| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00433/И |
| Дугаар | 501 |
| Огноо | 2017-09-01 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 501
| 2017 оны 09 сарын 01 өдөр | Дугаар 156/ШШ2017/00501 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00433/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 2-23а тоотод оршин суух, Зурхайч овогт Гантөмөрийн Анужин /РД:СЭ94052301/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийтийн сум Номгоны 20-01 тоотод оршин суух, Хиагт боржигон овогт Чулуунбаатарын Балжинням /РД:СШ95030911/-д холбогдох
“гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Анужин, хариуцагч Ч.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Анужин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Балжинням бид хоёр анх 2013 онд танилцаж байсан. 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж байсан. 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин Нарансолонго нь төрсөн юм. Бид хоёр 2 дугаар курст ордог жилээ хотод байр түрээслэж амьдардаг байсан. Би жилийн чөлөө аваад Хэнтийд ирсэн. Манай охиныг 5 сартайгаас нь Балжиннямын аав, ээж нь харж өсгөсөн би зуны амралтаар ирэхээрээ охиноо авдаг байсан. Би энэ жил 6 сард сургуулиа төгссөн. Цаашид Балжинням бид хоёр хамт амьдрахгүй, тус тусын амьдралтай болсон учраас охиноо би өөрийн асрамжид авна. Иймд бидний гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ асрамжиндаа авахаар нэхэмжлэл гаргасан байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Г.Анужин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Балжинням бид хоёр анх 2013 онд танилцаж байсан. 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болж байсан. 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин Нарансолонго нь төрсөн юм. Бид хоёр 2 дугаар курст ордог жилээ хотод байр түрээслэж амьдардаг байж байгаад би жилийн чөлөө аваад Хэнтийд ирсэн. Манай охиныг 5 сартайгаас нь Балжиннямын аав, ээж нь харж өсгөсөн би зуны амралтаар ирэхээрээ охиноо авдаг байсан. Би энэ жил 6 сард сургуулиа төгссөн. Цаашид Балжинням бид хоёр хамт амьдрахгүй, тус тусын амьдралтай болсон учраас охиноо би өөрийн асрамжид авна. Балжиннямын суусан хүнийг би мэднэ. Ааш авир муутай хүн байдаг. Тийм учраас миний охинд сайн хандахгүй байх гэж бодож байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ асрамжиндаа авахаар нэхэмжлэл гаргасан байгаа гэв. Бид хоёр 2015 оноос маргааны улмаас тусдаа амьдрах болсон. Балжинням намайг хардаж муудалцсан. Өөрөө ч энэ тэрээр явахаараа охидуудтай холбоотой байдаг байсан. Түүнээс болж маргалдаж тусдаа байх болсон.
Одоо би хотод өөр хүнтэй ханилан сууж хамт амьдарч байгаа. Жирэмсэн болсон. Охиноо өөр дээрээ авна. Хамт амьдарч байгаа хүн маань ч охиноо ав гэж зөвшөөрч байгаа...Балжиннямаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Охин хүүхэд ээж дээрээ л байсан нь зүгээр байх гэв.
Хариуцагч Ч.Балжинням нь шүүхэд гаргасан тайлбартаа: Анужин бид хоёр 2013 оноос үерхэж эхэлсэн. 2 дугаар курсээс түрээсийн байранд хамт амьдарч байсан. Ингээд бид 2014 онд хүүхэдтэй болсон бөгөөд охинтойгоо хамт гурвуулаа амьдардаг байсан. Иймд Г.Анужинтай гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрч, охиноо өөрийнхөө асрамжинд авахыг хүсч байна. Нэхэмжлэгч Г.Анужингаас хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй гэжээ. /хх-ийн 20х/
Хариуцагч Ч.Балжинням нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анужин бид хоёр 2013 оноос үерхэж эхэлсэн. 2 дугаар курсээс түрээсийн байранд хамт амьдарч байсан. Түрээсийн байрны төлбөрийг нь манай аав ээж төлдөг байсан. Ингээд бид 2014 онд хүүхэдтэй болсон бөгөөд охинтойгоо хамт гурвуулаа амьдардаг байсан. Анужин жилийн чөлөө аваад тусдаа амьдрах болсон. Анужин зундаа ирээд охиноо авдаг байсан гэж худлаа. Манай охин ээж дээрээ очихоороо уйлаад байдаг учраас удаан авч явж чаддаггүй. Хэдхэн хоног л авч явдаг байх. Анужингийн аав нь манай охинд их дургүй загнаад байдаг юм. Тэгээд Анужин аав загнаад байна гээд аваад ирдэг. Миний суусан хүний тухайд тийм ааш авир байхгүй. Бид хоёрт ярилцаж тохиролцсон зүйл байгаа. Миний охиныг сайн харж хандаж чадна. 2016 оны 05 дугаар сард сургуулиа төгссөн. Би хүүхэдтэйгээ амьдардаг. Манай охин анхнаасаа манайханд л өссөн манай аав ээж охиныг маань өсгөсөн. Ээж дээрээ очоод хэд хонохоороо эмээгээ санаад байна гээд уйлаад байдаг. Би одоохондоо мэргэжлээрээ ажил хийхгүй байгаа. Гэхдээ хувиараа ямар ч хамаагүй ажил хийж амьдардаг. Оюутан байхдаа ч гэсэн ажил хийж эхнэр охиноо тэжээгээд явдаг байсан. Цаашид охиноо юугаар ч дутаахгүй өсгөөд явж чадна гэв. Би одоо гэр бүлтэй, хүүхэдтэй болсон. Тэр хүн миний охинд муухай хандахгүй. Оюутан байхдаа би дадлагаар сар гаруй хугацаанд явсан. Тэгээд тухайн үед утасгүй байсан учраас Анужингийн утсыг аваад явсан юм. Тэгсэн өглөө нь баахан чат ирсэн байсан. Тэгээд Анужинг өөр хүнтэй харилцаатай юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд тусдаа амьдрах болсон гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Анужин нь хариуцагч Ч.Балжиннямаас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Анужин нь хариуцагч Ч.Балжиннямтай 2014 онд гэр бүл болж, тэдний дундаас 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин Нарансолонго төрсөн болсон болох нь 2301000339 дугаартай Балжиннямын Нарансолонгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, 2301000058 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Анужин, хариуцагч Ч.Балжинням нар нь хоорондын таарамжгүй харьцаа, хардалтын улмаас тус тусдаа амьдрах болсон ба зохигчдын хэн аль нь өөр хүнтэй гэр бүл, үр хүүхэдтэй болж цаашид хамтран амьдрах байдалтай байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хүүхдийн асрамжийн тухайд охин Нарансолонго нь төрсөн цагаасаа эцэг Ч.Балжинням болон түүний аав ээжийн хамтын асрамжинд эрүүл саруул өсч бойжиж байгаа байдал, Ч.Балжиннямын хувьд охиндоо анхаарал халамж сайн хандуулдаг байдлыг орон нутгийн төрийн байгууллагаас тодорхойлсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан охин Нарансолонгийг эцэг Ч.Балжиннямын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Ч.Балжинням нь нэхэмжлэгч Г.Анужингаас хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болно.
Иймд нэхэмжлэгч Г.Анужингийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Зурхайч овогт Гантөмөрийн Анужин /РД:СЭ94052301/, хариуцагч Хиагт Боржигон овогт Чулуунбаатарын Балжинням /РД:СШ95030911/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Балжиннямын Нарансолонго /РД:СЮ14271145/-ийг хариуцагч /эцэг/ Ч.Балжиннямын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Анужингийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн тал хувь болох 35 100 төгрөгийг төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ч.Балжиннямаас 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР