Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 502

 

2017 оны 09 сарын 05 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00502

                           Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00502/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан Т-167 дугаар байр 04 тоотод оршин суух, Тэмүүжин овогт Буджавын Энхцэцэг /РД:СЗ62061609/-ийн нэхэмжлэлтэй

         “хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхцэцэг миний бие 1962 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд Буджавын 2 дахь охин болон мэндэлсэн. 1-10 насыг хүртэл эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байгаад 1973-1981 онд Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуульд орж суралцаад 1981-1983 онд Хэнтий аймгийн ХАА-н ТМС-д ногоочны мэргэжлээр суралцаж төгсөөд Гурванбаян сум Хурхын САА-д ногоочноор ажиллаж эхэлсэн ба 1983-1986 оныг хүртэл ажиллаад, эрүүл мэндийн шалтгаанаар сумын эмнэлэгт шилжин асрагчаар ажиллаж өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 31 жил ажиллаад тэтгэвэрт гарах гэж Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр хариуцсан байцаагч дээр очтол Миний 1983 онд нээлгэсэн №043176 тоот хөдөлмөрийн дэвтэр дээр төрсөн он сар өдөр маань 1964 оны 06 дугаар сарын 22 гэсэн бичилттэй байв. 1995 онд нээж хөтөлсөн №102382 дугаартай дэвтэр дээр СЗ62061609 гэсэн засвартай он сар өдөр бичигдсэн. 2005 онд нээж бичилт хийгдсэн нийгмийн даатгалын  дэвтэр дээр төрсөн он сарыг маань 1962 оны 06 дугаар сарын 16 гэж бичсэн атлаа регистрийн дугаар маань СЗ64022209 гэж зөрүүтэй бичжээ. Иймээс эдгээр 3 дэвтрийн жинхэнэ эзэмшигч 1962 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн СЗ62061609 гэсэн регистрийн дугаартай Буджавын Энхцэцэг миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/

   

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь 1983 онд нээлгэсэн №043176 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 онд нээж хөтөлсөн №102382 дугаартай дэвтэр, 2005 онд нээж бичилт хийгдсэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь 1962 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн СЗ62061609 гэсэн регистрийн дугаартай Тэмүүжин овогт Буджавын Энхцэцэг миний бие мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Тэмүүжин овогт Буджавын Энхцэцэг /РД: СЗ62061609/ нь 1983 оны 06 сарын 25-ны өдөр нээлгэсэн Буджавын Энхцэцэг 1964 06 22-ны өдөр төрсөн гэж төрсөн он сар өдөр нь ташаа бичигдсэн №043176 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн, Буджавын Энхцэцэг гээд регистрийн дугаар нь засвартай бичигдсэн №102382 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн, Буджавын Энхцэцэг гээд регистрийн дугаар нь РДСЗ64062209 гэж буруу бичигдсэн №727364 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн тус тус жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1-2х/, 043176 дугаартай 1983 оны 06 сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хууллбар /хх-ийн 7-8х/, Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 9-10х/, 727364 дугаартай 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 23-24х/, гэрч Л.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 34х/, гэрч Ч.Алтанзоёогийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1983 оны 06 сарын 25-ны өдөр нээлгэсэн Буджавын Энхцэцэг 1964 06 22-ны өдөр төрсөн гэж төрсөн он сар өдөр нь ташаа бичигдсэн №043176 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн, Буджавын Энхцэцэг гээд регистрийн дугаар нь засвартай бичигдсэн №102382 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн, Буджавын Энхцэцэг гээд регистрийн дугаар нь РДСЗ64062209 гэж буруу бичигдсэн №727364 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн тус тус жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Тэмүүжин овогт Буджавын Энхцэцэг /РД:СЭ62061609/ мөн болохыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР