгэл, хайлтын системийн мэдээлэл /хх-ийн 55-96/,

Шүүгдэгч Х.Тын гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч 281.540 төгрөгийн хохирлыг барагдуулсан болно. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 103/,

Шүүгдэгч Д.Тын “...гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч 281.540 төгрөгийн хохирлыг барагдуулсан болно. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт/хх-ийн 104/,

Хохирогч Б.Агийн “Т, Т нарт гомдол байхгүй. Миний хохирлын эм тарианы мөнгө 281.540 төгрөгийг бүрэн гүйцэт өгч хохирлыг барагдуулсан.

 

Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 105/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Т, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Т, Х.Т нарын хохирогч Б.Агийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл бүлэглэн учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан тус бүрт нь торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Дын Т, Е овогт Хын Т нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тыг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Тийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийсэн бол ажлын найман цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, Х.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ