Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0268/Э |
Дугаар | 2022/ШЦТ/273 |
Огноо | 2022-02-23 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/273
2022 02 23 2022/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
улсын яллагч Ө.Мөнхнавч,
шүүгдэгч Ц.А, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Цын А, Б овогт Гийн С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00310 0312 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С, Ц.А нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах иргэн Э.Огийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгээс 156.570 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, мөнгийг дансаар шилжүүллээ гэж хэлж хуурч, бусдад 156.570 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00310 0312 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.А, Г.С нар нь бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Э.Огийн мөрдөн байцаалтад өгсөн:
2021 оны 12 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед түргэн үйлчилгээний цэгт сууж байх үед үл таних хоёр залуу орж ирээд нэг залуу нь 2 тор дүүрэн бараа худалдаж авсан. Манай данс руу 100.000 төгрөг хийсэн. Хамт явж байсан залуу нь бас нэг тор дүүрэн зүйл худалдаж авсан. Төлбөр мөнгөө манай дэлгүүрийн 507337963 гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж хэлээд гүйлгээ амжилттай гэх бичвэрийг харуулсан. Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн дансаа шалгаж үзэхэд өчигдрийн мөнгө ороогүй байсан. Тухайн өдрийн цаг минутаар Хаан банкнаас шүүлгэхэд 5422324769 гэх данс руу нэг төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. Мөн 5688123183 гэх данс руу аз 3200 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Дамно үнэлгээний компанийн хөрөнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн БЗ1-22-73 дугаартай:
“Макспан шокалад 4.520 төгрөг, Влок дунд шокалад 2.790 төгрөг, том тор 3 ширхэг 600 төгрөг, ороомог 12 ширхэг 12.000 төгрөг, том чикопэ 5.290 төгрөг, паприка чипс 4 ширхэг 18.800 төгрөг, Харибу резинин чихэр 6 ширхэг 26.700 төгрөг, счоко рошен 200 грамм шоклад 2 ширхэг 10.180 төгрөг, моя симья ундаа 4.860 төгрөг, хужирт 1 литрийн ус 2 ширхэг 3.520 төгрөг, ред бүүл лаазтай 250 граммын ундаа 8 ширхэг 13.360 төгрөг, вакус лаазтай 250 граммын ундаа 2 ширхэг 5.000 төгрөг, нот дог 2.500 төгрөг, бургер 3.000 төгрөг, гоё 1 литрийн ундаа 1.980 төгрөг, өд ариун цэврийн цаас 2 ширхэг 2.000 төгрөг, андройд цэнэглэгч 2 ширхэг 10.000 төгрөг, хөзөр 1.000 төгррөг, клэйр ширхгийн шампунь 4 ширхэг 2.000 төгрөг, гутлын порлон 1.200 төгрөг, гутлын шотко 1.800 төгрөг, аялал нэртэй нойтон 50 ширхэгтэй сальфитка 3.550 төгрөг, цаасны цавуу 880 төгрөг, сахлын татуурга 1.000 төгрөг, нүүр гарын лукс саван 1.040 төгрөг, утастай чихэвч 3.000 төгрөг, ченж эссэ тамхи 2 ширхэг 7.200 төгрөг, майлд сэвн тамхи 4.800 төгрөг, нийт 156.570 төгрөгөөр үнэлэв” гэх шинжээчийн тайлан /хх-ийн 30-31/,
- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 03-04/,
- хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 05/,
- хохирогч Э.Огийн гүйлгээ хийсэн 5007337963 дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12/,
- шүүгдэгч Ц.Агийн 5422324769 депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...Г.С, Ц.А нараас гаргаж өгсөн 20.000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, нийт 201.900 төгрөгийг Гөрөөчин овогт Эрдэнэдаваагийн Од хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 27/,
Шүүгдэгч Ц.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:
...бид хоёр дэлгүүр ороод юм авах мөнгийг өгнө гэж хэлж байсан боловч өөр мөнгөний хэрэгтэй байсан учир тэр мөнгийг өөр зүйлд зарцуулахаар болсон. Би өмнө нь фейсбүүк цахим орчинд ТҮЦ-ний залилан гэх мэдээлэл уншиж байсан учир тухайн аргыг хэрэглэж үзье гэж гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ рүү орохоор болоод бид хоёр шодоход би яллагдсан ба би Сийг хамт орчих гэж гуйж байгаад дагуулж ороод тухайн дэлгүүрээс 100.000 төгрөгийн бараа материал авсан. Тухайн үед манай найзууд хойноос мөнгө шилжүүлэх гэж байсан боловч шилжүүлэхгүй байхаар нь би тэр эгчид худлаагаасаа явуулчихсан шүү гэхэд тэр эгч итгээд С бид хоёр гарах гэж байх үед Сугараа би нэг хэдэн юм авчихъя гэхээр нь би хойшоо сандал дээр суугаад Сугараа 110.000 төгрөгийн бараа аваад мөнгийг нь шилжүүлчихлээ гэж хулдаа яриад бид нар гарсан. Тэндээсээ гараад бид нар манай гэрт очиж авсан юмнуудаа идээд эд зүйлсийг өөрсдийн мөнгөөр авсан гэж хэлсэн. Би учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн хэлбэртэй маргах зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Шүүгдэгч Г.Сийн мөрдөн байцаалтад өгсөн:
...А нь надад фейсбүүк цахим орчноос олж үзсэн худлаа мөнгө шилжүүлдэг гэсэн утгатай зүйл яриад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах халдвартын автобусны ТҮЦ рүү ороод нэлээн хэдэн тооны идэх юм, утасны цэнэглэгч, шампунь, чипс, ундаа гэх мэт зүйл аваад эхний тооцоо нь 100.000 төгрөг болоод А мөнгийг шилжүүлчихлээ гэж хэлээд нэг төгрөг шилжүүлээд гарсан. Гарах гэж байх үед А нь дахиад юм авчих уу гэхээр нь би тэгье гээд дахиад баахан эд зүйл аваад А мөнгө шилжүүлсэн. Би ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлсэн зүйл байгаагүй. А л мөнгө шилжүүлсэн. Би хохирлын мөнгийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн хэлбэртэй маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 59/,
шүүгдэгч Г.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.А, Г.С нарын иргэн Э.Огийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгээс 156.570 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, мөнгийг дансаар шилжүүллээ гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдад 156.570 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч Ц.А, Г.С нар нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай байна.
Хохирогч Э.Од гэмт хэргийн улмаас хөрөнгө үнэлгээний тайлангаар 156.570 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан бодит хохирол болох 201.900 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэргийн 27 дугаар хуудаст авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А, Г.С нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.
Шүүгдэгч Ц.А, Г.С нарыг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ц.А, Г.С нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Цын А, Б овогт Гийн С нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Г.С нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Г.С нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэргийн учир шүүгдэгч Ц.А, Г.С нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Г.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ