Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/0287/Э |
Дугаар | 2022/ШЦТ/636 |
Огноо | 2022-04-29 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Ю.Батсүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/636
2022 04 29 2022/ШЦТ/636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Ю.Батсүх /томилолт/,
хохирогч Г.О,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2106 00000 2060 дугаартай 1 хавтас бүхий хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Консул 14 дүгээр гудамжны 359 тоотод оршин суух хаягтай,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 000 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн ба торгох ялаас 1 050 000 төгрөг төлж, биелэгдээгүй үлдсэн 10 950 000 төгрөгийн торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөн хэлтрүүлсэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрхийн товчооны зүүн талд Туул голын эрэг дээр хохирогч Г.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хөлөөрөө өшиглөх, дээрээс дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бөөрний дээд урд гадаргуу болон үүдэвч доод хэсэгт урагдал, хальсан доорх цус хуралт, зүүн 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Огаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны өдөр голын эрэг дээр явж байгаад Амарбаттай танилцсан. Хамт явсан эмэгтэйтэйгээ хардсан юм уу яасан юм мэдэхгүй гэнэт босож ирээд намайг өшиглөсөн. Би явж байгаад гэнэт унасан, босож чадахгүй байсан. Намайг гол дээр явж байсан хэдэн залуучууд олж эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт үзлэг хийлгэхэд миний зүүн бөөр няцарсан, цээжний зураг авхуулахад миний 7, 8, 9 дүгээр хавирга хугарсан байсан. Би Амарбатыг судлахад эхнэрээсээ салсан, хоёр хүүхдээ хардаг юм байна лээ. Залуу хүн дахиж битгий алдаа гаргаасай. ******* нь өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байгаа нь харагдсан Би одоо ажил хийхээр миний нуруу өвдөөд байгаа. Би дахиж эмчилгээний зардал гэж мөнгө нэхэхгүй, хэрэг шийдэгдсэний дараа шүүхэд давах нэхэмжлэл гаргахгүй, чиний амьдралыг ойлгож байгаа гэж Амарбатад хэлсэн. Одоо барилгын ажил хийхэд 1 юм уу 2 өдөр хийгээд хүнд юм өргөхөөр хөл өвддөг. Бусдаар бол ойр зуурын хөнгөн ажил хийхээр гайгүй” гэх мэдүүлэг,
Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дээр зодуулсан хүн байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Хохирогч Г.Огийн “2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Туул голын эрэг дээр явж байгаад Амарбат гэх залуутай танилцаад 3 хоног Туул голын эрэг дээр хамт архи уусан. Тэгтэл Амарбат гэх залуу нэг бүсгүйтэй хардаад үгийн зөрүүгүй 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед намайг цохиж өшиглөсөн. Би арай хийж зугтаад газарт хэвтэж байхад нэг залуу ирээд 103 руу залгаад намайг гэмтлийн эмнэлэг дээр авчирсан. Амарбатын 3 жаахан хүүхэд, Цэцгээ гэдэг 1 эмэгтэй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний бөөр маш их өвдөж байна. Бүх бие хөндүүр байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дугаар тал/,
Хохирогч Г.Огийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “Тус дүгнэлтэд бичигдсэн зүүн бөөрний дээд урд гадаргуу болон үүдэвч доод хэсэгт урагдал, хальсан доорх цус хуралт гэмтлийг Амарбат гэдэг залуу намайг хэвтэж байхад бөөрөнд өшиглөж дээрээс дэвсэж учруулсан. Намайг Амарбатаас цохиж зодсон хүн байхгүй. 3үүн 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь дээрээс дэвсэхэд учирсан. Амарбат, Цэцгээ бид 3 гурвуулаа халамцуу байсан. Амарбат намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Би бодохдоо намайг Цэцгээтэй хардаад зодчихлоо гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,
Гэрч М.Бигулийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Амарбат энэ үед Очиржанцан гэх хүнийг би хүүхдүүдээ амраамаар байна, та одоо яваач гэхэд би явахгүй, та нартай хамт байна гэж орилоод Амарбат руу дайраад байсан. Тэгээд би бага зэрэг пиво уучихсан, мөн цаг орой болсон байсан болохоор унтаад өгсөн. Өглөө цагдаа нар ирж Амарбатыг хүн зодсон гэх мэт зүйл яриад байсан. Намайг унтсан байхад тэр 2 зодолдсон байж магадгүй гэж би бодож байна. Намайг унтах үед Амарбат, Очиржанцан нар хоёулаа нэлээд согтсон харагдаж байсан. Очиржанцан гэх хүн анх бид нар дээр ирж архи гуйхдаа салгалаад чичрээд л байсан. Түүний биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Миний Монгол нэрийг Цэцэгээ гэдэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 734 дугаартай “Г.Огийн биед зүүн бөөрний дээд урд гадаргуу болон үүдэвч доод хэсэгт урагдал, хальсан доорх цус хуралт, зүүн 7, 8, 9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 15-18 дугаар тал/,
Сэжигтэн *******ын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өөрийгөө Очиржанцан гэж танилцуулсан. Тэгээд надад хандан ах нь шартаж үхлээ, амь авраач архи байна уу гэхээр нь ууж байсан пивоо өгтөл ах нь пиво уудаггүй юмаа гэхээр нь би хамт дэлгүүр явж 2 шил 0.75 литрийн Хараа архи авчирсан. Би 1 шил архийг нь хувааж уучхаад, 1 шил архийг нь өгөөд, гадаа харанхуй болж, цаг орой болсон байсан тул та одоо яваа, бид нар бага насны хүүхдүүдтэй явж байгаа, амрах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл уг ах чи яахаараа намайг хөөдөг юм гэж орилж хашхираад амраахгүй байсан. Би 2 ч удаа хөөсний дараа тэр ах намайг цохиод авах шиг болохоор нь би түлхээд 1 удаа өшиглөж байснаа санаж байна. Би өдөржин архи, пиво уучихсан байсан болохоор ухаан балартаж тасарчихсан байсан. Очиржанцанг 1 удаа өшиглөснөөс хойш юу болсон талаар санахгүй байна. Анх ирж архи гуйхдаа чичрээд байснаас өөрөөр ил харагдаж шарх гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
Яллагдагч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа ... унтаж амрах гэсэн боловч Очиржанцан гэх ах биднийг амраахгүй ахиад хамт ууя, чи яахаараа унтдаг юм гээд байсан. Тэгэхээр нь би удаа дараа та одоо яв аа гэхэд чи намайг хөөдөг хэн бэ гээд над руу дайраад байхаар нь миний уур хүрч уг ахын цээж рүү 1 удаа түлхээд араас нь өшиглөтөл тэр ах унаад өгсөн. Тэгэхээр нь би түүний гэдэс хавирга орчим нь 2 удаа цохичхоод машиндаа амрахаар орсон. Тэр ах босож ирээд өөрөө алхаад яваад өгсөн. Намайг хэл амаар доромжилсон болохоос огт биед халдаж цохиж зодоогүй. Би Очиржанцан ахыг цохичхоод машиндаа суухдаа эргэж харахад ямар нэг зовуурилсан зүйлгүйгээр цаашаа алхаад явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Цагдаагийн ерөнхий газрын ASP сангийн лавлагаа /хавтаст хэргийн 44-53 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр тал/, Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дугаар тал/, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 89-93, 94-98 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Н.Ганбатаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн *******ын гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагааг шинжлэн судалж, өөр тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрхийн товчооны зүүн талд Туул голын эрэг дээр хохирогч Г.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түлхэн унагаж, хөлөөрөө гэдэс хэвлийн тус газарт өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бөөрний дээд урд гадаргуу болон үүдэвч доод хэсэгт урагдал, хальсан доорх цус хуралт, зүүн 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.О, гэрч М.Бигуль, яллагдагч ******* нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн гэмтэл, хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Г.О, шүүгдэгч ******* нар гэмт хэрэг гардаг өдөр голын эрэг дээр танилцсан, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ******* нь Г.Ог хөөгөөд байхад явсангүй гэснээс буюу үл ялих зүйлээс болж маргалдсан, улмаар ******* нь Г.Ог түлхэн унагаж, унасан байхад гэдэс хэвлийн тус газарт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж дэвссэн, энэ үйлдлийн улмаас Г.Огийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогджээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******ын хохирогч Г.О руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хүнд хохирол тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд олон нийтийн газарт архидан согтуурсан байдал, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн бол шүүгдэгч ******* нь баримтгүйгээр 80.000 төгрөг төлсөн, цаашид хохирол нэхэмжилбэл төлөхөө илэрхийлсэн байна. Иймд *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэдийгээр хохирогч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хүнд хохирлын хор уршиг арилаагүй нөхцөл байдлыг мэдүүлэг, тайлбартаа дурдсан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардал цаашид гарсан тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал дүгнэлт тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй.
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг авч үзвэл урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, тэр дундаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт торгох ял шийтгүүлсэн атлаа энэ төрлийн гэмт хэргийг 1 жил 2 сарын дараа дахин үйлдсэн, шүүхээс урьд торгох ял оногдуулсан байхад дүгнэлт хийгээгүй, байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүлжүүлэгдэж байсан, уг гэмт хэргүүдийг согтуугаар үйлдсэн гэх хувийн байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялыг сонгон хэрэглэх нь тохиромжгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.
Мөн хувийн байдлын хувьд эхнэрээсээ салсан, 8-10 насны 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг эцэг гэсэн нь баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй, хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан оршин суух хорооны засан даргын тодорхойлолтод ам бүл 4 гэж тусгасан байгаагаар үгүйсгэгдэж байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.
Шүүхээс *******ын гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Г.Огийн гомдол, санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, уучилж эвлэрсэн гэх хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харгалзан *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар *******ад шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ