Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2015/0041

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч даргалж Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Д.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 442 дугаар шийдвэрт хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Д-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар бүхий Ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд авах ёстой байсан цалинг гаргуулах гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Д нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлдэггүй, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажилладаггүй тул 2013 оны Б/26 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. 2013 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн. 2014 оны 01 дүгээр сард 6 өдөр ажилдаа ирээгүй. Иймд 2014 оны Б/01 дугаартай тушаалаар ажлаас халсан нь хуулийн үндэслэлтэй болно. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би Хөдөлмөрийн хэлтсийг үйл ажиллагаа явуулсан үеэс тус хэлтэст хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/12 дугаартай Бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тушаалын дагуу хэлтсийн Удирдлагын зөвлөлөөс өнгөрсөн оны үйл ажиллагаа, ажлын үр дүн болон бүтэц зохион байгуулалтад дүгнэлт хийгдсэн хурал болж, ийнхүү хэлэлцэгдсэн ажлын хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр Д.Жаргалмааг томилох шийдвэр гарсан байдаг. Одоо ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэн ажиллаж байна. Шийдвэрүүд зохих ёсоор гарсан гэж үзэж байна. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 442 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Д.Д-ыг урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: СХД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014.01.20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Д.Д-ыг хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний ажлаас халсан нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт байгаа үр дүнгийн гэрээ дүгнэсэн баримтууд, Хөдөлмөрийн хэлтсийн зөвлөлийн болон хэлтсийн шуурхай зөвлөгөөний хурлуудын тэмдэглэл, Д.Д-ын 2013 онд хийсэн ажлын 4 хавтас бүхий тайлан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог болно. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Жишээ нь: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.2-т заасныг хэрэглэх боломжтой байсан гэж үзсэнд гомдолтой. Д.Д-ын 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэдF буюу хангалтгүй үнэлгээ авсан. Энэ нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар бүрэн нотлогдоно. Иймээс Д.Д-ыг төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дугаар хэсгийн 7.1-т Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн F буюу хангалтгүй гэж дүгнэгдсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах арга хэмжээ авахаар заасны дагуу ажлаас халсан болно. Энэ байдал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1.3-т заасан Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заасныг зөрчөөгүй болно. Гэтэл анхан шатны шүүх энэ заалтыг зөрчсөн байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргах гол үндэслэлээ болгосонд гомдолтой. Д.Д-ыг ажлаас халах нь үндэслэлтэй байсан учраас Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 19 дүгээр зүйлийн 2 дахь заалт хэрэглэх шаардлагагүй байсан болно. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, тухайлбал: 23.1.1, 23.1.2-т зааснаар албан тушаал бууруулах өөр бусад арга хэмжээ авах боломжтой байсан гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Д.Д-ын 2013 оны үр дүнгийн гэрээ дүгнэх үед түүний үйл ажиллагааны үр дүн нь дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байсан учраас ажлаас нь халсан болно.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хэлтсээс Д.Д-ын 2013 онд хийсэн ажлын тайлан 4-н хавтас баримт гаргаж өгснийг үдэж цэгцлээгүй гэдэг үндэслэлээр үнэлээгүй орхисонд гомдолтой. Дээрх 4 хавтас баримтыг Д.Д өөрөө үдэж цэгцэлсэн учраас түүнийг манай хэлтэс, хэлтсийн ажилтнууд дахин цэгцлэх эрхгүй, шаардлага байхгүй болно. Дээрх 4-н хавтас баримтууд нь Д.Д-ын 2013 онд хийсэн гэх ажлын баримтууд. Энэ баримтууд түүнийг 2013 онд ажлаа хангалтгүй хийснийг үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн нь үндэслэлтэй болохыг ажлаас халахаас өөр арга хэмжээ авах үндэслэл байхгүй болохыг хангалттай нотлох баримтууд болно. Д.Д-ын хийсэн ажил гэх 4-н хавтас баримтанд 2013 онд өөрийнх нь хийсэн ажил гэх нэгч баримт байхгүй, харин хэлтсийн ажилтнуудын хийсэн ажлын тайлан, бусад баримтуудыг хавсаргасан байдаг.

Мөн анхан шатны шүүх 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/129 дугаартай тушаалаар Д.Д-т ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн үр дүнгийн гэрээг хангалтгүй гэж дүгнэсэнтэй зөрчилдөж байна гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн болно. Хавтаст хэрэгт Д.Д-т ур чадварын нэмэгдлийг олгохдоо түүнийг ажлаа сайн гүйцэтгэсэн гэснээр биш түүнд урам өгөх зорилгоор ур чадварын нэмэгдэл өгсөн баримтууд байгааг үнэлээгүй орхигдуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Д.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Д нь СХД-ийн Хөдөлмөрийн хэлтсээс үндэслэлгүй Б/01дүгээр тушаал гаргаж, түүнийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтнээр албан тушаалаас чөлөөлсөн гэж гомдол гаргасан.

Миний бие уг албан тушаалд 2014.02.03-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаанд ажиллаж, зохих шаардлагыг хангаж байна гэсэн үндэслэлээр 2014.05.26-ны өдрийн Б/63 тушаалаар албан ёсоортомилогдон, үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллаж, өөрийн ур чадварыг дээшлүүлэх хүсэл, сонирхолтой байгаа болно. Энэ үндэслэлээр уг хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөнө гэж үзэж байгаа.

Иймд хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийнхээ дагуу 442 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

-     Юуны өмнө Д.Д нь ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс түүний задгай орхисон материал болон хийж гүйцэтгээгүй ажлыг нөхөж гүйцэтгэсэн. Тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай,мэргэшсэн байхаас гадна төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд захирагддаг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэг хүлээсэн байтал үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй зөвхөн бусдаар ажлаа гүйцэтгүүлэх, ажлын цагийг байнга таслах, байгууллагын үйл ажиллагааг саатуулж, улмаар төрийн албаны үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэж байсан, төрийн алба эрхлэх шаардлага хангахгүй зэрэг байдал нь шүүх хуралдааны явцад хангалттай нотлогдсон.

Шүүхэд үнэн зөвийг мэдүүлэх бус зөвхөн бусдаас алдаа хайсан үндэслэлгүй тайлбар зэргийг шүүхэд өгч байсан зэрэг нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Д.Д нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гэрэлмаад холбогдуулан гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Д.Д-ыг ... сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь үр дүнгийн гэрээний биелэлт Хангалтгүй үнэлэгдсэнээр нотлогдож байгаа гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас нь халж шийдвэрлэсэн, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Учир нь, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хяналт-шинжилгээ үнэлгээ мэргэжилтэн Д.Д-ын үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар F үнэлгээтэй дүгнэсэн гэх боловч хариуцагч гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлэхдээ нэхэмжлэгчтэй ярилцлага хийгээгүй, үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсан дахь үнэлгээ өгсөн хэсгийг засварласан, мөн менежерийн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд дахин асуудлыг авч үзэх, үнэлгээ өөрчлөгдөөгүй тохиолдолд тайлбарыг хавсаргахаар заасныг хэрэгжүүлээгүй зэргээр Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдож байна.

Мөн тус хэлтсийн нярвын ажлын хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн 2013 оны тайлангийн баримт, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй хөнгөлөлт чөлөөлөлт санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны мэргэжилтний төслийн зээлийн хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ үнэлгээ хийсэн тайлан, хэлтсийн нийтлэг үйлчилгээний мэргэжилтнүүдийн ажлын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, хяналт, шинжилгээ үнэлгээний 11 дүгээр сард хийсэн ажлын тайлан, байгууллагын гадуур ажлын бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар Д.Д-ыг удаа дараа ажлын байрны тодорхойлолт заасан албаны чиг үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Хэдийгээр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн удирдлагын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэл, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэл, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч Д.Д-ыг ажил, албан тушаалдаа хайнга хандаж байсан талаар тэмдэглэсэн боловч нэхэмжлэгч Д.Д нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтний ажлын байрын тодорхойлолтод заасан яг ямар зорилго, зорилтоо, хэзээ, хэрхэн хэрэгжүүлээгүй талаар хариуцагч болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шалгаж тогтоосон зүйлгүй атлаа нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй болохыг тогтоосон гэж хариуцагч тайлбарлаж, буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/26 дугаар тушаалаар Д.Д-ыг ажлын байрны тодорхойлолтын дагуу албан үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллаагүй гэж түүний цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулж, сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүнээс хойш Д.Д-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албаны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй болохыг хариуцагч тогтоолгүйгээр удаа дараа гэж үзэн Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д-ыг ажлаас нь халсан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Д-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлээгүй байдлын талаар хангалттай, үнэн зөвийг тогтоож чадаагүй байхад түүнийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтний ажил, албан тушаалаас халахаар шийдвэрлэсэн, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Тиймээс анхан шатны шүүхийг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР