| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00825/и |
| Дугаар | 00886 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00886
| 2017 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2017/00887 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны дарга ажилтай, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, ФМ57041674 дугаар регистртэй, Арамгууд овогт Жаргалын Оюунбилэгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/00825/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Ж.Оюунбилэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Худалдааны техникумыг 1978 оны 6 дугаар сард эдийн засагч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдөр эдийн засагчаар томилогдон ажиллаж эхэлсэн. Би нэг жил шахуу хугацаанд буюу 1979 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Тухайн үед ажлаас халагдсан тушаалаа аваагүй байсан, мөн хөдөлмөрийн дэвтэр огт аваагүй. Би ажлаас халсан тушаалаа авах гэтэл Рэнчинлхүмбэ сумын архивын контор шатсан учир олдоогүй. Тухайн үед надтай хамт ихэвчлэн ахмад настай хүмүүс ажиллаж байсан бөгөөд нас барсан байна. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарыг дуустал эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Оюунбилэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Оюунбилэг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд эдийн засагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “...1. 1978 онд Улаанбаатар хот, Завхан аймгийн Худалдааны техникум, ТМС-ийн төгсөгчдийг энэ тушаалын хавсралт /№1, №2/-оор дээрх мэргэжлийн дагуу Худалдаа бэлтгэлийн анги, трестэд томилсугай...” гэх бичилттэй “Сургууль төгсөгчдийг хуваарилах тухай” 53 дугаартай тушаалын архивын хуулбар, тус тушаалын “овог нэр: Жаргалын Оюунбилэг, хуваарилсан ХБ-ийн анги, трест: Рэнчинлхүмбэ, ямар албан тушаал: эдийн засагчаар...” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын архивын хуулбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дарга Л.Доржийн 1978 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “…тус ангид эдийн засагч, тоо бүртгэгчээр Жаргал овогтой Оюунбилэгийг 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ХБУ Газрын даргын томилолтыг үндэслэн ажиллуулж…” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” 10 дугаартай тушаал,
Гэрч Л.Дэмбэрэлийн “Ж.Оюунбилэг нь 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдсаныг сайн мэдэж байна. Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Зоо мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр 1963 оноос 1983 оныг дуустал ажиллаж байсан болохоор энэ хүнийг Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсныг сайн мэдэж байна. Ж.Оюунбилэг тасрахгүй ажиллаж байсан...Худалдаа бэлтгэлийн ангийн дарга нь Л.Дорж гэж хүн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Баттөмөрийн “…Ж.Оюунбилэг нь намайг Рэнчинлхүмбэ суманд багшилж байх үед Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оноос 1979 оныг хүртэл нэг жил гаруй хугацаанд ажиллаад цэргийн албанд татагдсан...Тухайн үеийн Худалдаа бэлтгэлийн ангийн дарга нь Дорж гэж хүн байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Ж.Оюунбилэгийг ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, тэрээр 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанд татагдсан, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын контор шатсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт байхгүй тул Ж.Оюунбилэгт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/452 тоот тодорхойлолт, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Жаргалын Оюунбилэг Батлан хамгаалах яамны сайдын 1979.06-11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Ардын цэргийн 016 дугаар ангид байлдагчаар 1979.06.20-ны өдрөөс...1989.06.01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан” гэх бичилттэй лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багт байрлах Засаг даргын тамгын газрын байранд 2007 оны 2 дугаар сард гал гарч 33.345.226 төгрөгийн хохирол учирч шатсан болохыг тодорхойлж, архивын лавлагаа олгов” гэх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Арамгууд овогт Жаргалын Оюунбилэгийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА