Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/320

 

                                                                                                                      

 

 

    2022         03          03                                     2021/ШЦТ/320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Ганчимэг,   

Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Хохирогч Д.Б,

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тд холбогдох эрүүгийн 2206 00000 0565 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 8-381 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хоолойг боож газар унагах зэргээр зодож, улмаар түүний биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.                                                                                                                                                                   

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0565 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Н.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би нөхөр Т, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 8-381 тоотыг түрээслэн амьдардаг юм. Манай нөхөр Т шөнийн цагаар дуудлагын жолоочоор явж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа явсан хойно нь нөхөрийн төрсөн эгч Оюунчимэгийн хамт найзынд нь очоод төрсөн өдрийг нь тэмдэглээд байж байхад манай нөхөр үүрээр 05 цагийн үед над руу залгасан. Би айлд байгаа талаараа хэлэхэд намайг такситай ирж авсан. Бид 2 замаараа 2-н буудлын тэр хавьд байдаг шаг зардаг хүмүүсээс 2,5 литрийн савалгаатай пиво 1 савыг аваад гэртээ ирсэн. Манай хүүхдүүд тухайн үед манай төрсөн эгч Жавзмаагийнд байсан юм. Тэгээд манай нөхөр пивоо ууж байгаад “намайг гадуур хэслээ, өөр хүнтэй явалдаад байна” гээд хэрүүл хийж байгаад миний нүүрлүү гараараа цохисон. Намайг боогоод газар унагаагаад байсан. Намайг орон дээр сууж байхад бас өшиглөөд байсан. Хэсэг хугацааны дараа манай төрсөн эгч Жавзмаа гаднаас орж ирээд намайг аваад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Гэрч Д.Жавзмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай төрсөн дүү Д.Б нь нөхөр Т болон 3 хүүхдийн хамт манайхаас ойрхон амьдардаг. Сүүлийн хэд хоног хүүхдүүд нь манайд байгаа юм. Манай дүү 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой манайхаас 22 цагийн үед гарч яваад ирэхгүй байсан болохоор нь нь хаачсан юм бол гээд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед гэрт нь очиход манай дүүгийн нүүр ам нь зодуулсан байдалтай байхаар нь юу болсон талаар нь нөхөрөөс нь асуухад Т юм дугарахгүй байхаар нь би дүүгээ аваад гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Б 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манайхаас гараад явахад биед ямар нэгэн гэмтэл шарх учираагүй байсан. Нөхөр нь шөнө дуудлагын жолоочийн ажил хийж байгаад бууж ирээд гадуур хэслээ гээд зодсон гэж хэлсэн. Урд өмнө нь Б нөхөртөө зодуулдаг асуудал гарч байсан байх. Цагдаад хандаж шалгуулж байгаагүй. Оны өмнөхөн бас зодож дарамтлаад байна гэхээр нь би хүүхдүүдийнх нь хамт гэртээ байлгаж байсан юм. Тэгсэн 15-ны өдөр гэртээ аваачаад зодсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 1868 дугаартай:

Д.Бгийн биед дух, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүү, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хэлэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/,

 

Шүүгдэгч Н.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би оройн цагаар дуудлагын жолоочийн ажил хийж байгаа болохоор 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийг шилжих шөнө дуудлагын жолооч хийж байгаад өглөө 05 цагийн үед гэртэй ирсэн. Намайг ирэхэд эхнэр Б нь гэртээ байхгүй байсан. Би утсаар нь холбогдож байгаад байгаа газраас нь очиж аваад хамт гэртээ ирсэн. Замдаа 2,5 литрийн пиво аваад гэртэй ирээд хувааж уусан. Би авч ирсэн пивоо ууж байгаад гэр орондоо байхгүй айл хэсээд гэж хэлээд хэрүүл хийж эхлээд эхнэр Бгийн толгой, нүүр лүү нь гараараа алгадаад хоолойг нь боогоод газар унагсан. Орон дээр сууж байхад нь цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Би эхнэрийгээ өөр хүнтэй явалдаад байна гэж их уур хүрч хэрүүл хийсэн. Тэгтэл эхнэрийн эгч Жавзмаа манайд ирээд эхнэрийг аваад явсан. Тэгээд цагдаа дуудсан байсан. Тэр үед эхнэр Д.Б бид 2 л гэртээ байсан. Гаднаас ямар нэгэн хүн ирээгүй байсан. Хүүхдүүд эхнэрийн эгч Жавзмаагийнд байсан.

 Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, эхнэр бид 2 тэр өдрөөс хойш эвлэрсэн. Би эхнэрээсээ уйчлалт гуйгаад бид хоёр одоо хэвийн харилцаатай хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Миний үйлдсэн хэргийг хялбаршүулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

-хохирогч Д.Бгийн “миний бие 2022-01-15-ны өдөр нөхөх Ттэй маргалдаж зодуулсан. Нөхөр Т гэм буруугаа хүлээж бид 2 хүүхдүүдийн хамт амьдарч байгаа тул Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн   61/,

-шүүгдэгч Н.Тийн “миний бие 2022-01-15-ны өдөр эхнэр Д.Бтэй маргалдаж, түүнийг зодож биед нь хохирол учруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахин ийм асуудал гаргахгүй. Хэргийиг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 65/  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх- ийн 41-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Тийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.Тийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Бгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Б нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Н.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Нын Тийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ