Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 

                                                                                                                 

 

   2022         03          03                                     2022/ШЦТ/322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч К.Чимгээ,   

Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2106 02864 0631 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью ворлд” гэх нэртэй пабад иргэн Х.Стэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                    

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 02864 0631  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн үед NEW WORLD пабын нэг давхарт текний урд талын хашлага төмөрийн хажууд зогсож байхад махлаг өндөр биетэй, цагаан пудвольктой эрэгтэй над руу агсарч байгаад зүүн гараараа миний баруун талын шанаа, чих орчимд нэг удаа алгадсан. Тэгээд хүмүүс салгасан ба тэр үед түүнтэй хамт явж байсан хоёр найз нь салгасан. Би цагдаа дуудчих гэж хажууд байсан бармен Отгонзаяад хэлтэл хоёр найз нь над дээр ирснээ “наадах чинь өөрөө цагдаа, дуудаад нэмэргүй гараад уулзья” гээд намайг авч гарах гэзд татаад байсан. Би үгүй үгүй гээд хойшоо болоод зогсож байхад урд нь намайг цохисон хүн дахин ирээд баруун гараа зангидаж байгаад миний баруун нүд, хамарны орчимд нэг удаа цохисон. Тэгээд хамраас цус гарсан. Би зугатаагаад текений араар орж зогссон. Тэгэж байхад нөгөө хүн ирээд дайраад байсан ба бармен Отгонзаяа руу салаавч, дунд хуруугаа гаргаад агсраад байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч, эргүүлийн цагдаа ирээд намайг болон намайг цохисон хүнийг машиндаа суулгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр аваачсан гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

 

Гэрч Б.Отгонзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...махлаг, биерхүү эрэгтэй нь зүгээр байж байгаад агсам тавиад байсан ба тооцоогоо хийхгүй 30-40 минут орилж хашгираад хүн болгоныг өдөөд, дээрэлхээд байсан. Х.Сийг текний урд талд зүгээр зогсож байхад нь шууд очоод гараараа  2-3 удаа цохиод авсан. Өмнө нь тэр эрэгтэй Содоог очиж өдөөд дээрэлхээд байсан. Тэр хоёрын дунд маргаан бол болоогүй. Содоог цохих үед би харсан. Содоо бол хэн нэгний биед халдаж асуудал үүсгээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Гэрч Г.Билгүүнтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгэзр хорооны нутаг дэвсгэрт байрлах New world нэртэй пабаа ажиллуулж байхад 21 цагаас 22 цагийн хооронд хэсэг хүмүүс манай нэг давхарт байж байгаад дээшээ ормоор байна гээд байхаар нь хоёр давхарт оруулж үйлчилсэн. Тэгээд тэр хүмүүс эхлээд хоорондоо муудалцаад нэг нь яваад гурвуулаа үлдээд, үлдсэн гурав нь доор тооцоо хийхдээ маргаан үүсгэсэн. Нэг өөрийгөө цагдаа гэх эрэгтэй нь би бол цагдаа гээд хүн өдөөд байсан ба дээшээ хоёр давхар руу гараад бууж ирсэн. Бууж ирэхдээ мөнгөө өгч чадахгүй бантахдаа байж байгаад ойр орчим байсан үйлчлүүлэгчийг дагздаад дээрэлхээд явуулсан. Тэгээд шинээр орж ирсэн хүмүүс рүү агсраад байсан. Тэгэхээр нь манай бармен зохион байгуулагч хоёр түүнийг болиулах гэж оролдоход манай барменыг цохих гээд гараа савсан боловч оноогүй. Би тэр хүмүүст тал засаад ширээ засч өгье гээд тайвшруулаад байж байхад тогооч нарын ажлын цаг дуусах дөхөж байсан тул би ажлаа амжуулаад ирье гээд явсан. Намайг явсан хойгуур манай Содоо гэх бэлтгэгн эрэгтэй унааны мөнгөө авах гээд нэг давхар руу бууж байгаад нөгөө согтуу хүмүүстэй таарсан байх би яг болсон явдлыг хараагүй. Намайг эргээд ирэхэд Содоо нүд рүүгээ цохиулчихсан нүдээ бариад зогсож байсан. Манайхан намайг яваад ирэхэд цагдаа дуудчихсан байсан ба цагдаа нар ирээд тэр хүмүүсийг авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

Гэрч Г.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Д доошоо бууж пицца захиалсан. Их удаж байсан учраас Д зөөгчид нь удаж байна гэж уурлаж байсан. Зөөгч нь уурлаад явчихаж байгаа болтой байсан. Араас нь Д нэг давхар руу буусан.  Би араас нь буухад нэг зөөгчийг мангасдах шиг болсон. Тэгээд би Дыг явъя явъя гээд байж байхад цагдаад дуудлага өгсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №7452 дугаартай:

Х.Сийн биед хамрын таславчийн мурийлт, баруун шанаа, зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх хамрын мурийлт гэмтлийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

-БЗДЦГ ЦХ-2 шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 11/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 25/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн “цагаан өнгийн пудвольтой, махлаг гэмээр эрэгтэй амны хаалтаа эрүүн доогуураа зүүсэн байдалтай саарал өнгийн хантаазтай эрэгтэй хүн рүү гараараа далайх ба түүнийг хар өнгийн хувцастай хормогч зүүсэн эрэгтэй зүүн гарнаас нь татаж цааш нь авч явахаар оролдох ба тухайн эрэгтэй эргэж хараад саарал өнгийн хантаазтай эрэгтэйн баруун талын хацар орчимд зүүн гараараа алгадах ба тухайн эрэгтэй баруун гараараа хамгаалав. Цаана харагдах шатаар хар өнгийн амны хаалттай, нүдний шилтэй хар өнгийн хувцастай эрэгтэй хүн ирээд уг цохисон эрэгтэйг цааш нь авч явав. Энэ үед хажууд нь зогсож байсан саарал өнгийн малгайтай цамцтай, саарал өнгийн малгайтай, шорт өмссөн эрэгтэй, алгадуулсан саарал өнгийн хантаазтай эрэгтэйн урд очиж зогсоод саравтай малгайгаа эргүүлж харуулж зогсоод үг хэлж байна. Энэ үед тухайн эрэгтэй баруун гараараа баруун талын хацрыг дарж байна.

...цагаан өнгийн пудвольктой эрэгтэй саарал өнгийн малгайтай эрэгтэйг тэвэрч цааш нь түлхэж байх ба тэр хоёрын цаад талд хар өнгийн амны хаалттай, нүдний шилтэй эрэгтэй зогсож байна. Камерийн урд эрэгтэй хүний цааш харсан толгойн хэсэг харагдах ба тек, лангууны ар талд цагаан өнгийн амны хаалт зүүсэн хар өнгийн хувцастай, урдаа паск зүүсэн эмэгтэй байх ба цагаан өнгийн пудволктой эрэгтэйд гараараа юм зааж тайлбарлаж өгөх ба тухайн эрэгтэй уг эмэгтэй рүү баруун гарын дунд хуруугаа гаргаж байгаа байдалтай байна.

... сараалжийг нэг хүн налж зогссон байх ба түүнийг хар өнгийн зүйл барьсан дээгүүрээ цагаан өнгийн пудволк өмссөн эрэгтэй хүн баруун гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж байгаа дүрс бичигдсэн байна.

Цагаан өнгийн пудволктой эрэгтэй хар өнгийн хувцас, амны хаалт зүүсэн эрэгтэйг түлхэж холдуулах ба цохиулсан эрэгтэй баруун гараараа нүүр хэсгээ дарж зогсож байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 48-52/,

 

Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн:

Би тус New world пабд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд өөрийн оюутны найзууд болох Мягмардорж, Түмэн-Өлзий, Алтангэрэл нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд тэндээ 1 шил архи ууж дуусаад дахиад 1 шил архи аваад ууж дуусаагүй байхад би согтоод өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Эрүүлжүүлэх байрны гадаа сэргэсэн юм. Би яг юу болсон гэдгээ сайн санахгүй байна. Найзуудаасаа асуухад чамайг хүмүүстэй маргалдаж хүмүүс рүү гар далайгаад байхад бид хэд салгаж байсан болохоор хүн амьтан цохиогүй байхаа гэж хэлсэн. Би тухайн пабд хүнтэй маргалдаагүй байх гэж бодож байна. Найзууд намайг тухайн пабд агсан тавиад байсан гэж байна лээ.Тэгээд намайг цагдаа нар ирээд аваад явсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Энэ хэрэгт би маш ихээр гэмшиж байна. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 147/,

 

Хохирогч Х.Сийн “миний бие Б.Дтай сайн дураараа эвлэрч түүнээс хохиролд 350.000 төгрөгийг өөрийн 507.....27 дугаарын дансаар авсан. Цаашид надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 154/,

Шүүгдэгч Б.Дын “өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байгаа ба хохирогч Х.Сд учирсан хохирол болох 350.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 155/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, НДШ төлөлтийн тодорхойлолт, ажлаас чөлөөлж, томилох тухай ЦЕГ-ын даргын 2021-04-15-ны өдрийн Б/403 дугаар тушаал, Б.Дын хувийн байдлын талаарх баримтуудын хуулбар /хх-ийн 103-133/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.С, гэрч Г.Билгүүнтөгс, Г.Мягмаржав нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Дын хохирогч Х.Сийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Х.С нь “миний бие Б.Дтай сайн дураараа эвлэрч түүнээс хохиролд 350.000 төгрөгийг өөрийн 507.....27 дугаарын дансаар авсан. Цаашид надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалхаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Бийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ