Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/643

 

    2022        05        02                                  2022/ШЦТ/643

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн М.Хд холбогдох эрүүгийн 2106 03477 0540 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, Гэрэл плас медиа групп ХХК-нд зураглаач ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Баянгол дүүрэг 00 дугаар хороо 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.Х

Холбогдсон хэргийн талаар:

М.Х нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт фейсбүүк скай мей гэх нэртэй хаягаас павжи нэртэй тоглоомын хэрэглүүр худалдах талаар хуурамч зарыг нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу хохирогч М.Л чатаар харилцан цахим хэрэгсэл ашиглаж, тухайн тоглоомын хэрэглүүрийг хэрэглэх боломжтой мэтээр итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн нэрээр хаан банканд эзэмшдэг 5300078378 дугаартай дансаар 27.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт фейсбүүкт скай мей /skye mei/ гэх нэртэй хаягаас цамц худалдах талаар хуурамч зарыг нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу хохирогч О.Д чатаар харилцан цахим хэрэгсэл ашиглаж, тухайн цамцыг худалдах боломжтой мэтээр итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн нэрээр Хаан банканд эзэмшдэг 5300078378 дугаартай дансаар 60.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хавдар судлалын автобусны буудлын орчим, хохирогч Б.Б хуурч, фейсбүүк цахим орчинд Пабжи тоглоомын Юү Си /UС/ зарна гэсэн хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5300078378 дугаартай дансанд 60,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт фейсбүүкт Скай Мей гэх нэртэй хаягаас Пабжи нэртэй тоглоомын хэрэглүүр худалдах талаар хуурамч зарыг нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу хохирогч Н.А цахим хэрэгсэл ашиглаж, тухайн тоглоомын хэрэглүүрийг худалдах боломжтой мэтээр итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн нэрээр Хаан банканд эзэмшдэг 5300078378 дугаартай дансаар 20.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 167.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч М.Хгийн “Би 2020 оны 11 дүгээр сараас эхлэн онлайнаар фейсбүүк нээж pubj тоглоомын UC /тоглоомын цахим мөнгө/ зарахаар болоод skye mei гэх нэртэй фейсбүүк нээгээд тухайн хаягийн дэлгэцийн зургийг нь фейсбүүк харж байгаад танихгүй эмэгтэй хүүхдийг зургийг нь авсан. Тэгээд би өөрийн Хаан банкны 5300078378 дугаарын дансыг байршуулан UC зарж эхэлсэн. Би сүүлдээ буюу 2020 оны 11 дүгээр сарын дунд үеэс эхлээд би pubg тоглоомын UC-с гадна мобайл лежинт тоглоомын даймонд мөнгө зарж эхэлсэн. Тэгээд би 2021 оны 04 дүгээр сар хүртэл тухайн UC болон даймонд зарж байгаад больсон. Би фейсбүүкээр UC  зарна гэсэн зар явж байсан би тухайн зарыг хараад мөнгө олж болдог юм шиг байна гэж бодоод тухайн хүмүүсээс чатаар асууж тодруулаад ямар сайтаар авдаг талаар асууж байгаад өөрөө зарж эхэлсэн. Миний ашиглаж байсан сайт нь гацалт ихсээд зарим тохиолдолд хандалт өгч орохоо больсон учраас би зарахаа больсон. Надад ашиг бол байхгүй би ашиг харж байгаагүй. See gm гэх нэртэй сайтаар авдаг байсан. Хүмүүс нь надад ороогүй байна гэж хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-131 дүгээр тал/,

Хохирогч О.Д-ын “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хугацаандаа фейсбүүк дээрээс skye mei гэх хаягаас бэлэн хувцас зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдсон. Тэгээд би нэг ширхэг цамцыг онлайн захиалгаар авахаар болж тухайн цамцны үнэ болох 60.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжийн банкны 452540745 данснаас хаан банкны 5090531154 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн захиалсан цамцаа 2-3 хоногийн дотор авах төлөвлөгөөтэй захиалсан боловч цамцаа одоо болтол аваагүй байгаа ... би цамц захиалахаар тухайн хаягаас оруулсан постын дагуу холбогдож байсан ... тухайн хүний өгсөн Хаан банкны 5300078378 дугаарын данс руу цамц захиалга 99371934 гэсэн гүйлгээний утга бичиж мөнгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

Хохирогч М.Л-ын “2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн pubj тоглоомын аккаунтдаа UC авах гээд фейсбүүкт skye mei гэх хаягаас UC зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдсон. Тэгээд би 660 UC авахаар болж тухайн UC-ний үнэ болох 27.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5602046286 дугаарын данснаас тухайн хүний өгсөн 5300078378 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн фейсбүүк хаяг нь миний UC-г өгөлгүй намайг фейсбүүкээсээ блок хийсэн. UC гэдэг нь pubj тоглоомын аккаунт дээр даалгавар биелүүлэх эсхүл хайрцаг унагаж дотроос тоглоомын хувцас, буу зэрэг зүйлсийг авдаг байгаа. Тухайн хаягийг санаж байна, эмэгтэй хүний зурагтай хаяг байсан. Би уг хаягаар UC зарна гэсэн зар байхаар нь харилцаад pubg тоглоомын аккаунтдаа UC авах гэж харилцаж байсан ... би өөрийн Хаан банкны 5602046286 дугаарын данснаас тухайн хүний өгсөн Хаан банкны 5300078378 дугаарын данс руу luvsaa 660 UC гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Хохирогч Н.А-ын “2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр хоолны газарт сууж байхад манай дүү Мөнхтулга нь та нэг данс руу 20.000 төгрөг шилжүүлээд өгөөч би pubj тоглоомын аккаунтдаа UC авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд надад Хаан банкны 5300078378 дугаарын данс өгсөн. Тэгээд би өөрийн Хаан банкны 5064041855 дугаарын данснаас 20.000 төгрөг шилжүүлээд утган дээр нь tulgaa tulgaa гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд маргааш манай дүү залгаад та мөнгөө хийсэн юм уу UC авч чадсангүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дугаар тал/,

Хохирогч Б.Б-ийн “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр харих гээд явж байхдаа Хавдар судлалын автобусны буудал орчимд явж байхдаа өөрийн утсан дээр тоглогдог pubj тоглоомын аккаунтдаа UC авах гээд фейсбүүк дээрээс  хаягаас UC зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдсон юм. Тэгээд би 1800 UC авахаар болж тухайн UC үнэ болох 60.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5090531154 дугаарын Хаан банкны данснаас тухайн хүний өгсөн 5300078378 дугаарын данс руу шилжүүлсэн. UC нь уул нь мөнгө шилжүүлснээс хойш 2-3 минутын дараа ордог. Гэтэл орохгүй байхаар фейсбүүк чат руу нь бичих гэхэд намайг фейсбүүкээсээ блок хийсэн. Миний авах гэж байсан UC-г өгөөгүй. Би тухайн хаягийг санаж байна. Эмэгтэй хүний зурагтай хаяг байсан. Би хаягаар UC зарна гэсэн зар байхаар нь харилцаад pubj тоглоомын аккаунтдаа UC авах гэж харилцаж байсан. Би данс руу bulge bavuudorj гэсэн фейсбүүк хаягийн нэрээ бичиж мөнгөө шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

Яллагдагч М.Хгийн эзэмшлийн  Хаан банкны 53000078378 дугаартай дансны дэлгэрэнгүй  хуулга /хавтаст хэргийн 99-100 дугаар тал/,

Хохирогч Б.Маралын фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 102-114 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

М.Хгийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шатанд хохирлоо төлж, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан, шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар хүсэлтийг хянан хэлэлцээд улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон тул түүний хүсэлтийг хангаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болсон. 

Шүүгдэгч М.Х нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд Skye mei гэх нэртэй фейсбүүк хаягт зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, PubG тоглоомын цахим мөнгө буюу UC худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогч О.Нямдаваагаас 60.000 төгрөг, М.Лувсанбатаас 27.000 төгрөг, Н.Амарбаяраас 20.000 төгрөг, Б.Билэгдэмбэрэлээс 60.000 төгрөгийг тус тус өөрийн дансанд шилжүүлэн авч цахим мөнгөө шилжүүлэхгүйгээр хохирогч нарын фейсбүүк хаягийг блок хийж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Лувсанбат, О.Давааням, Б.Билэгдэмбэрэл, Н.Амарбаяр нарын мэдүүлэг, нэр бүхий хохирогч нараас М.Хгийн эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт зэргээр хангалттай нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар М.Х нь цар тахал, хөл хорионы улмаас гэртээ байх үедээ 4 сарын хугацаанд өөрийн мэдлэгийн хүрээнд “See gm” нэртэй тоглоомын сайт руу холбогдон, олон улсын виза картаа ашиглан PubG тоглоомын цахим мөнгө буюу UC авч, “Skye mei” нэртэй фейсбүүк хаягтаа зар байршуулан, UC цахим мөнгийг бусдад худалддаг байсан, дансны хуулганаас үзэхэд байнгын шинжтэйгээр үргэлжилсэн байх бөгөөд эндээс 4 хүний нийт 167.000 төгрөгийг харилцах дансандаа хүлээн авч олон улсын данс руугаа шилжүүлсэн боловч хохирогч нарын худалдан авахыг хүссэн UC-г шилжүүлэн өгөөгүй, сайт гацаж UC авах боломжгүйг мэдсээр байж дээрх хохирогч нараас мөнгө шилжүүлэн авсан, улмаар фейсбүүк хаягийг блок хийж өгөхгүй байх зорилгоо хэрэгжүүлсэн гэх үйл баримт тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар ойлгосон болохоо илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул М.Хг Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Хавтаст хэргийн 34-36, 43, 54 дүгээр талд авагдсан хохирогч М.Лувсанбат, О.Давааням, Б.Билэгдэмбэрэл, Н.Амарбаяр нарт хохирол төлсөн баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч М.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

М.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээний хохирол учруулсан, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн” /онцгой нөхцөл байдал/-г тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс М.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Хд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. М.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. М.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ