Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/642

 

    2022        05        02                                  2022/ШЦТ/642

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолт/,

хохирогч, шүүгдэгч Г.Г, О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Г тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Номин сүлжээ дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 7, эх, ах, 4 дүүгийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр баг 10 дугаар гудамжны 116 дугаар байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 59-02 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Г

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид харш 3 дугаар байрны 3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А.Г

Холбогдсон хэргийн талаар:

Г.Г нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 73а байрны 71 тоотод 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж О.Гийг зодож түүний биед цээж зүүн хөхний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, цус хуралт, баруун өвдөгний дотор, зүүн өвдөгний дор цус хуралт, баруун чихний ар нугалаасанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

О.Г нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 73а байрны 71 тоотод 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Гийг зодож түүний биед баруун хацрын нум ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, баруун чамархайн, хуйх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч Г.Гийн “2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай найз Сувд-Эрдэнэ намайг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Өгөөмөр хотхонд хүрээд ир гэсэн ба би найзтайгаа 2 байна ирээд хоноод яв гэж хэлсэн.Тэгээд яваад очиход Сувд-Эрдэнэ өөр нэг залуугийн хамт пиво уугаад сууж байсан намайг хамт пиво уугаач гэхэд нь бид гурав 2 том пиво хувааж уусан. Тэгээд пиво ууж байхад Г гэх залуу намайг манай гэрт ирээд яах гээд байгаа юм гээд Сувд-Эрдэнийг надтай хардаж наадах чинь миний найз охин би үерхдэг гэх мэт зүйл ярьж чиний найз байх хамаагүй гэж маргалдсан.Тэгээд маргалдсан газраас Г явж тамхи татаад эргэж ирэх замд Г нь намайг заамдаж аваад бид 2 барьцалдаж аваад толгой руу цохиод тэвэрч” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

Яллагдагч О.Гийн “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 73а-71 тоотод гэртээ найз охин болох Сувд-Эрдэнийн хамт пиво уугаад сууж байсан чинь манай найз охин Сувд-Эрдэнийн утас дугаараад байхаар ямар учиртай хүн яриад байгаа юм бэ чи утсаа авахгүй юм уу гэж хэлсэн.Тэгсэн нөгөө өрөөнд ороод Сувд-Эрдэнэ утсаар ярьж орж ирээд манай найз залгаад байна хонох газаргүй болсон яваад очих уу гэж байна гэж надад хэлэхээр би за за болохгүй бол хажуу өрөөнд унтуулахаас гэж хэлсэн тэгсэн удалгүй гаднаас нэг залуу манай гэрт ирсэн.Тэгээд би танилцаад бид 3 хамт сэнгүр нэртэй 1 том пиво ууж сууж байгаад тэр залуу намайг хэл амаар доромжилоод бид 2 хоорондоо маргалдаад барьцалдаж аваад тэр залуу намайг газар унагаад нүүр лүү цохиход миний хамраас цус гарсан тэгэхээр би босож ирээд чи яаж байгаа юм бэ гээд дахин барьцалдаж авахад дахин намайг газар унагаад дээр гараад суугаад байсан. Тэгээд би босооч гэж хэлсэн нөгөө залуу боссон тэгээд би чи манай гэрээс яваач гэж хэлсэн тэгээд дахин маргалдаад барьцалдаж аваад 2 биенээ цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

Хохирогч О.Гийн “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр хотхоны 73а-71 тоотод гэртээ найз охин болон Н.Сувд-Эрдэнийн хамт пиво уугаад сууж байсан чинь манай найз охин Н.Сувд-Эрдэнийн утас дуугараад байхаар ямар учиртай хүн яриад байгаа юм бэ чи утсаа авахгүй юм уу гэж хэлсэн. Тэгсэн нөгөө өрөөнд ороод Н.Сувд-Эрдэнэ утсаар ярьж орж ирээд манай найз залгаад байна хонох газаргүй болсон яваад очих уу гэж байна гэж надад хэлэхээр би за за болохгүй бол хажуу өрөөнд унтуулахаас гэж хэлсэн тэгсэн удалгүй гаднаас нэг залуу манай гэрт ирсэн. Тэгээд би танилцаад бид 3 хамт сэнгүр нэртэй 1 том пиво ууж сууж байгаад тэр залуу намайг хэл амаар доромжпоод бид 2 хоорондоо маргалдаад барьцалдаж аваад тэр залуу намайг газар унагаад нүүр лүү цохиход миний хамраас цус гарсан тэгэхээр би босож ирээд чи яаж байгаа юм бэ гээд дахин барьцалдаж авахад дахин намайг газар унагаад дээр гараад суугаад байсан. Тэгээд би босооч гэж хэлсэн нөгөө залуу боссон тэгээд би чи манай гэрээс яваач гэж хэлсэн тэгээд дахин маргалдаад барьцалдаж аваад 2 биеэ цохисон байгаа. Миний дээд уруул язарсан, зүүн хацар хавдсан, 2 өвдөг хөхөрсөн, баруун чих хөндүүр цээжний зүүн талын хөхний доод тал хөндүүр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

            Хохирогч Г.Гийн “2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай найз Н.Сувд-Эрдэнэ нь намайг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөрт хүрээд ир би найзтайгаа хоёулаа байна ирээд хоно гэсэн тэгэхээр нь би яваад Н.Сувд-Эрдэнэ нь О.Г гэх өөр нэг залуугийн хамт пиво уугаад байж байсан ба намайг хамт пиво уугаач гэхээр нь би хамт суугаад бид гурав 2 том пиво хуваагаад уусан. Бид нар хамтдаа пиво ууж байгаад О.Г гэх залуу нь намайг чи манай гэрт ирээд яах гээд байгаа юм гээд Н.Сувд-Эрдэнийг надаас харамлаад наадах чинь миний охин би үерхдэг гэх мэт зүйл яриад чиний найз байх хамаагүй гээд маргалдсан. Тэндээсээ О.Г нь явж тамхи татаад эргэж ирээд дахин маргалдаад бид хоёр барьцалдаад хоорондоо зодолдсон. Тэгээд бид хоёр зодолдож байгаад намайг сүүлд цохиход миний ухаан балартаж унасан. Тэгээд унтаж байгаад өглөө 06-07 цагийн орчимд сэрэхэд миний нүүр өвдөөд сэрэхээр нь өөрийнхөө нүүрийг харахад миний нүүрний баруун тал хэсэг хавдаж хөхөрсөн байсан ба намайг цохисон гэх О.Г гэх залуу яанаа хүйтэн жин тавьж өгсөн ба би буцаад унтаж байгаад сэрэхэд О.Г гэх залуу нь ганцаараа архи ууж байгаад намайг хамт уухуу гэхээр нь би үгүй гээд босоод гэрээс нь гараад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Сүүлд унтаж байгаад сэрэхэд О.Г гэх залуу нь чи өөрөө эхэлсэн биз дээ чи намайг хэдэн удаа цохилоо гэх мэт зүйл яриад байхаар нь би гараад явсан. Миний нүүрний баруун хэсэг тэр чигтээ хавдсан, толгойн ар хэсэгт хавдсан, зүүн гарын тохой хэсэг шалбарч урагдсан өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй. Тухайн гэмтлүүдийг О.Г нь миний биед учруулсан. Намайг цохиход миний ухаан балартсан ба ухаан балартсан хойно юмаар цохисон уу яасан болохыг мэдэхгүй байна ухаан балартаж унахаас өмнө уг нь нүүр зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2537 дугаартай “Г.Гийн биед баруун хацрын нум ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, баруун чамархайн хуйх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2682 дугаартай О.Гийн биед цээж зүүн хөхний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, цус хуралт, баруун өвдөгний дотор, зүүн өвдөгний дор цус хуралт, баруун чихний ар нугалаасанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. З.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж О.Гийг зодож түүний биед цээж зүүн хөхний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, цус хуралт, баруун өвдөгний дотор, зүүн өвдөгний дор цус хуралт, баруун чихний ар нугалаасанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч О.Г нь согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Гийг зодож түүний биед баруун хацрын нум ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, баруун чамархайн, хуйх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч О.Г, Г.Г /хх-ийн 64, 72 дугаар тал/, хохирогч О.Г, Г.Г /хх-ийн 13-14, 8-9 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21, 25-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

О.Г, Г.Г нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Г.Гийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, О.Гийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч О.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 86 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Г.Гт гэмт хэргийн улмаас баримтаар 714034 төгрөгийн хохирол тогтоогдсон ба үүнийг О.Г нөхөн төлсөн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, О.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Хохирогч Г.Г нь цаашид хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу О.Гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Г, Г.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч О.Г, Г.Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч О.Г, Г.Г нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

О.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

О.Г, Г.Г нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөтүүд овогт Ганбаатарын Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О. Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс О.Г, Г.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Г.Г нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар О.Гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

        6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Г, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ