Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/286

 

                                                                                                                      

 

 2022        02          24                                  2022/ШЦТ/286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Бийн Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 04268 0104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо 37 дугаар гудамжны 556 тоотод эхнэр Б.Цтэй караокеноос гарахгүй хүнтэй уулзлаа гэж маргалдан нүүр, толгой хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих үйлдлээр биед нь халдаж тархи доргилт, баруун хацар, зүүн алганд зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн гарын чигчий хурууны хумсанд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 04268 0104 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн үед Шархадны эцсийн Билэг төвийн караокед хадам эгч Алимаа, хүргэн ах Сэрсээ, баз Мягмардорж, хадам дүү Даваацэцэг, нөхөр Д нарын хамт ороод 00 цагт гараад Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо 37-556 тоотод Мягмардоржийн хашаанд орж ирээд нөхөр Д намайг заналхийлээд барьж аваад “чи муу ямар зэвүүн пизда вэ” гэхээр нь би “чи одоо яагаад байгаа юм бэ” гэхэд намайг барьж аваад газарт унагаасан. Хадам эгч Алимаа хажуугаас нь “наад муу чинь зэвүүн гичий шүү дээ” гээд шургаад байсан. Намайг “алчихъя л даа” гээд заамдаж байгаад нэг талын чих рүү цохисон. Босож ирэхэд миний ээмэг алга болсон байхаар нь “миний ээмэг...” гэхэд чамайг ална шүү гээд заналхийлээд байсан.

...тухайн караокед миний таньдаг хоёр хүн байхаар нь би “за сайн уу” гээд очиж мэндлээд сууж байхад манай нөхөр над дээр ирээд “хурдан явъя” гэж гэхээр нь би “түр хүлээж бай” гэж хэлэхэд манай нөхөр гараад явсан. Удалгүй караоке хаах болоод бид хэд машинд суугаад хүргэн Мягмардоржийн хашааны гадаа буугаад байж байх үед нөхөр уурлаад над дээр ирээд “хүн явъя гээд хэлээд байхад яагаад явдаггүй юм бэ” гэж хэлээд миний толгой, чих хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгтэл хамт байсан хүмүүс салгаад нөхрийг гэр рүү аваад орсон” гэх мэдүүлэг /хх 09, 14-15/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11602 дугаартай:

“Б.Цийн биед тархи доргилт, баруун хацар, зүүн алганд зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн гарын чигчий хурууны хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... гэтэл манай эхнэр караокеноос гарахгүй хүнтэй уулзаад байхаар нь би хурдан явъя гэж уурласан. Тэгтэл манай эхнэр битгий уурлаад бай гэж хэлээд бид хоёр маргалдсан. Машинд суугаад би эхнэртэйгээ маргалдсан, дүүгийнхээ хашааны гадаа очоод хэрэлдээд байхаар нь түүний нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа алгадсан. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө удирдах чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх 39/,

 

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 04, 06/,

- эргүүлийн офицерын: “...Б.Ц нь уйлсаар гудамжнаас гүйж гарч ирсэн /зүүн чих нь хавдсан баруун чихний ээмэг байхгүй хувцас хунар нь битүү шороо болсон байв/ юу болсон талаар асуухад би нөхөр болон нөхрийн хамаатны хэдэн хүмүүстэй Шархадны Билэг төвийн караокед 20 цагт ороод 00 цагт бүгд нэлээн согтсон гарч ирээд баз Мягмардоржийн хашаанд очсон. Хашаан дотор нөхөр намайг газар унагаасан, босож ирэхэд заамдаж байгаад зүүн чих рүү цохисон. Миний баруун чихний ээмэг алга болсон байсан, чи яаж байгаа юм бэ гэхэд чамайг ална шүү гээд дайраад байсан гэв. Б.Цийг баз Б.Мягмардорж /89071143/, түүний эхнэр Ц.Даваацэцэг нарт хүлээлгэн өгч гэрт нь хүргүүлсэн. Эхнэрээ зодсон гэх Б.Дг эрүүлжүүлсэн” гэх илтгэх хуудас /хх 07/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 42/, жолоодох эрхийн лавлагаа /хх 43/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх 44/,  хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх 48-49/, Боржгоны тал ХХК-ийн тодорхойлолт /хх 51/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Дгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Б.Дд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ