Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 77

 

Л.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

                                                        Ц.Амаржаргал

Прокурор                                        Г.Яндаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 339 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-ын Г-т холбогдох эрүүгийн 1818004010355 тоот, 166/2018/0317/Э индекстэй 1 хавтастай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.А-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Л-ын Г-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Л.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гаднаас иргэн Р.А-ын “Samsung Galaxy J7” маркийн гар утсыг олж улмаар бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 339 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- Л-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Г-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Хууль зүйн туслалцааны төвийн Дархан-Уул аймаг дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч Н.Баярмаа би Л.Г-т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн/ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Л.Г- нь анхан шатны шүүх хурал дээр өөрийн орлого олдог нөхцөл байдлаа бүрэн гаргаж нотлож амжаагүй учраас шүүх улсын яллагч болон өмгөөлөгч миний гаргасан торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Л.Г- нь ажил хийж орлого олох боломжтойгоо нотлож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар өөрчилж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан 10 сарын хугацаанд төлөхөөр өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах шатны шүүхэд түүний хувийн байдлыг тогтооход шаардлагатай ажлын газрын тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээг шинээр гаргаж өгсөн. Л.Г- нь өөрөө торгууль төлөх боломжтой гэж үзээд “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өөрчилж өгнө үү” гэсэн гэв.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Л.Г-ийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлалтай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гаднаас иргэн Р.А-ын “Samsung Galaxy J7” маркийн гар утсыг олж улмаар бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Г-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч Л.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн   давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлалтай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна явж байхдаа иргэн Р.А-ын гээгдүүлсэн “Samsung Galaxy J7” маркийн гар утсыг олж аваад түүнийг өөрийнх нь биш, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 820.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хохирогч Р.А-ын... 2018 оны 5 дугаар сарын 04-ний 19.00-21.00 цагийн хооронд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд ажлынхантайгаа сагс тоглосон. Тэгээд өөрийн “Samsung Galaxy J7” маркийн гар утсаа цүнхэндээ хийгээд өлгүүрт өлгөсөн. Тоглож дуусаад гэртээ очоод гар утсаа авах гэтэл алга болчихсон байсан. Буцаж зааланд очоод шалгасан боловч олдоогүй. Уг гар утсыг 2017.11.25-ны өдөр Мобикомоос 820.000 төгрөгөөр зээлийн гэрээгээр худалдан авч байсан. Алдсан утсаа авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...гэж удаа дараа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хх14-17-р тал/, гар утас нь алга болсон, хэн нэг нь харсан эсэх талаар хохирогч нь тухайн үед хамт зааланд тоглож байсан ажлынхнаасаа асууж байсныг гэрчилсэн гэрч Ц.Б-, Б.Г-, О.Х- нарын мэдүүлгүүд /хх 19, 20, 22-р тал/, шүүгдэгч Л.Г-оос дээрх гар утсыг 2018.08.15-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тухай тэмдэглэл /хх 8-12-р тал/, 2018.08.16-ны өдөр хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6-р тал/, гар утсанд үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх 29-30-р тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Анхан шатны шүүхээс болсон хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч шүүгдэгч Л.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг дурдах нь зүйтэй.

Прокурор нь шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзээд энэ тухай тогтоол үйлдэж, хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэ ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэсэн саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Л.Г- зөвшөөрч гарын үсгээ зурсан байх тул   яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ тохиолдолд шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх байтал прокурорын саналаас өөр ял оногдуулсан нь буруу, түүнчлэн энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол прокуророос хэрэг хүлээн авсан даруйдаа ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан хэргийг шийдвэрлэх байжээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч нь хөрөнгө, орлогогүй тул торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын төрөл байгаа хэдий ч шүүгдэгчид прокурорын гаргасан саналаас өөр төрлийн ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Л.Г-т анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдлоос ...анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү... гэснийг хүлээн авах боломжтой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 5, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2, 4 дэх заалтуудад дараах өөрчлөлтийг оруулсугай.

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр /дөрвөн зуун тавин мянга/ торгох ял шийтгэсүгэй” гэж,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                      ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ