Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын ахлах прокурор Д.Энх-Оргил,

Хохирогчийн төлөөлөгч: Г.Үнэнбат,

Шүүгдэгч Б.Баттөмөр /өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балдорж овогт Будын Баттөмөрт холбогдох эрүүгийн 201616010046 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, “Ханбогд Хурд” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р баг, Дөрөлж 7 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Балдорж овогт Будын Баттөмөр /РД:КЙ69052371/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Баттөмөр нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Ханбогд сум, Номгон баг, Хар Цав гэх газарт галт зэвсэг буюу “Дробинка” маркийн буу, 84-92 ӨМА улсын дугаартай “хьюндай галлопер” маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглан, хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор ховор ан амьтны жагсаалтад орсон нэг тооны эр хулан адууг зохих зөвшөөрөлгүй агнаж, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд заасны дагуу 9,700,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттөмөр мэдүүлэхдээ:“ 2016 оны 04 дүгээр сард Сүлд гэдэг хүнийг хөдөө гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Сүлдийнд хоночихоод Отгондүү гэдэг айлд очсон. Отгондүүгийн бууг аваад “Хар цав” гэдэг газар очиж нэг тооны хулан адууг агнасан.” гэв.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл “....Ц.Эрдэнэбаатараас Ханбогд сум, Номгон багийн нутагт 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын харьяат Б.Баттөмөр нь нэг тооны хулан адууг агнасан байна....” /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, буу эзэмшигчийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл: “...84-92 ӨМА улсын дугаартай хьюндай галлопер маркийн шар алаг өнгөтэй хуучин суудлын автомашин..” хх-ийн 22-24 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд “...Дробинка 16 маркийн 1971 онд ОХУ-д үйлдвэрлэсэн 34140 гол төмрийн дугаартай замагтай, ангын зориулалттай 027449 дугаартай галт зэвсгийн гэрчилгээний хамт, мөн хэргийн газарт үлдсэн байсан хулан адууны толгойн яс, сүүл, хөлний арьсны хэсэг, 84-92 ӨМА улсын дугаартай хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ...” /хх-ийн 26 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Үнэнбатын мэдүүлэгт: “...энэ оны 04 дүгээр сард манай сумын харьяат Б.Баттөмөр нь тус сумын Номгон баг, Хар цав гэх газарт тээврийн хэрэгсэл, галт зэвсэг ашиглан нэг тооны хулан адууг хууль бусаар агнасан хэрэг гарч цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм... Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №7 дугаар тогтоолоор гарсан ховор амьтны жагсаалтад багтсан ховор амьтан юм. Ховор амьтан гэдэг нь Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан тархац нутагтай тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтан юм. Манай байгууллагын зүгээс Засгийн газрын баталсан экологи эдийн засгийн үнэлгээний дагуу 1 тооны хулан адууны хохирол мөнгөн төлбөрийг буруутай этгээдээс бүрэн төлүүлж барагдуулах саналтай байна. Хохирол мөнгөө төлөөд дуусчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Т.Төмөрсүхийн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол /хх-ийн 33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Төмөрсүхийн өгсөн: “....энэ машиныг би 2008 онд Улаанбаатар хотоос худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмшиж байгаад 2014 онд Б.Баттөмөрт 4,000,000 төгрөгөөр худалдсан. Би хөдөө мал дээр байдаг, байнга төв суурин газар орж чаддаггүй болохоор Б.Баттөмөрийн нэр рүү шилжүүлж амжаагүй, машины эзэмшигчээр миний нэр байгаа. Б.Баттөмөр надад машины мөнгөнөөс 500,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа. түүнийгээ бүрэн авч байж нэрээ шилжүүлэх бодолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Ц.Отгонбаярыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Отгонбаярын өгсөн:”...Би аав Цолмонгоосоо өвөлж авсан 16 мм-ийн сум ордог дробинка гэдэг бууг эзэмшдэг. Бууг маань хөдөө мал малладаг манай хүргэн Төмөрчөдөр чоно, нохойд хэрэглэхээр түр авсан байсан.... Хураагдсан буугаа буцааж авах хүсэлтэй байна... “гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Цолмонгийн өгсөн:”...Би 1979 оны үед 16 маркийн дробинка гэдэг бууг шинээр нь худалдаж аваад өөртөө эзэмшиж байсан. Би угаасаа хөдөөний малчин хүн. Тэгэхдээ чоно, нохойд буугаа ашигладаг байсан. 2003 онд Ханбогд сумын төвд амьдардаг болсноосоо хойш буг хэрэглэхээ болиод өөрийн төрсөн хүү Ц.Отгонбаярын нэр дээр шилжүүлж өвлүүлэн өгсөн юм. ... Би Төмөрчөдөрт буугаа өгч байгаагүй, бууг Ц.Отгонбаяр Төмөрчөдөрт өгсөн эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Батбуянгийн өгсөн:”...2016 оны 03 дугаар сарын 31-нд Б.Баттөмөртэй сумын төвд тааралдсан... Б.Баттөмөр Отгоныхруу хөдөө явна гэхээр нь би Отгоны ойролцоо нутагладаг төрсөн ах Эрдэнэбилэгийнд очихоор хамт явсан. Тэгээд бид хоёртой хамт Сүлд гэх залуу явсан. Отгоныд очоод, ахынх руугаа хүргүүлэх гэтэл гадаа шороо тавиад Отгоны хагас мал дутуу байна гээд Сүлд малыг нь хайхаар мотоцикл унаад явсан. Би Эрдэнэбилэг ах руугаа утастаад би энд ирчихсэн байна та намайг ирээд аваач гэхэд шороо тавиад малын араас явж байна. Эгч чинь цагаан хад явчихсан унаагүй байна. Шороо намдахаар Отгоноор хүргүүлээд ир гэсэн. Тэгж ярихдаа нохой мал бариад байна маргааш Отгоныг дагуулж ирээд уяатай нохой алаад өгөөч гэсэн. Тэгээд тэр шөнөдөө Отгоныд хоносон. Үдээс хойш Отгоны хамт түүний мотоциклоор Эрдэнэбилэг ахынд очсон. Би ахтайгаа золгож амжаагүй байсан учраас золгуут хийгээд, хоол унд идээд хоёр цаг болсон. Нөгөө мал бариад байсан уяатай нохойг ах бид хоёроор хоёр талаас нь уяагаар татуулж байгаад Отгон төмрөөр цохиж алсан. Тэгээд оройдоо Отгоныд бид хоёр буцаж ирэхэд Б.Баттөмөр явсан. Намайг Эрдэнэбилэг ахынх руу явсан хойгуур ганцаараа яваад хулан агнасан юм билээ. Би Б.Баттөмөрийг энэ хэрэгт шалгагдаж эхэлсний дараа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Отгондүүгийн өгсөн:”...өнгөрсөн 03 дугаар сарын 31-ний орой нар шингэж байхад Сүлд, Батбуян, Б.Баттөмөр гурав Б.Баттөмөрийн шар алаг машинаар манай хөдөө гэрч очсон. Сүлдийн хэдэн мал манай малтай хамт байдаг юм. Сүлд өөрийн хэдэн ямаагаа самнах гэж ирсэн. Тэгээд манайд хоноод өглөө нь би Батбуянг мотоциклдоо сундлаад Эрдэнэбилэг ахынхруу нь явсан. Б.Батбуян Эрдэнэбилэгийн төрсөн дүү нь юм. Эрдэнэбилэгийнд очоод тэдний гэрийнхэн нохой мал барьсан гэхээр нь төмрөөр цохиж алчхаад хоол унд идчихээд үдээс хойш Батбуянтай хамт гэртээ буцаж ирсэн. Ирэхэд гэрт Б.Баттөмөр байж байсан манай эхнэр ямаагаа самнаад хороон дотор байсан. Удалгүй Сүлд хониноос ирсэн. Сүлд ямаагаа самнахаар үлдээд Б.Баттөмөр, Батбуян хоёр сумын төв рүү машинаараа буцсан. ... Хулан агнасанг тэр үед мэдээгүй, сүүлд нь төлөөлөгч дуудаад болсон явдлын талаар асуухад л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Төмөрчөдөрийн өгсөн:”...өнгөрсөн хавар буюу 04 сарын эхээр шиг санагдаж байна. Манай ойрхон нутагладаг Отгондүү надад байдаг дробинк бууг авч Эрдэнэбилэгийн мал барьсан нохойг ална гэж ярьж байсан. Тэр үед манай эхнэр хүүхэд суман дээр би хөдөө ганцаараа байсан. Нэг шөнө Отгондүүгийн эхнэрийн дүү Өлзийбүрэн замын унаанд дайгдаад ирлээ гэж манайд ирээд хоносон. Би малдаа явчхаад оройхон иртэл Өлзйбүрэн явчихсан буу алга байсан. Дараахан нь би буугаа Отгондүүгийнхээс очиж авсан. Тэгтэл цагдаа дуудаад асуусан, Б.Баттөмөрийг манай буугаар хулан алсныг тэгээд мэдсэн. Тэр буу манай эхнэрийн дүү Отгонбаярын өөрийн нь нэр дээр байдаг буу юм. Буу надад байхдаа сумгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өлзийбатын өгсөн:”...2016 оны 03 сарын 31-ний орой нар жаргаж байх үед сумаас манай хамаатны Сүлд, Б.Баттөмөр, Батбуян гурав Б.Баттөмөрийн шар алаг машинаар ирж хоносон. Тэгээд маргааш нь би хонь малаа төллүүлээд ямаагаа самнасан, манай нөхөр Отгондүүг Эрдэнэбилэг ирж нохой алж өг гэж хэлж байсан. Батбуян тэр хоёр мотоциклоор явсан. Тэгж байтал нөхөр маань Батбуянтай оройхон буцаж ирээд Баттөмөр сум руу буцсан. Сүлд манайд үлдсэн. Сүүлд нь Б.Баттөмөрийг хулан агнасан хэрэгт шалгагдаж байгааг сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эрдэнэбилэгийн өгсөн:”...Отгондүү миний дүү Батбуянгийн хамт мотоциклтой манайд ирсэн. Би Отгондүүд манай нохой мал барьчихлаа чи ирээд алаад өгөөч гэж гуйсан байсан юм. Тэр хоёр ирэхдээ буугүй ирсэн.... Тэгээд би нохойнхоо уяанаас чангааж байхад Отгондүү төмрөөр цохиж нохойг цааш нь харуулсан. Батбуян, Отгондүү хоёр цай уучхаад тэгсхийгээд гэр рүүгээ буцсан... Сүүлд нь сонсож байхад Б.Баттөмөр тэр үед хөдөө ирэхдээ хулан алсан гэнэ, тэгээд цагдаад шалгагдаж байгаа гэдгийг сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өлзийбүрэнгийн өгсөн:”... би урд өдөр нь сумаас замын унаанд дайгдаад Төмөрчөдөрийнд очоод хоносон. Маргааш нь гэр рүүгээ яриад аваатхаач гэхэд Баттөмөр мотоциклтой ирээд бид сундлаад манай гэрт очсон....Айлын малд гэрийн нохой орсон түүнийг алнаа гэж ярьж байсан. Тэгээд Төмөрчөдөрийн гэрээс бууг нь авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сүлдийн өгсөн:”...Миний хэдэн мал Отгондүүгийнд байдаг. 2016 оны 03 дугаар сарын 31-нд Б.Баттөмөрөөр Отгондүүгийнд хүргүүлэхээр түүний машинаар Батбуян бид гурав хөдөө явсан. Отгондүүгийнд нар шингэж байхад очиж хоносон. Өглөө нь би 09 цаг өнгөрөөгөөд хонь хариулахаар явсан. Мал төллөж байсан бөгөөд хээр хэдэн мал төллүүлээд ишиг хургыг нь уутанд хийж явсаар нэлээн орой ирсэн. Ирэхэд Баттөмөр, Батбуян хоёр сум руу буцчихсан байсан. Батбуян, Отгондүү хоёр айлын нохой алсан гэж Отгондүү ярьж байсан. ..Хулан агнасан асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт:”...Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн толгойн яс болон сүүл нь хулан адууны эд эрхтэн болно, толгойн ясны бүтэц, шүдний ургалтыг үзэхэд нас гүйцсэн хөгшин эр хүйсний амьтан болно... гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 38/01 дугаартай дүгнэлтэд:”...Дробинк 16 маркийн ангын буу 150,000 төгрөгийн үнэтэй байна..” гэсэн дүгнэлт, №36/01 дугаартай дүгнэлтэд:”...Хьюндай галлопер маркийн суудлын машин 4,500,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 52, 54 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Баттөмөрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 196 дугаартай тодорхойлолт /хх-ийн 64-65 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энхмөнхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/168 тоот тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Баттөмөрийн зөрчлийн судалгаа /хх-ийн 63 дугаар хуудас/

“Ханбогд Хурд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 сарын 02-ны өдрийн 058/2016 дугаартай: ” Буд овогтой Баттөмөр нь Ханбогд Хурд ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн автобусны жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа харилцааны ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/

Арилжааны банкуудаас авсан лавлагаа /хх-ийн 71-75 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 1/172 дугаартай тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Баттөмөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 77-79 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 70 дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Баттөмөрийн сурагчийн хувийн хэргийн хуулбар, техник мэргэжлийн сургуулийн 55 дугаартай хувийн хэргийн хуулбар /хх-ийн 101-110 дугаар хуудас/

84-92 ӨМА улсын дугаартай хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 111 дүгээр хуудас/

Хохирол төлбөрт 9,700,000 төгрөгийн хохирол барагдуулсан баримт /хх-ийн 112-117, 126-128 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Баттөмөр нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутаг, Хар цав гэх газарт зохих зөвшөөрөлгүй, ховор амьтны жагсаалтад орсон ан амьтан болох 1 тооны хулан адууг Т.Төмөрсүхийн эзэмшлийн 84-92 ӨМА улсын дугаартай хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгсэл, Ц.Отгонбаярын эзэмшлийн дробинка 16 маркийн ангын зориулалттай бууг ашиглан агнаж, улсад 9,700,000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтад шинжилгээ хийсэн “Итгэмжлэгдсэн лаборатор”-ийн сорилтын дүн, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх бөгөөд Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Балдорж овогт Будын Баттөмөрийг гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Хулан адууг ховор амьтны жагсаалтад оруулсан бөгөөд 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар экологи-эдийн засгийн үнэлгээг 9,700,000 төгрөгөөр тогтоосон, амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан тул Б.Баттөмөр уг хэргийн хохиролд 19,400,000 /арван есөн сая дөрвөн зуун мянга/ төлөх юм.

Шүүгдэгч Б.Баттөмөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 9,700,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 9,700,000 төгрөгийн шууд бус хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Баттөмөрт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хулан адууны толгойн яс, сүүл, хөлний арьстай яс, арьсны хэсгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг болох Дробинка 16 маркийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн 34140 гол төмрийн дугаартай, 34140 дугаартай замагтай ангын зориулалттай бууг 027449 дугаартай гэрчилгээний хамт цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж зааснаар 84-92 ӨМА улсын дугаартай, KBYKR17BPXU323026 арлын дугаартай, Хьюндай галлопер маркийн автомашиныг АЯ0403653 дугаартай улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нь буугаа буцаан авах нэхэмжлэлийг гаргасан тул түүний үнэ болох 150,000 төгрөг болон 84-92 ӨМА улсын дугаартай хьюндай галлопер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Төмөрсүх нь тээврийн хэрэгслийн үнэ болох 4,500,000 төгрөгийг тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдвал зохино.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Балдорж овогт Будын Баттөмөрийг Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчин ховор ан амьтан болох нэг тооны “Хулан” адууг зохих зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттөмөрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баттөмөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Б.Баттөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Б.Баттөмөрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан АЯ0403653 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 84-92 ӨМА улсын дугаартай, KBYKR17BPXU323026 арлын дугаартай, Хьюндай галлопер маркийн автомашиныг улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар Дробинка 16 маркийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн 34140 гол төмрийн дугаартай, 34140 дугаартай замагтай ангын зориулалттай бууг 027449 дугаартай гэрчилгээний хамт Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Т.Төмөрсүх, Ц.Отгонбаяр нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Баттөмөрт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтан Б.Баттөмөрийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагч Д.Баасанбатын 2016 оны 07 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хулан адууны толгойн яс, сүүл, хөлний арьстай яс, арьсны хэсгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Баттөмөрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.СОЛОНГО