Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0247/Э |
Дугаар | 2022/ШЦТ/272 |
Огноо | 2022-02-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/272
2022 02 23 2022/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
хохирогч Э.Г,
шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Мгийн Уийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0011 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.У нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 09 дүгээр гудамжны 201 тоотод хохирогч Э.Гтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгой хэсэгт нь шилэн стакан шидэж духанд шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0011 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч М.У нь иргэн Э.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Э.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цагийн орчимд найз Уийн гэрт эхнэр Дөлгөөн, хүүхдийн хамт очиж би найз Мөнхзулын хамт 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Харин У манай эхнэр Дөлгөөн нар 3 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд бид нар хөзөр тоглоод сууж байгаад манай эхнэр Дөлгөөн, Мөнхзул нар маргалдсан ба У эгч Мөнхзулыг өмөөрч манай эхнэр Дөлгөөнийг зодно гээд байсан тул би боль гэж хэлсэн. Тэгээд би Утэй эхнэр Дөлгөөнийг өмөөрч маргалдаж байгаад би Уийг “чи пизда минь больчих оо” гэж хэлэхэд “чи чимээгүй бай” гээд ширээн дээр байсан пивоны шилэн стаканыг аваад миний толгой руу шидэхэд миний духны дээд хэсэгт хагарч түргэн тусламжийн 103 төвд хандаж улмаар би эхнэр Дөлгөөний хамт хувийн автомашинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиж толгойдоо 26 оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 09/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11884 дугаартай:
“Э.Гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,
Шүүгдэгч М.Уийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байх үед найз Г эхнэртэйгээ манай хашаанд байрлах эгчийн гэрт ирсэн ба бид хэд хөзөр тоглосон. Г ирэхдээ 1 шил архи, 2 том пиво авч ирсэн. Бид хэд тухайн архи, пивыг ууж байгаад 22 цагийн орчимд ахиж 1 шил архи, 1 ширхэг том пиво нэмж аваад уусан. Бид хэд ууж байх үед Гийн эхнэр нь манай эгчтэй маргалдаад байхаар нь би Гийн эхнэрийг наашаа бол хоёулаа юм яръя гэж хэлэхэд Г чи манай эхнэрийг зодох гээд байгаа юм уу пизда минь гээд над руу уурлаад дайраад байхаар нь би аягалсан байсан пивотой аягаа толгой хэсэг рүү нь шидэхэд Г толгойноос цус гараад бид хэд түргэн дуудсан. ...Гийн дансаар 600.000 төгрөгийг цувуулж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/,
- Med trauma hospital-н дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 17/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн хавтаст хэргээс шүүгдэгч М.Уийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 24/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 25/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 26/ хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 27/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Уийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч М.Уийн иргэн Э.Гийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт 2022.02.22-ны өдрийн Сорбус эмнэлгийн тодорхойлолт, тус эмнэлэгт үзүүлсний төлбөрт 40.000 төгрөгийн баримт, гэмтлийг харуулах фото зураг, Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
Хохирогч Э.Г нь сорви арилгах эмчилгээний зардалд 2.360.000 төгрөгийг, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 2.640.000 төгрөгийг, нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Хохирогч Э.Г нь вакум цонхны завсрын ажил гүйцэтгэж, тодорхой хэмжээний орлогыг тогтмол олдог болох нь түүний гаргаж өгсөн банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Гэвч түүнийг энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн улмаас хэзээнээс хэзээний хооронд ямар хугацаагаар эмчилгээ, арчилгаа хийлгэж өөрийн ажил хөдөлмөрийг эрхлээгүй болохыг нотлох үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд ирүүлээгүй.
Ийм учраас хохирогчийн олох ёстой байсан орлогод нэхэмжилсэн 2.640.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэх нөхцөл боломж бүрдэхгүй байна.
Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас нүүрний хэсэгт гэмтэл авсан. Уг гэмтлийн сорвийг арилгах эмчилгээг хийлгэхэд 2.360.000 төгрөгийн төлбөр төлөхийг уг эмчилгээг хийх эмнэлгээс тодорхойлсныг нэхэмжилж шүүх хуралдаанд оролцсон.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудаар хийгдээгүй буюу ирээдүйд хийгдэхээр тодорхойлогдсон төлбөр тооцоог урьдчилан гаргуулж хохиролд олгох зохицуулалт, эрх зүйн орчин шүүхийн практикт байдаггүй.
Учир нь ирээдүйд хийгдэх төлбөр тооцооны хэмжээ өөрчлөгдөх боломжтой учир энэ талаар урьдчилан дүгнэх нь оролцогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг.
Ийм учир хохирогчийн дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Холбогдох нотлох баримтад өвчтэй байсан хугацааг нотолсон эмнэлгийн магадалгаа, эмнэлэгт эмчлүүлсэн баримтууд, гэмтлийн улмаас ажиллаагүй талаар ажил олгогчийн тодорхойлолт зэрэг тодорхойлолт хамаарна.
Мөн сорви арилгах эмчилгээний төлбөрийг хохирогч өөрөө гаргаж уг эмчилгээг хийлгэсний дараа бий болох төлбөр төлөх баримтууд нь уг нэхэмжлэлийг нотлох баримт болдог.
Хохирогч Э.Гт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч 600.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн болохыг тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч нь шүүх хуралдаанд хохирлын 40.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн нь уг хэрэгт хамааралтай байх учир шүүгдэгчээс гаргуулж, олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч М.Ут ял оногдуулахад хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан тухайн зүйлд заасан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Хэргийн учир шүүдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Мийн Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ут оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уээс 40.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г /ук92012079/-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ