Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/0153/Э |
Дугаар | 2022/ШЦТ/163 |
Огноо | 2022-02-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
2022 02 08 2022/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0170 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Соёмбот бүргэд” ХХК-нд бармен ажилтай, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын 11 дүгээр баг Хайрханы 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.У
Холбогдсон хэргийн талаар:
Г.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-30 нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын үйлчилгээний төвийн гадна байрлуулсан иргэн Б.Байгалмаагийн 21-05 УАС улсын дугаартай “Jaguer ХF” маркийн автомашины баруун талын толийг хууль бусаар хөлөөрөө өшиглөж, хугалж устгасны улмаас хохирогч Б.Байгальмаад 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Яллагдагч Г.Уын “Би тэр үед үнэхээр тасарчихсан байсан бөгөөд ямар ч байсан намайг гадаа хүнтэй маргалдаад зогсож байхад ажлын эмэгтэй болох Ононцэцэг гарч ирээд уулзсан гэж хэлсэн бөгөөд тухайн үед би хүний машины толь хагалчихсан байсан талаарай Ононцэцэгт хэлсэн байсан тул би ямар ч байсан өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,
Хохирогч Б.Байгальмаагийн “2021 оны 11 дүгээр сарын 30-ны 02 цагийн үед найз Заяатай уулзах гэж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн зогсоол дээр өөрийн 2105 УАС улсын дугаартай “Jaguer XF” маркийн авто машинтайгаа очсон. Авто машинаа зогсоолд зогсоогоод хүнтэй уулзаж байх хооронд миний машиныг үл таних эрэгтэй хүн өшиглөж байх шиг харагдсан. Тэгээд би гараад хартал баруун талын толийг хугартал нь өшиглөж байсан. Тухайн өшиглөсөн хүн зугтаагаад гүйгээд яваад өгсөн. Би авто машинаа аваад 3 хоногийн өмнө хувь хүнээс худалдаж авсан. Нэг толь нь 900.000 төгрөг болно. Би хараад танина. 1 м 80 см орчим өндөртэй туранхай, хар куртик, саарал жинсэн өмдтэй, буржгар үстэй залуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-10 дугаар тал/,
Гэрч Б.Ононцэцэгийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн үед ТСS ХХК-н шинэ жилийн баярын үйл ажиллагаа баруун дөрвөн замд байрлах Мичид ресторанд болсон бөгөөд шөнийн 00 цагийн үед баяр тараад ажлынхантайгаа хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сансар үйлчилгээний төв дээр шөнийн 02 цагийн үед Сансар hotel гэх зочид буудлын арын контенирын хажуугийн хаалгаар нэг караокед орцгоосон. Тэгээд тэнд дуулж байгаад үүрийн 05 цагийн үед тус газраас гарсан ба гадаа байж байтал Ууганбаяр түрүүлээд явсан бөгөөд хүмүүс хэл ам болоод байхаар нь юу болж байгааг харах гээд очиход Ууганбаяр нэг хүүхнээс уучлалт гуйгаад өшиглөчихлөө гэхээр нь машин руу очоод харсан ба тус машины толины арын таг нь салаад уначихсан байсан. Тэр үед би тухайн эмэгтэйд хандаад бид нар таны хохирлыг барагдуулъя гэхэд бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь тус эмэгтэйтэй би хэрэлдсэн юм. Тэгээд байж байтал Ууганбаяр зугтаагаад алга болсон бөгөөд би тэнд үлдсэн учраас цагдаа дээр хүрч ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №БЗД2-22-48 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 900.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Г.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Байгалмаагийн 21-05 УАС улсын дугаартай “Jaguer ХF” маркийн автомашины баруун талын толийг хууль бусаар хөлөөрөө өшиглөж, хугалж устгасны улмаас хохирогч Б.Байгальмаад 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Г.У /хх-ийн 32 дугаар тал/, хохирогч Б.Байгальмаа, гэрч Б.Ононцэцэг /хх-ийн 6-10 дугаар тал/ нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн тайлан /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Г.Уын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Г.Уыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Байгальмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгээр гаргасан хүсэлтийг /хх-ийн 42 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Г.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Уын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Г.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс Г.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ут 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ут 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ