Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/319

 

 

 

  2022         03         03                                    2022/ШЦТ/319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Батболд,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Сгийн Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00084 0140 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 02 шөнийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүүст авто угаалгын газрын гадна хохирогч Э.Гэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу зүй бус харьцсан хэмээн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00084 0140 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2021 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед найз Б над руу залгаад “Лхагваагийн гэрт байна, хамт нэг газар сууя” гэж хэлэхээр нь би Лхагваагийн гэрт очиход Б, Лхагваа нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Би тэр хоёрыг аваад угаалгын газар дээрээ авч ирээд Б, Лхагваа, Балдорж бид нар 0.5 литрийн Эдэн архи нэг шил, 0.75 литрийн Соёрхол архи хоёр шил, нийт 3 шил архи хувааж уугаад сууж байх үед Балдоржийг эхнэр нь ирээд аваад явсан. Бид 3 архиа хувааж уугаад дуусгаад байж байх үед эхнэр Уугантуяа намайг авахаар ирээд угаалгын газрын гадаа машиндаа сууж байсан. Улмаар угаалгын газраа хаагаад хаалгаар гарах тэр үед би юу болсон талаар санахгүй байна. Би гэнэт газар уначихсан, нүүр рүү Б өшиглөж байсан. Б намайг зодчихоод яваад өгөхөөр нь би араас нь орилж, гар утас руу нь залгасан. Тэр үед эхнэр Уугантуяагийн дүү Уртнасан миний үйлдлийг хориод тэвэрч авчихаад байсан. Тэр үед миний нүднээс, амнаас цус маш их хэмжээгээр гараад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.

Надад учруулсан гэмтлийг Б учруулсан. Өөр хүн намайг зодож цохисон асуудал байхгүй. ...шүдний эмчилгээнд зарцуулах 700.000 төгрөгийг Баас авсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 06-07, 58/,

 

Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...би гэрээс гараад яваад очиход ах Гэ нь ганцаараа нэлээн согтсон. Харин хоёр найз нь гайгүй эрүүл ухаантай архи уугаад сууж байсан. Тэгсэн Гэ, Б нар хоорондоо маргалдаад Б нь Гийг “чи намайг барахгүй шүү, гараад үзье” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би дундуур нь ороод маргалдахаа болих талаар хэлээд сүүлдээ гэр гэр рүүгээ явахаар болоод хоорондоо хүзүү хүзүүгээрээ тэврэлдээд авто угаалгын хаалгаар гараад автомашины зам дээр Гэ халтирч унахад Б шууд нүүр хэсэгт 2 удаа цохиж байгаа харагдсан. Лхагваа бид хоёр дундуур нь орж салгасан. Тэр хоёр бие бие рүүгээ дайрч байснаа Гэ халтирч дахиад газарт унахад Б нүүр рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэр хоёрыг бүүр салгаад холдуулсан. Гэ ах газраас босож ирэхэд нүднээс цус шүүрээд, нүд нь хавдсан байсан. Гэ нь Бт “анд аа, яаж байгаа юм бэ, би чамд ямар буруу зүйл хийсэн юм бэ, одоо хоёулаа эр хүн шиг үзчихье” гэж хэлээд дайрахаар нь би ахыг тэвэрч аваад машинд суулгаад Гэмтэл согог судлалын үндэсний төв явсан. Гэ ахын үүдэн шүд сэтэрснийг хоол идэж байх үед нь харсан. Дээд 2 шүд нь сэтэрсэн байсан гэх мэдүүлэг /хх 10-11/,

 

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ Бын хамт байх үед Гэ “гэрийн гадаа чинь байна, гараад ир” гэж залгахаар нь гараад очиход Гэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, дүү Улаанаа /Гантулга/ нь машиныг байсан ба Гэ “угаалга руу явъя” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд бид нар хамт угаалгын газарт очсон юм. Угаалгын газрын үүдэнд очоод эсрэг талын дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол нэртэй архи аваад угаалгын өрөө рүү нь орох үед Бал гэх залууг Гэ дуудсан байсан. Бид дөрөв нийлээд архиа ууж дуусгасан. Бал бид хоёр дэлгүүр гарч 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, чипсийн хамт авч орж ирээд архи ууж дуусгасан бөгөөд Гийн танил дүү Мөө орж ирээд дахиад 1 шил авч уугаад сууж байсан чинь Гийн эхнэрийн дүү Улаанаа ирсэн. Гийн эхнэр ирэхдээ согтуу орж ирсэн юм. Тэгсэн удалгүй Балыг эхнэр нь ирээд аваад явсан. Тэр үед Гэ эхнэртэйгээ маргалдаад өрөөнөөс гарч граж руу гарсан. Гражид тэр  хоёр орилж, хашхираад бие бие рүүгээ дайраад байхаар нь очоод юу болоод байгаа юм бэ, болиоч гэж хэлээд салгаж байх үед Гэ миний хамар нэг удаа мөргөсөн. Би хэсэг хугацаанд манараад гражийн хаалганы хажуу талын буланд нүүрээ бариад хэсэг хугацаанд суусан. Тэр үед Б, Гэ, Улаанаа нар нь гарч байх шиг байсан. Тэгээд удалгүй араас нь гарахад Б, Гэ нар бие биеийнхээ энгэрээс барьчихсан зогсож байсан санагдаж байна. Улаанаа нь Быг аваад замын тийш түлхэж, татаад аваад явсан. Би Гээс юу болоод байгаа юм бэ гэж асуугаад зогсож байсан чинь ардаас Улаанаа ирээд та Б ахыг аваад яв гэж хэлэхээр нь Быг аваад гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг /хх 22-23/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11641 дугаартай:

“Г.Гийн биед духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 29-30/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн:

... шөнө 02 цаг 31 минутад Жигэст нэртэй хүний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд замын эсрэг талд шар өнгийн угаалгын газар гэж харагдах обьект байх ба наад талд нь цагаан өнгийн Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг объектын хаалгаар 4 хүн гарч ирж нэг нь газарт унаж байгаа харагдах бөгөөд ямар хувцастай, царай зэрэг нь тодорхой харагдахгүй байсныг үзлэгийн тэмдэглэл тусгав. Тухайн 4 хүн хоорондоо зууралдаж, бие биеэ түлхэж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байв. Тухайн 4 хүн бие биеэсээ зууралдаж байгаад 3 нь цаад талд байрлах саарал өнгийн объект руу нэг нэгнийгээ түлхэж чирээд авч явах бөгөөд ард талаас нь нэг эрэгтэй хүн алхаж байгаад доошоо тонгойгоод хагас сууж байв. Үзлэгийг үргэлжлүүлэхэд доошоо тонгойсон байсан эрэгтэй нөгөө гурван хүн дээр очиж дахиад зууралдаж, зодолдож байгаа харагдаж байх бөгөөд цагаан өнгийн Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгслээс эмэгтэй хүн бууж ирээд салгаж байгаа нь харагдаж байна. Тухайн хүмүүсийн нэг нь нөгөөгөө гараараа нүүр хэсэг рүү нь цохиж газарт унагаж, өшиглөж байгаа байх бөгөөд яг ямар хүн ямар хүний биед халдаж байгаа нь тодорхойгүй байсныг үзлэгийн тэмдэглэл тусгав. Үзлэгийн цааш нь үргэлжлүүлэхэд нэг эрэгтэй нь нөгөө эрэгтэйгээ салгаад замын нөгөө тал руу аваад гарч байгаа нь хяналтын камерын бичлэгт харагдаж байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Жигэст нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт өөр зүйл байгаагүй тул камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг дуусгав гэх тэмдэглэл /хх 37-38/,  

 

Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Лхагвасүрэн бид хоёр Барс зах дээр 2 хоног нойргүй вагоны ачаа буулгаад Лхагвагийн гэрт орж ирээд байж байх үед 22 цагийн үед Лхагва руу Гэ залгаад гэрийн чинь гадна байна, гараад ир гэхээр нь Лхагва бид хоёр хамт гарсан. Гэ жаахан халамцуу дүү нь машиныг нь барьсан байсан. Гийн машинд суугаад Дарь-Эхэд байрлах Гийн ажиллуулдаг Бүүст нэртэй авто угаалгын газар очсон. Хажуугийн дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч Лхагвасүрэн, Балдорж, Гэ бид дөрөв хувааж уугаад дуусгаад дахиад 0.75 литрийн архи авч ууж дуусахад дэлгүүр хаасан. Гэ дүү рүүгээ залгаад 1 шил архи олоод аваад ир гэж хэлсэн. Дүү нь 1 шил авч ирээд уух гэж байх үед Балдоржийн эхнэр нь ирээд Балдоржийг аваад явсан. Тэгээд Гийн эхнэр нэлээн согтуу гаднаас орж ирээд намайг алгадаад өшиглөсөн. Би согтуу хүн юм чинь гээд юм яриагүй. Нөхөр Гэтэй маргалдаад байсан. Тэр хоёрыг муудалцаад байхаар нь Лхагвасүрэн салгах гээд очиход Гэ Лхагвасүрэнг мөргөж унагаахаар нь Лхагвасүрэнг босгоод Гэ дээр гэр бүлийн маргааныг салгах гээд очиход Гэ намайг доромжлоод дүлий гэж дуудаад хэл амаар доромжлоод намайг мөргөхөөр нь би зөрүүлээд Гийн нүүр рүү гараараа цохисон. Гэ гадагшаа гаръя гэж хэлээд миний цамцнаас зулгаагаад гарсан. Гэ бид хоёр угаалгын газрын гадна барьцалдаж аваад нэлээн хоорондоо цохилцож зууралдаж байгаад Гэ газар халтирч унахаар нь би 1 удаа өшиглөсөн би яг хаашаа нь өшиглөснөө санахгүй байна. Нүүр рүү нь өшиглөсөн байж магадгүй гэх мэдүүлэг /хх 54-55/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 32/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 33/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Бын хохирогч Г.Гийн бие махбодод духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Гэ мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар хохирол  нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700.000 төгрөгийг өгсөн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч С.Бт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ