Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

 

 

    2022        02         23                                2022/ШЦТ/270      

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Л.Галав,

нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

шүүгдэгч Г.Гэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 2106 04108 0260 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Гэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа-Амгалан хотхоны 75/2 дугаар байрны 39 тоотод хамтран амьдрагч О.Сотой хүүхэд өгч явуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлээр хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 04108 0260 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.Ган- Эрдэнэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Сын мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ амарч байсан юм. Орой 22 цагийн орчимд хүүхдээ унтуулчхаад эгч Содгэрэлтэй хамт 0.5 литрийн экспорт архи хувааж уугаад сууж байтал нөхөр Гэ согтуу ирж байна гэхээр нь гарч тосож авах гэсэн чинь хүргэн ах Түвшинтөгс би гараад тосоод ирье гээд гараад хамт орж ирсэн. Ирэхдээ манай нөхөр Гэ гаднаас 1 шил 0.5 литрийн экспорт нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд орж ирсэн цагаасаа хүн хүнтэй хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байтал хүүхдээ авч явна гээд унтаж байхад нь тэврээд авч явах гэхээр нь явуулахгүй гэсэн чинь гараараа миний нүүр хэсэгт хоёр удаа, элэг хэсэгт гараараа нэг удаа цохин, нүүр хэсэгт хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэгээд манай дүү Хоролсүрэн цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч О.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Гэ нь эхнэр О.Сынхоо хажууд өөр хүүхэнтэй утсаар яриад байсан юм. Тэгээд манай эгч Г.Гийг чи одоо яв гэсэн чинь би хүүхдээ авч явна гээд дайраад эхэлсэн юм. Манай эгч Содгэрэл, манай ээж Наранцэцэг бид хэд хүүхдийг өгч явуулахгүй гэж зууралдан ноцолдоод манай эгчийг нөхөр Гэ нь гэр дотор оруулж түлхэж унагаад цээж хэсэгт нь гараараа 3-4 удаа цохисон. Шал руу олон удаа жийж унагаасан. Тэгээд хүүхдээ авч гарах гээд орцон дотор булаацалдсан юм. Яг тэр үеэр манай эгч О.Сыг хамар хэсэгт нь өшиглөсөн бас дээрээс нь дэвссэн. Толгой хэсэгт нь бас цохисон гэх мэдүүлгээс/хх-ийн 11-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаартай:

“О.Сын биед хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 35-36/,

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найзуудтайгаа уулзахаар болж 11 цагийн орчимд гэрээсээ гарч 5 найзын хамт 0.75 литрийн 1 архи хувааж уусан. Пиво 3 шилийг уугаад найз Цээгий намайг гэрийн гадна хүргэж өгөөд явсан. Тэгээд гэртээ ороод тухайн үед би нэлээд согтуу байсан бөгөөд эхнэр Сотой маргалдаж хүү Болорыг авч аав Ганбатын Баянгол дүүрэгт байх гэр лүү авч явах гэсэн боловч явуулахгүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаж эхнэр Со намайг алгадсан. Хэдэн удаа алгадсаныг нь санахгүй байна. Тэгээд би Сын нүүр орчимд гараараа түлхэж байснаа санаж байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан тул эхнэр Сын нүүр орчим гараараа цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Сотой юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Со надад хандаж “чи хамар ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тухайн үед Сын хамар нь хавдаж, хоёр нүд нь хөхөрсөн байсан. Би урьд өмнө эхнэр Сыг зодож цохьсон зүй байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

 

-хохирогч О.Сын “Г.Гэд ямар ч гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй учир хялбар хурдан шийдүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-57,

 

-шүүгдэгч Г.Гийн “2021 оны 11 сарын 15-нд эхнэр Сотой маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-58/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Гэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хохирогч О.Со, шүүгдэгч Г.Гэ нар нь 2016 оноос хойш хамтдаа амьдарч байгаа, гэр бүлийн баталгаагүй, дундаасаа 4 настай 1 хүүхэдтэй, гэр бүлийн харилцаатай байна.

 

Шүүгдэгч Г.Гэ нь эхнэр болох хохирогч О.Сотой хүүхдээ авч явна гэсэн асуудлаас болж маргалдан, хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, түүний нүүр рүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтолж, бие махбодод нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан байх тул Г.Ган- Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Гийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр О.Сын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч О.Со нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Гэ нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Гын Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган- Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ