Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 508

 

2017 оны 09 сарын 07 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00508

                 Хэнтий аймаг

зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00448/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 8б-2 тоотод оршин суух, Мэргэн овогт Лхагвасүрэнгийн Ууганбаяр /РД:СТ91031413/-ын нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 15-11 тоотод оршин суух, Оожин овогт Буутайхүний Алтанцоож /РД:СФ85121413/-д холбогдох

           “зээл, зээлийн хүүгийн 3 300 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэрзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэрзоригийн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт, саналын дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

нэхэмжлэгч Л.Ууганбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Алтанцоож нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ хийж 1 500 000 төгрөгийг зээлсэн. Мөнгийг Идэрзориг буюу миний найзын данснаас Б.Алтанцоожийн данс руу шилжүүлсэн. Гэрээний нөхцөлд Б.Алтанцоож нь өөрийн нэр дээрх Истана маркын 7097 ХЭҮ гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаанд тавьсан. Иймд үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүү 450 000 төгрөг, алданги 1 350 000 төгрөг, нийт 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Лхагвасүрэнгийн Ууганбаяраас 2017 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр 1 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Авсан зээлээ төлөх гэхээр санхүү, орлого байхгүй удсан. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өдөр болгон 5 000 төгрөгийг төлж 2018 оны 03 дугаар сард үндсэн зээл 1 500 000 төгрөг болон зээлийн хүү 450 000 төгрөг, алдангид 450 000 нийт 2 400 000 төгрөгийг төлж барагдуулах саналтай байна гэжээ. /хх-ийн 22х/

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Ууганбаяр нь хариуцагч Б.Алтанцоожид холбогдуулан “зээл, зээлийн хүүгийн 3 300 000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэрзориг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Алтанцоожоос 3 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өдөр болгон 5 000 төгрөгийг төлж, 2018 оны 03 дугаар сард үндсэн зээл 1 500 000 төгрөг болон зээлийн хүү 450 000 төгрөг, алдангид нийт 2 400 000 төгрөгийг төлж барагдуулах тухай тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

    

            Ийнхүү шүүх хуралдааны явцад зохигчид нь эвлэрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Л.Ууганбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Алтанцоожид холбогдох “зээл, зээлийн хүүгийн 3 300 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 900 000 /есөн зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч тал  нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өдөр болгон 5 000 төгрөгөөр төлж, 2018.03.01-ний өдрийн дотор үндсэн зээл 1 500 000 төгрөг болон зээлийн хүү 450 000 төгрөг, алдангид 450 000 нийт 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэрзоригийн нэр дээрх ХААН банкны 5954153944 тоот дансанд төлж барагдуулсан байхаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы үүрэг хүлээсэн зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 65 350 төгрөгийн тал хувь болох 32 675 улсын орлогод үлдээж, үлдэх 32 675 төгрөгийг Төрийн сангийн 180000941 ттот данснаас гаргуулж нэхэмжлэгчид,  хариуцагч Б.Алтанцоожоос 32 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР