| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00526/И |
| Дугаар | 505 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 505
| 2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2017/00505 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00526/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд багт оршин суух, Боржигон овогт Түдэвдагвын Бариашир /РД:СА95041313/-ын нэхэмжлэлтэй
“Бусдын асрамжинд байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Бариашир нь миний бие Улаанбаатар хотод Соёл урлагийн их сургуульд суралцдаг бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Бариашир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1995 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Миний эцэг Түдэвдагва, эх Ж.Сайхантуяа нар нь 1999 онд хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон бөгөөд эх маань нь элэгний хатуурал гэсэн оноштой байнгын эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж хэвтрийн дэглэм сахиж гэртээ хэвтэж байдаг. Эцэг Түдэвдагва нь эрүүгийн хэрэгт холбогдон 9 жилийн хорих ял авсан. Удахгүй хорих ангиас гарсны дараа хүнд өвчний улмаас нас барсан юм. Тухайн цаг үеэс эхлэн Бариашир миний бие нь эцэг Түдэвдагвын эх болох Б.Бямбаагийн асрамжинд Батноров сумын Засаг даргын захирамжийн дагуу өсч хүмүүжин түүний асрамжинд байсан. Одоо Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр курст төрийн сангийн буцалтгүй тусламжаар суралцаж байгаа. Гэтэл сургуулиас 1999 оноос 2013 он хүртэл эмээ Б.Бямбаагийнхаа асрамжинд байсан нь үнэн гэсэн шүүхийн шийдвэр авч ир гэсэн. Хэрвээ авчрахгүй бол сургуульд суулгахгүй. Сургуулиас чөлөөлнө гэсэн. Иймд нэхэмжлэгч Т.Бариашир миний биеийг эмээ Б.Бямбаагийн асрамжинд байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Түдэвдагвын Бариашир нь бусдын асрамжинд байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Т.Бариаширын бусдын асрамжинд байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Түдэвдагвын Бариашир нь өөрийн талийгаач эцэг Барамсайн Түдэвдагвын төрсөн эх /эмээ/ Туйхар овогт Бат-Очирын Бямба /РД:СА41052502/-ын асрамжинд 1999 оноос 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн Батноров сумын засаг даргын орлогч Г.Отгонбаярын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 246 дугаартай тодорхойлолт /хх-ийн 5х/, Барамсайн Түдэвдагвын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/ гэрч Б.Бямбын..миний хүү Түдэвдагва нь 2 хүүхэдтэй бөгөөд Бариашир нь анхных нь хүүхэд юм. Түдэвдагва хүү маань 1999 онд ял шийтгэгдэж, 2001 онд суллагдсан. Бариаширийн ээж Ж. Сайхантуяа нь нөхрийгөө шоронд орсоноос хойш 2 хүүхдээ над дээр орхиод явсан. Тэрнээс хойш ирээгүй ба хүүхдээ тэжээн тэтгэдэггүй. Ээж нь одоо өөр нөхөртэй болж хүүхдийг нь гаргасан гэж сонссон. Бариашир нь 3 настайгаасаа эхлэн миний асрамжинд үлдсэн. Би Бариаширыг тэжээн тэтгэж, сургуульд явуулсан юм гэх мэдүүлэг /хх-ийн18х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Түдэвдагвын Бариашир /РД:СА95041313/-ыг өөрийн талийгаач эцэг Барамсайн Түдэвдагвын төрсөн эх /эмээ/ Туйхар овогт Бат-Очирын Бямба /РД:СА41052502/-ын асрамжинд 1999 оноос 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Бариашираас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР