Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0269/Э |
Дугаар | 2022/ШЦТ/274 |
Огноо | 2022-02-23 |
Зүйл хэсэг | 11.6.2., 17.3.1., |
Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Бр овогт Бын Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02116 1965 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эб Ану зочид буудалд П.Баас гар утсаар чинь яриад өгье гэж хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 444.600 төгрөгийн үнэ бүхий нөүт 8, ред ми загварын гар утсыг нь хуурч авсан,
Мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтуугаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байрны хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Нандинцэцэгийг шалтаг шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэрэг аргаар халдаж зодон, эрүүл мэндэд нь хүзүү, эрүү, бугалга, шуу, мөр далны цус хуралт, 2 өвдөгний арьсны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 02116 9165 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэг эмэгтэй хүний хамт Б гэх 30 орчим насны залуу намайг ресейпшний ээлжээ хүлээж аваад байх үед үйлчлүүлэхээр орж ирээд 3 давхрын 09 тоот өрөөнд орсон. Б гэх залууг өрөөгөө суллаарай гэж хэлэхэд дахиж сунгалт хийнэ гэж хэлээд байгаад байсан. Бтай хамт байсан 30 орчим насны эмэгтэй “найз залуу өрөөний мөнгийг төлнө” гэж хэлээд гараад явсан. Шөнийн 00 цагийн орчим Б гэх залуу 2 давхарт бууж ирээд надад “гар утсаар чинь хүн рүү залгаад мөнгө шилжүүлж авах гэсэн юм” гэж хэлээд миний гар утсыг аваад яриад буцаагаад өгсөн. Тэгээд 5-10 минутын дараа дахиж бууж ирээд дахиад нэг гар утсаараа яриулаач гэж хэлээд миний гар утсыг авч 2 давхрын шатан дээр суугаад ярьсан. Яг тэр үед 3 давхрын 07 тоот өрөөний үйлчлүүлэгч гарах гээд өрөөг нь онгойлгож өгөөд эргээд 2 давхар руу буугаад ирэхэд тэр залуу гараад явсан байсан. Араас нь гараад харсан боловч байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. ... 2020 оны сүүлээр 650.000 төгрөгөөр Монтелийн гар утасны лангуунаас худалдан авч байсан. Ногоон өнгөтэй, хар дээр улаан өнгийн цэцгийн зурагтай гэртэй нөте 8 редми загварын гар утас байсан. Имэй кодыг утасныхаа хайрцгаас харахгүй бол цээжээр мэдэхгүй утасны хайрцаг гэрт байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04-05/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БЗД1-21-537 дугаартай:
Редми ноте 8 маркийн гар утас 444.600 төгрөгөөр үнэлэгдэв гэх үнэлгээний тайлан /хх-ийн23-24/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагийн орчимд “ЭБ АНУ” нэртэй зочид буудалд найз эмэгтэй Нандинцэцэгийн хамт хонохоор орсон. Тэр өдрөө тухайн буудалд хоноод маргааш нь Нандинцэцэг 17 цагийн орчим буудлаас явсан. Би буудалд үлдээд байж байсан. Шөнийн 22 цаг өнгөрч байх үед доод давхар руу буугаад үүдний угтагч эмэгтэйн гар утсаар нь найз охин руугаа залгаж яриад өгье гэж хэлээд авсан. Намайг утсаар нь ярьж байх үед утасны эзэн эмэгтэй дээшээ гарчихаар нь би гар утсыг нь аваад явсан. ...би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 34/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Б манай гэрт ганцаараа эрүүл ирсэн. Би хүүгээ сургуулиас нь авах гээд гэрээс гарахад гэрийн үүдэнд сууж байсан. Удалгүй над руу залгаад “танай гэрийн ард байрлах пабад байна, гараад ир” гэж дуудсан. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. Намайг очиход ганцаараа халамцуу сууж байсан ба бид хоёр хоол захиалж идээд, 6 пиво хувааж уусан. Пабаас гарах гээд тооцоогоо хийх гэхэд Бт мөнгө байгаагүй учир би гар утсаа тооцоонд барьцаанд тавьсан. Б намайг өмнө нь зодож байсан учир би айгаад пабын эгчтэй юм яриад Быг явахыг хүлээгээд зогссон. Тэр үед Б намайг пабын гадна хүлээгээд байсан. Би зодуулахаасаа айсан учир шөнийн 00 цаг өнгөрч байх үед пабаас гарсан. Гарахад гадаа Б намайг хүлээгээд зогсож байхаар нь би түүнээс зугтааж гүйгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын баруун талаар нь хашаа руу орсон. Тэр паб дотор байх үед Б намайг цохиж зодоогүй. Хашаан дотор намайг зогсож байх үед Б гүйж ирээд газарт түлхэж унагаасан. Намайг унасны дараа биеийн гуя, элэг, гэдэс, нуруу, толгой руу өшиглөөд дэвссэн. Намайг хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Тухайн үед өөр хүн байгаагүй бид хоёр байсан. Намайг хашхирахад тэрүүгээр явж байсан нэг ах “хүүе болиоч” гэж хэлэхэд Б намайг орхиод зугтсан. Би цагдаагийн байгууллага руу ороод өргөдөл бичиж өгч, мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний хамаг бие хөндүүртэй байсан. Өглөө нь жаахан толгой өвдөж байсан. Биеийн нуруу, хүзүү, гарын шуу, өвдөг, мөрний хэсэгт хөхөрсөн байсан. Уг гэмтэл шархыг Б надад учруулсан. Миний харснаар Б нээх согтуу байгаагүй, халамцуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 71-72/,
- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 76-78/,
Гэрч Б.Амараагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн оройн 23 цагийн орчимд гэртээ унтах гээд хэвтэж байх үед цонхоор хүн цохиж байгаа чимээ, эмэгтэй хүн ёолох чимээ гарсан. Цонхоор харахад цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна талын хашааны гадна нэг эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүнийг гараараа 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Би цонхоороо хүүе гэж орилоход тэр эрэгтэй цохихоо больсон. Би өөрийн 88088396 дугаар гар утаснаас дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8963 дугаартай:
Д.Нандинцэцэгийн биед хүзүү, эрүү, булгалаг, шуу, мөр, далны цус хуралт, хоёр өвдөгний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой 11 цагийн үед бид хоёр уулзаад Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн орчим байрлах Уушны газар гэх нэртэй газарт ороод пиво уусан. Тэндээс Нандинцэцэг бид хоёр хамт гарсан. Тэндээс гарснаас хойш юу болсон талаар санахгүй байна. Би салхинд цохиулсан учир тасарсан байсан. Нэг сэрсэн чинь Сүхбаатарын талбайн тэнд ганцаараа алхаад явж байсан. Өглөө 5-6 цагийн үед Толгойтод гэртээ алхсаар байгаад очсон. Тэр өдрөөс хойш 2-3 өдрийн дараа Нандинцэцэгтэй уулзахад тэр өдөр чи намайг зодсон гэж ярьсан. Тэр үед харахад баруун гар нь хөхөрсөн байсан. Би өөр зүйл анзаараагүй. 10 дугаар сарын 20-ны өдөр би Нандинцэцэгийг яаж цохиж зодсон талаараа санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 49-58,110/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60, 107/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65, 129/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бын хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.
Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч Б.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.Нандинцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.Нандинцэцэгийн эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Быг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Бд гэмт хэргийн улмаас хөрөнгийн үнэлгээний тайлангаар 444.600 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч төлж барагдуулаагүй байна.
Хохирогч Д.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэжээ. Шүүгдэгч нь хохирогч П.Бын хохирол төлбөрийг барагдуулаагүй байх учир Б.Баас 444.600 төгрөгийг гаргуулж түүний үйлдсэн залилах гэмт хэргийнх нь хохирол, хор уршгийг арилгах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бт ял оногдуулахад хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Быг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Б.Быг тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 444.600 төгрөгийг гаруулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б /ци78111202/-д олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ