Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 500

 

2017 оны 09 сарын 01 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00500

                           Хэнтий аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

157/2017/00305/И

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8-23 тоотод оршин суух, иргэн Арт овогт Дарьсүрэнгийн Наранбаатар /РД:СИ80032311/-т холбогдох

“Дутагдуулсан малын төлбөрт 42 210 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Галшар сумын Сангийн далай багийн малчин Дарьсүрэнгийн Наранбаатар нь 2012 оноос эхлэн ХХААГ-т малчнаар тасралтгүй 4 жил ажилласан. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор хариуцаж байсан мал сүрэг бүрэн тоологдсон бөгөөд 2016 оны хагас жилийн малын тооллогоор тус сууриас эр хонь 94 толгой, эм хонь 177 толгой, эр төлөг 82 толгой, эр хурга 48 толгой, охин хурга 52 толгой, нийт 453 толгой хонь, эр ямаа 21 толгой, эр борлон 21 толгой, охин борлон 9, нийт 51 толгой ямаа тус тус дутааж байгууллагад нийт 504 толгой бог мал буюу 42 210 000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд зохих хуулийн хүрээнд иргэн Д.Наранбаатараас дээрх 42 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 

Хариуцагч Д.Наранбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2012 оноос хойш ХХААГ-т малчнаар тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд байгууллагаас миний хариуцаж байсан малыг нэг бүрчлэн тоолж байгаагүй. Би удаа дараа хүсэлт тавьсан боловч анхаарч үзээгүй. Мөн малын өвс тэжээл өгөх талаар анхаарал тавиагүй, жилд 50 боодол өвс, 2 боодол хивэгнээс өөр тэжээл олгож байгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 13-наас хойш түрээсээр мал хариул гэхээр нь би зөвшөөрөөгүй. Үүнээс хойш би малыг хариуцаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие мал сүргээ хариуцах эзэнтэй болгох талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Мал сүрэг нь хариуцах эзэнгүй болж өчнөөн мал дутагдсан. Би хорогдсон малын талаар малын эмч Д.Сүхбаатараас тодорхойлолтыг иргэний хэрэгт хавсаргаж байна. Намайг малчнаар ажиллаж байх үед 170 000 төгрөгийн цалин өгч, өөр шагнал урамшуулал өгч байгаагүй. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бригадын өдөрлөг газрын дарга ирэхэд нөхцөл байдлыг танилцуулж байсан боловч 7 хоногийн дараа тусламж үзүүлнэ гээд сураггүй болсон. Газраас мал заазалдаг байсан боловч том нас гүйцсэн хонь, ямаа авч байсан явдал нь мал хорогдоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Хариуцсан малаас хонь 114, ямаа 59, нийт 173 толгой мал хорогдсоныг малын эмч баталж байгаа гэжээ. /хх-ийн 35-36х/ 

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар нь хариуцагч Д.Наранбаатарт холбогдуулан дутагдуулсан 504 тооны бог малын төлбөрт 42 210 000 /дөчин хоёр сая хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан, хариуцагч Д.Наранбаатар, нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцсэн бөгөөд тэдний шүүхэд ирүүлсэн 2017.07.16-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан нь 42 210 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 10 210 000 /арван сая хоёр зуун арван мянга/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Наранбаатараас 32 000 000 /гучин хоёр сая/ төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Д.Наранбаатар нь 32 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор 16 000 000 /арван зургаан сая/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор 16 000 000 /арван зургаан сая/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо.

Жич: хэрэв хариуцагч Д. Наранбаатар нь Хүнс, Хөдөө аж ахуйн газраас нэхэмжилж буй 32 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор өөрөөр хэлбэл 3 сарын дотор төлж барагдуулсан тохиолдолд төлбөрийг 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр бууруулан 30 000 000 /гучин сая/ төгрөгөөр тооцож төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно гэжээ.

 

            Ийнхүү зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нь багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөх төлбөрийн хэмжээ, цаг хугацаа зэргээ харилцан тохиролцож эвлэрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                       

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Наранбаатарт холбогдох “түүнээс дутагдуулсан 504 толгой бог малын төлбөрт               42 210 000 /дөчин хоёр сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид нь 32 000 000 /гучин хоёр сая/ төгрөгийн хэмжээнд /жич: төлбөрийг хариуцагч 2017.10.17-ны дотор төлсөн тохиолдолд     30 000 000 /гучин сая/ төгрөг байхаар/ эвлэрсэн зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Д.Наранбаатар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР