Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1743

 

 

 

 

 

 

 

 

 

О.Баттөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг  даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01850 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Баттөмөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Г.Нарантуяа, М.Мэндбатаа нарт холбогдох

 

  Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ихбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Ууганбаяраас орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, 74 байр, 77 тоотод байрлах 48.49 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046603 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Улсын бүртгэлийн газраас уг орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн О.Баттөмөр миний нэр дээр олгосон. Гэвч уг орон сууцыг өнөөдрийн байдлаар иргэн Г.Нарантуяа нь өөрийн гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа төдийгүй иргэн миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу иргэн Г.Нарантуяа, М.Мэндбатаа нарыг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, 74 байр, 77 тоотод байрлах 48.49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Мэндбатаа нь иргэн Б.Чулуунхүүтэй 2016 оны 1 дүгээр сард анх уулзаж тухайн байрыг худалдаж авах санал гаргасан. Тухайн үед байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэж хэлээд “Гангар инвест” ХХК-тай байгуулсан гэрээг үзүүлсэн. Энэ барьцааг чөлөөлж гэрчилгээг шилжүүлж өгөх, байрыг газраар арилжаалахаар харилцан тохиролцсон. 2016 оны 4 дүгээр сард хариуцагч М.Мэндбатаа, эхнэр Г.Нарантуяагийн хамт байранд нүүж ороод одоог хүртэл амьдарч байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээр уг байр барьцаанд биш худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжсэнийг мэдсэн. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Б.Чулуунхүү, М.Мэндбатаа нар мэдээгүй. Үүнээс хойш бүтэн нэг жилийн хугацаанд нэхэмжлэгч О.Баттөмөр нь байрны өмчлөлтэй холбоотой асуудлыг гаргаагүй. Уг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046603 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, 74 байр, 77 тоотод байрлах 48.49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Нарантуяа, М.Мэндбатаа нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Баттөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мэндбатаа, Г.Нарантуяа нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Баттөмөрт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Гэрч Б.Чулуунхүү нь 2015 онд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн хөлсөнд 110 000 000 төгрөгөөр тооцож "Гангар инвест" ХХК-иас авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа юм. Б.Чулуунхүү нь өмнө нь харилцаж байсан "Эко капитал" ББСБ-аас зээл авах гэж уг орон сууцаа тус байгууллагын ажилтан найз болох Ш.Аварзадын нэр дээр шилжүүлж 60 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Б.Чулуунхүү нь ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд тооцож авсан байраа найзынхаа нэр дээр шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авч компанийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах гэж байхад найз гэх Ш.Аварзад нь зээлийн гэрээ биш орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж зээл олгосон байсан. Энэ байдлыг тогтоолгохоор гэрч асуулгахаар хүсэлтээ өгсөн. Хариуцагч нар нь Б.Чулуунхүүтэй харилцан тохиролцож уг байранд 1 жил амьдарах хугацаанд нэхэмжлэгч нь нэг ч удаа өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж уг байранд ирж байгаагүй бөгөөд Б.Чулуухүүгийн найз Ш.Аварзадтай зээлийн гэрээ байгуулахгүйгээр 20 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дүр үзүүлсэн гэрээ байгуулж авсан нь өөрөө хууль бус, ёс суртахууны хувьд байж болзошгүй үйлдэл юм. Энэхүү хэрэгт чухал ач холбогдолтой үйл явдлыг гэрчлүүлэхээр шүүхэд гэрч асуулгах сүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамжийн биелэлтийг хангалгүй шүүх хурлыг хуралдуулсан. Гэрчээс мэдүүлэг авахаар бодит ажиллагаа хийлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасан эрхийг хангаагүй болно. Гэрч Б.Чулуунхүү нь 2 удаагийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөр ирэхэд хурал удаа дараа хойшлож шүүхээс гэрчийг дараагийн шүүх хурал дээр авчир гэж гэрчийн мэдүүлэг авахгүй буцааж байсан болно. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  109 дүгээр зүйлийн 109.4-т заасны дагуу гэрчийн мэдүүлгийг урьдчилан авах болон 43.5-д зааснаар гэрчийг албадан ирүүлж болох байсан боловч энэхүү ажиллагаа хийгдээгүй юм. Монгол Улсын Үндсэн хуульд эрх нь зөрчигдсөн иргэн хүн нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж заасан. Хариуцагч нар болон Б.Чулуунхүүтэй амаар харилцан тохиролцож дээрх байранд нүүж ирсэн нь, мөн Б.Чулуунхүү нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг найз Ш.Аварзад нь зээлийн барьцаанд биш худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн талаар бичгэн нотлох баримт байхгүй ч гэсэн энэхүү хэрэгт чухал ач холбогдолтой үйл явдлыг гэрчээр нотлуулж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэх боломжтой байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн байхад хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч О.Баттөмөр нь хариуцагч Г.Нарантуяа, М.Мэндбатаа нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

            Нэхэмжлэгч О.Баттөмөр нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Ууганбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжугийн гудамж, 74 дүгээр байр, 77 тоотод байрлах 48.49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх-ийн 7-8 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Баттөмөрийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөгч болсон тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

            Маргааны зүйл болох орон сууцанд хариуцагч Г.Нарантуяа, М.Мэндбатаа нар оршин сууж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй, хариуцагч  нар  уг орон сууцыг Б.Чулуунхүүтэй арилжааны гэрээ байгуулж авсан, бидний эзэмшлийн орон сууц гэж маргасан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар Б.Чулуунхүү нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй, маргааны зүйл болох орон сууцыг Б.Чулуунхүү нь бусдад буюу хариуцагч нарт худалдах эрхтэй эсэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нар орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж, чадаагүй байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч М.Мэндбатаа нь О.Баттөмөр, Б.Ууганбаяр, Ч.Батсайхан нарт холбогдуулж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Мөн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Б.Чулуунхүүгээс мэдүүлэг авсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлэг аваагүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.   

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ