Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2020/0007/З |
Дугаар | 15 |
Огноо | 2020-06-10 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 15
109/ШШ2020/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүйг хууль бус болохыг тогтоож, тус подвалын өмчлөгчөөр гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Д.Д 1993 оноос А аймгийн Э сумын 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын эзэмшиж, ашиглаж байсан. Тухайн үед подвал эзэмшиж байх явцдаа цэвэр бохирын шугам болон бусад засвар үйлчилгээг хийсээр ирсэн. 2001 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Э сумын Засаг даргын 49 дүгээр албан бичгийн дагуу тус подвалыг миний бие Д.А-ийн эзэмшиж ашиглахыг зөвшөөрсөн. Энэ хугацаанд урсгал засварыг 3 удаа хийж, 2019 оны 12 дугаар сараас подвалын нэг өрөөнд бүрэн хэмжээний их засвар хийж дуусгасан. Миний эзэмшил ашиглалтад байгаа подвалыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг баттай нотлох баримт байхгүй байгаа тул шүүхэд хандан өмчлөгчөө тогтоолгох тухай албан бичиг өгсөн.
Иймд А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүйг хууль бус болохыг тогтоож, тус подвалын өмчлөгчөөр гэрчилгээ олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалыг манай хадам эцэг Д.Д-ийн эзэмшил ашиглалтад байсан. Улмаар хадам аав Д.Д ашиглаж байх явцдаа 2001 онд манай эхнэр Д.А-д тус подвалыг цаашид эзэмшиж ашиглаад яваарай, чиний нэр дээр эзэмших бичиг нь гарах байх, би Э сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргад уламжилсан байгаа гэж хэлсэн байсан. Ингээд 2001 оны 3 дугаар сард Э сумын Засаг дарга Г.Д тус подвалыг эзэмшүүлэх тухай албан бичиг ирүүлсэн байсан. Тэрнээс хойш уг подвалыг эзэмшиж байх явцад төрийн болон төрийн бус байгууллага, сууц өмчлөгчдийн холбооноос бид нарт хандаж ямар нэгэн санал, хүсэлт ирээгүй. Уг подвалыг 2001 онд аваад ханийг нь будаж шохойдсон, 2012 оны сүүлээр шалыг нь янзалсан, хаалгыг нь будсан, 2019 оны 12 сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл иж бүрэн засвар хийсэн, ариун цэврийн өрөө хийгээд, коридорыг будаж янзалсан, хаалга сольсон. 2013 оны үед аймгийн Төрийн байгууллагуудаас энэ талаар асуухад мэдэхгүй байсан. Бид бодохдоо 2001 онд Э сумын Засаг даргын өгсөн бичгийн дагуу болчих юм байх гэж бодож байсан. Иймд А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүйг хууль бус болохыг тогтоож, тус подвалын өмчлөгчөөр гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.А-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Д.А нь А аймгийн Э сумын 1 дүгээр баг 1 дүгээр 48 айлын орон сууцны подвалын хэсэгт байрлах 54 мкв талбайг бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ тус хэлтэст гаргасан. Уг хүсэлтэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6. дахь хэсэгт заасан өмчлөх эрхийн нотлох баримт байхгүй байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан. Иймд иргэн Д.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.А-ийн гаргасан хүсэлтийн дагуу манайх тус хэлтэст ирүүлсэн материалыг шалгаж үзсэн. Гэтэл А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны подвалыг Д.А-т хувьчилсан талаар баттай нотлох баримт байхгүй байсан учраас уг 54 мкв подвалын хэсгийн өмчлөгч нь мөн болохоо тогтоолгох шаардлагатай, эс бөгөөс эзэнгүй эд юм гэх зүйлээр улсын бүртгэлд бүртгүүлж явж байгаад 15 жилийн дараа шударга эзэмшигч мөн болох нь тогтоогдвол улсын бүртгэлд бүртгэдэг. Тэр болтол урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно гэж тайлбар өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Д.А нь уг подвалын өмчлөгч болохоо шүүхээр тогтоолгоно гэсэн. Улсын бүртгэлийн байгууллага уг иргэнд байгаа нотлох баримтыг үндэслээд гэрчилгээ олгох боломжгүй. Хэрэв шүүх Д.А-ийг уг подвалын хэсгийн өмчлөгчөөр тогтоож өгвөл Улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслээд гэрчилгээ олгох боломжтой гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А-аас А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүйг хууль бус болохыг тогтоож, тус подвалын өмчлөгчөөр гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Уг хэргийн маргааны үйл баримтаас үзэхэд: Нэхэмжлэгчээс “ ... Д.А миний бие 2001 оноос эхлэн А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын 54мкв хэсгийг ашиглаж, засвар үйлчилгээ хийж ирсэн. Иймд уг подвал /54мкв/-ийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж ...”
Хариуцагчаас “ ... А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны подвалыг Д.А-т хувьчилсан талаар баттай нотлох баримт байхгүй байсан учраас өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй ...” гэж маргажээ.
Уг подвалын тухайд, А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцонд байрлах ба уг подвалыг 3 хэсэг болгон хуваасан бөгөөд үүний нэг хэсэг болох 54м2 талбайтай подвал нь иргэн Д.А-ийн эзэмшилд байдаг гэж тайлбарлаж байна.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудыг цуглуулсан болно.
Тухайлбал, анх уг подвалыг нэхэмжлэгч Д.А-ийн эцэг Д.Д эзэмшиж байсан эсэхэд,
Д.А нь 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Х суманд Д-ийн Д, М-ийн Д нарын гэр бүлд төрсөн талаар Х сумын төрөлтийн бүртгэлийн 130 дугаарт бүртгэжээ.
Д.А-ийн эцэг Д-ийн Д нь 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нас барж, тус аймгийн Э сумын нас барсны бүртгэлийн 45 дугаарт 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн байна.
Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.А нь Д.Д-ийн охин болох нь тогтоогдож байна.
Өмч /орон сууц/ хувьчлалтай холбоотой баримтын тухайд: А аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Өмч хувьчлалын комисс байгуулах тухай” 46 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд өмч хувьчлалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссыг байгуулжээ. /х.х-н 59-60/
Мөн А аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц ашиглалтын байгууллагын тухай” 10 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын Ардын Хурлын захиргааны дэргэд Нийтийн орон сууц ашиглалтын конторыг 1992 оны 3 дугаар сараас эхлэн ажиллуулахыг зөвшөөрсөн байна. /х.х-н 73-74/
Улмаар А аймгийн Засаг даргын 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Өмч хувьчлалын ажлын 1993 оны хөтөлбөрийг батлах тухай” 71 дүгээр захирамжийн хавсралтаар “ ... Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт орон сууцны хувьчлалыг эзэмшигчийн сайн дурын үндсэн дээр нөхцөл байдлыг харгалзан хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбар, мөнгө, зээл оролцуулан хийнэ ...” гэж тусгажээ. /х.х-н 67-72/
А аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байраа хувьчилж авахаар өргөдлөө ирүүлсэн нэр бүхий 75 өрхөд 1997 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн сууж байгаа байрыг нь хувьчилж олгохоор шийдвэрлэж, уг тогтоолын хавсралтын 38 дугаарт Д.Д, Т.Д, Д.А, Д.Б, Д.Д нарт 1 дүгээр байр №32 тоотод 0004038 гэрчилгээ олгожээ. /х.х-н 79-88/
Орон сууц өмчлөх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт “Магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана” гэж зааснаар Э сумын төвд хувьчлагдах орон сууцуудад магадлан шинжлэх хэсгээс гаргасан дүгнэлтүүдийг ус суваг ашиглалтын У компанид хүлээлгэж өгсний дотор I-48 айлын орон сууц, зоорь бүртгэгдсэн байна. /х.х-н 88/
Дээрх баримтуудаас үзэхэд, А аймгийн Э сумын 1 дүгээр 48 айлын орон сууцыг 1997 онд өмч хувьчлалаар иргэдэд өмчлүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Д.А-ийн эцэг Д.Д нь тус байрны 32 тоотыг гэр бүлийн хамт өмчилсөн үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана.” гэж заасан хуульд нийцжээ.
Дээрх өмч хувьчлалаар тус орон сууцны подвалыг тухайн үед зоорь гэсэн нэршилтэй байсан байна.
Иргэн Д.Д-ийн эзэмшиж байсан гэх А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын тухайд:
Гэрч Б.Г шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... тус байрны 4 дүгээр орцны подвалыг 3-4 хүн өрөө өрөөгөөр нь хувааж эзэмшдэг. Нэг хэсэг Б.А-гийнх байх, манайхыг тэр байранд нүүж ороход л тэр подвалыг Б.А хариуцаад, засвар үйлчилгээ хийдэг байсан. Одоогоор ямар нэг үйл ажиллагаа явагддаггүй, агуулах маягаар ашигладаг ...” гэж;
Гэрч Н.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... Анх би 1982 оноос 2004 он хүртэл тус сумын 1 дүгээр 48 айлын орон сууцны 06 тоотод амьдарсан, 2004 оноос 1 дүгээр 36 айлын орон сууц руу шилжээд, 2008 онд эргээд 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны 45 тоотод амьдарсан. ... Д.А-ийн эцэг Д гэж хүн байсан, тэр хүн уг подволийг эзэмшиж байсан. 1990-ээд оны үед тэр подвалд диван /ор/ хадгалуулах гээд Д.А-ийн аавтай ярилцаж байгаад оруулж тавьсан. 2008 хойш тэр орцны 45 тоотод амьдрахдаа уг подвалыг Д.А эзэмшиж байгаа. Энэ онд тус подвалд Д.А засвар хийлгэсэн байсан ...” гэж;
Гэрч С.Н шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... Орон сууц хувьчлал аймагт 1997 онд болсон, аймгийн төвийн бүр орон сууц энэ хувьчлалд орсон. Орон сууц хувьчилж авсан иргэд доод подвалоо аваад юм хийцсэн байдаг байсан. Д.А-ийн аав Д нь 1 дүгээр 48 айлын орон сууцны подвалыг эзэмшиж байсан. .... тухайн орон сууцанд байгаа иргэд нь доод подвалоо ашиглаад, скалад, өөр бусад зориулалтаар ашигладаг байсан ...” гэж тус тус мэдүүлжээ. /х.х-н 55-568 104-107/
Архангай аймгийн Э сумын Засаг дарга /Г.Д/ 2001 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр иргэн Д.А-т “таны эзэмшиж буй 1 дүгээр 48 айлын байрны 4 дүгээр орцны подвалын цэвэр бохир дулааны шугамыг өөрчлөхгүйгээр 2001 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс ашиглаж, эзэмшихийг зөвшөөрч байна. Аливаа нэгэн гэмтэл эрсдэл гарсан тохиолдолд харьяалах байгуулагд мэдэгдэж ашиглахыг анхаарна уу” гэх хариу хүргүүлсэн байна. /х.х-н 7/
Дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр иргэн Д.А нь 2001 оноос хойш А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын хэсгийг эзэмшиж, ашиглаж иржээ.
Уг подвалын асуудлаар А аймгийн Орон нутгийн өмчийн газар 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 133 дугаар албан бичгээр “А аймгийн Э сумын 1 дүгээр багт байрлах I-48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвал нь орон нутгийн өмчид бүртгэлгүй болно” гэх тодорхойлолт ирүүлсэн байна. /х.х-н 10/
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.“орон сууц өмчлөгч” гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг;
Орон сууц хувьчлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” 3 дугаар зүйлийн 1/ "нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг; 2/ "орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/ -ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг, 6/ “сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” гэж заасны дагуу А аймгийн Э сумын 1 дүгээр багт байрлах I-48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын хэсгийг иргэн Д.Д эзэмшиж байгаад охин Д.А-т шилжүүлсэн, охин Д.А нь уг подвалын хэсгийн эзэмшиж, ашиглах асуудлаар 2001 онд Э сумын Засаг даргад хандсан, А аймгийн Э сумын Засаг дарга 2001 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр тус подвалын Д.А-ийг эзэмшиж, ашиглахыг зөвшөөрсөн хариу өгсөн, Д.А нь 2001 оноос хойш тус подвалын /54м2/ хэсгийг эзэмшиж, ашиглаж байгаа нь нотлогдож байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 8.1.1.-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн; 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.” гэж,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ.” 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, 6 дугаар зүйлийн 6.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.”, 10 дугаар зүйлийн 10.2. дахь хэсэгт “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ.” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Д.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1., 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. дахь хэсэгт тус тус зааснаар Д.А нь А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвал /54м2/-ийн эзэмшигч бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул, тус подвалын өмчлөгчөөр гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3., 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэг Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна: 15.1.1.-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж зохицуулсан байна.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, А аймгийн Э сумын 1 дүгээр багт байрлах I-48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвал нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд “Ө” сууц өмчлөгчдийн холбоонд хамааралгүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй болохыг тэмдэглэв.
Мөн шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч талаас бичгээр гаргасан хүсэлтдээ улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч талаас нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2/, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Э сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвал /54м2/-ын өмчлөгч нь Д.А бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул, тус подвалын өмчлөгчөөр гэрчилгээ олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА