Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/640

 

   2022        05         02                                 2022/ШЦТ/640

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Н.Ганчимэг /томилолт/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2206 00000 0856 дугаартай 1 хавтас бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шар хад 51 дүгээр гудамжны 747-2 тоотод түр оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1624 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ашабагад овогт Цоггэрэлийн Батсолонго /РД:СЮ93032506/.

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тамир зочид буудлын 203 тоот өрөөнд хамт байсан хохирогч Б.Болдхүүгийн эзэмшлийн I Phone 11 pro max загварын гар утас, бугуйн цаг, бэлэн 380.000 төгрөг бүхий түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2.810.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч *******атсолонгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Болдхүүгийн “Тамир нэртэй зочид буудлын 2 давхарт 203 тоотод Батсолонго гэх эмэгтэйн хамт өрөө авч орсон. Тухайн үед би Батсолонготой өрөөнд орсны дараа 1 шил архи хувааж уугаад хэсэг зуур унтчихсан байсан ... сэрэхэд миний хажууд Батсолонго гэх эмэгтэй байхгүй байсан. Би тэр үед эд зүйлсээ шалгаж үзэхэд шар өнгийн I Phone 11 pro max загварын гар утас, хар өнгийн арьсан түрүүвч, Michael kors брендийн бугуйн цаг, түрүүвчин дотор байсан 380.000 төгрөгийг Батсолонго гэх эмэгтэй надад хэлэхгүйгээр авч явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 622/3194 дугаартай “I Phone 11 pro max маркийн гар утас 1 ширхэг 2.000.000 төгрөг, Michael kors брендийн бугуйн цаг 1 ширхэг 350.000 төгрөг, Арьсан түрийвч 80.000 төгрөг, дээрх дурдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ 2.430.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэсэн тайлан /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/,

*******ос эд зүйл хүлээн авч, Б.Болдхүүд хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/,

Яллагдагч *******атсолонгын “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Нэг мэдсэн чинь Болдхүү бид хоёр хоёулхнаа тухайн өрөөнд унтаж байсан ба би босоод Болдхүүгийн гар утас, түрийвч, бугуйн цаг зэргийг аваад гарч явсан  ... Болдхүүгийн түрийвчинд байсан мөнгөөр архи авч уучхаад найз Тулгаагийн гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь Болдхүүгийн утсыг нь зарахаар нь ганцаараа Теди ороод, гадаа зогсож байсан үл таних хүнд гар утсыг 1.000.000 төгрөгөөр зарсан. Харин бугуйн цаг, түрийвч хоёрыг цүнхэндээ авч явж байгаад буцааж өгсөн. Тухайн үед Болдхүү тасарчихсан унтаж байсан болохоор мэдэгдээгүй. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, тухайн үйлдлээ гэмт хэргийн шинжтэй гэж мэдэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Шүүгдэгч *******атсолонгын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн төрсөн  4 настай охин Д.Энхтуяа РД:УП18213001, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн 3 настай охин Д.Энххүслэн РД:СЮ19232505 /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

- Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, ******* нь 5-6 недельтэй жирэмсэн болохыг харуулсан “Тод мэдрэмж” эмнэлгийн дүрс оношилгоо хийсэн магадалгаа 2 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тамир зочид буудлын 203 тоот өрөөнд хамт байсан хохирогч Б.Болдхүүгийн эзэмшлийн I Phone 11 pro max загварын гар утас, бугуйн цаг, бэлэн 380.000 төгрөг бүхий түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2.810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Болдхүү, яллагдагч ******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.Болдхүү, шүүгдэгч ******* нар урьдын танилын харилцаатай ба 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Болдхүү дуудсаны дагуу нь ******* түүний байсан зочид буудалд очсон, хамтдаа архи уусан, хохирогч Б.Болдхүү тасарч унтсан хойгуур  ******* түүний гар утас, бугуйн цаг, түрүүвч зэргийг авч явсан өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогджээ.  

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хулгайлах гэмт хэргийг хувьд бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Шүүгдэгч ******* нь хүний өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдал үйл баримттай тохирсон  байна.

Иймд шүүгдэгч *******атсолонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, нөгөө талаас амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Болдхүүд нийт 2.810.000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд ******* нь бугуйн цаг, түрийвч зэргийг биет байдлаар буцаан өгч, гар утасны үнэ, бэлэн байсан мөнгө зэргийн хохирол болох 2.380.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, 29 настай буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

  Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгч ******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч *******атсолонгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд урьд нэг удаагийн ял шийтгэлтэй ба хулгайлах гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдалд дүгнэлт хийгээгүй, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тул түүнийг дахин тэнсэх нь тохиромжгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.

  Мөн бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эх, одоо жирэмсэн гэх биеийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийх ял оногдуулах боломжгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулах нь зохимжгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор тус тус шийдвэрлэв.

******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашабагад овогт Цоггэрэлийн Батсолонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраасаа явахыг хориглох, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах нөхцөлөөр эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

   6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ