| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/01086/И |
| Дугаар | 183/ШШ2017/01439 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2017/01439
| 2017 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2017/01439 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан, 98-3 тоотод оршин суух, Хиад боржигон овогт Жамбалдоржийн Онон /Регистрийн дугаар:ЧЙ77052561/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Виста ХХК-ны байр, 703 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхон, 1В-101 тоотод байрлах, “Могул Скай” ХХК /Регистрийн дугаар:5087384/-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбүрэн, С.Ичинхорлоо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Ж.Онон нь “Могул Скай” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 1А/84 тоот гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхоны 1А байрны 03 тоот 3 өрөө 82,35 мкв талбай бүхий орон сууцыг нэг мкв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцон 164,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу төлбөрийг “Могул Скай” ХХК-д бүрэн төлж дуусгасан боловч “Могул Скай” ХХК уг байрыг 30 хувийн гүйцэтгэлтэй байхад нь Улаанбаатар банкны зээлийн барьцаанд тавьснаас өнөөдрийг хүртэл захиалсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, өмчлөх эрхээ баталгаажуулж чадаагүй байна. Нэхэмжлэгч 2013 оноос хойш дээрх орон сууцанд амьдарч байгаа боловч Иргэний хуулиар олгогдсон захиран зарцуулах өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд Ж.Ононг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах “Могул таун” хотхоны 98 дугаар байрны 3 тоот 82,35 мкв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
“Могул Скай” ХХК гэрээг байгуулах үед нэхэмжлэгчид байр бүхэлдээ банкны барьцаанд байгаа талаар мэдэгдээгүй байдаг. Мөн банкны зүгээс барьцааны зүйл гэж байгаа ч барилга дуусаагүй буюу 30 хувийн гүйцэтгэлтэй байхдаа зээлийн барьцаанд тавигдаж, 100 хувийн гүйцэтгэлтэй болохдоо дахин бүртгэгдээгүй байдаг. Мөн барьцааны гэрээнд уг барилгыг 81 айлын орон сууц гэж төсөөлж байгуулсан бол улсын комисс хүлээж авч ашиглалтад оруулахад уг байр 93 айлын орон сууц болсон, мөн яг аль хэсгээр үүргийг хангах тухай гэрээнд байхгүй тул барьцаа Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн зээлийн маргааныг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэрт дурдагдсан орон сууцнуудад нэхэмжлэгч Ж.Ононгийн худалдан авсан 03 тоот орон сууцны талаар дурдагдаагүй тул шийдвэрлэгдсэн асуудал гэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Мөн талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ биш харин Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргийг “Могул Скай” ХХК хүлээсэн. Уг үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөгч нь иргэн Ж.Онон мөн гэдгийг хүлээн зөвшөөрч холбогдох баримт бичгийг гаргаж өгсөн боловч бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй татгалзсан тул үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ж.Ононтой 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1А/84 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тэрээр төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулсан болно. Иймд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ж.Ононг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчтэй гэрээг байгуулах үед байрыг барьцаанд байгаа тухай мэдэгдээгүй нь үнэн. “Могул таун” хотхоны хуучнаар 1А буюу одоогийн шинэ хаягаар 98 дугаар байрыг 30 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2011 оны 7 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанд тавьсан нь үнэн. Зээлийг олгохдоо зөвхөн арматурын зориулалтаар гэж бичсэнээс асуудал үүссэн. Шүүхийн шийдвэрээр банкинд 2 тэрбум орчим төгрөг төлөхөөр шийдвэр гарсан. Барилгыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч 100 хувийн гүйцэтгэлтэй болсноор уг барилгын үнэ их хэмжээгээр нэмэгдэж одоогийн үнэлгээгээр 24 орчим тэрбум төгрөгийн үнэтэй болсон. Гэтэл банк 2 тэрбум төгрөгийн барьцаанд 24 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалж, мөнгөө бүрэн төлсөн оршин суугч, иргэдийн эрхийг зөрчиж байна. Манай компани зээлийн өрийг төлөх болно гэв.
Гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Могул Скай” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний Зээлийн нэмэлт гэрээг байгуулж нийт 3,476,493,640 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй 1А буюу 98 дугаар байрыг тухайн үед 30 хувийн гүйцэтгэлтэй, “Могул скай” ХХК-ийн нэр дээр байхад ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн барьцаанд барьцаалагдсан бөгөөд эдгээр гэрээ нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл “Могул Скай” ХХК банкны зээлийн барьцааны хөрөнгийг иргэн Ж.Ононд худалдан борлуулахаар гэрээг байгуулахдаа энэ тухай банкинд огт мэдэгдээгүй. Энэ нь тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30.1, Зээлийн барьцааны гэрээний 5.4-т заасан барьцааны зүйлийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл авах журмыг зөрчсөн. “Могул Скай” ХХК нь зээлийн өрийг өнөөг хүртэл төлж дуусгаагүй байгаа. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул Скай” ХХК-иас 2,055,460,140 төгрөг гаргуулж манай банкинд олгохоор, хэрэв шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох дээрх орон сууц, авто зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1046 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн зүйл болох Могул таун хотхоны 1А байрны 03 тоот орон сууцанд ногдуулсан барьцааны үүрэг дуусгавар болохгүй. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулж байх ба Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр гэж үзэхгүй талаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрт дүгнэж шийдвэрлэсэн байгаа. Уг хэрэгт нэхэмжлэгчийн 03 тоот орон сууцны гэрээ байхгүй байгаа ч гэсэн нэг адил стандартаар байгуулагдсан гэрээ тул шийдвэрлэгдсэн асуудал гэж үзэж байна. “Могул Скай” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй ба өнөөдрийн байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэхийг даалгах шаардлага иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш. Хэрэв “Могул Скай” ХХК-иас бичиг баримтыг гаргаж өгч, бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзсан бол энэ тухайгаа захиргааны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Онон нь “Могул скай” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Нэг талаас нэхэмжлэгч Ж.Онон, нөгөө талаас “Могул Скай” ХХК харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах “Могул таун” хотхоны 1А дугаар байрны 3 тоот 82,35 мкв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, Захиалагч нь хөлс 176,400,000 төлөхөөр тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1А/84 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ. /хх 3-5/
Шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь “Могул скай” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч гэрээг байгуулах үед барилгын дотор ажлаас бусад хэсэг буюу үндсэн бүтэц баригдсан байсан гэсэн зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийг 2013 оноос хойш уг байранд оршин сууж байгаа тухай тус хорооны засаг даргын тодорхойлолт, гэрээний агуулга, нөхцөл, шинж зэргээс үзвэл шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, 2013 оноос хойш орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа, улсын комисс барилгыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байнгын ашиглалтад оруулж, хүлээн авсан талаар зохигчид маргаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчтэй гэрээг байгуулахдаа барилга барьцаанд байгаа талаар мэдэгдээгүй гэдэгт маргаагүй.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул скай” ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулан, Улаанбаатар хотын банкинд олгохоор, хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 17025, Ар зайсангийн 98 дугаар байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрт зохигчоос гомдол гарсан ч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн гэж тайлбарлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэдэгт зохигчид маргаагүй тул дээрх шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэв. /хх 32-37/
Дээрх шүүхийн шийдвэрт Улаанбаатар хотын банкны зүгээс нэр бүхий иргэдтэй байгуулсан 46 орон сууцны гэрээг хүчингүй болгуулахаар шаардсан байх боловч дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй 03 тоот орон сууцыг худалдах авах тухай гэрээний тухай дурдагдаагүйгээс гадна шүүх “гэрээг хүчингүй болгуулах” тухай Улаанбаатар хотын банкны шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Ж.Ононтой байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.
Хариуцагч “Могул скай” ХХК, Улаанбаатар хотын банктай барьцааны гэрээг 2011 онд, харин нэхэмжлэгчтэй 2013 онд гэрээг байгуулсан байх хэдий ч хэлцэл байгуулахдаа худалдах гэж байгаа орон сууц нь банкны барьцаанд байгаа буюу эрхийн доголдолтой талаар хэлцэл хийж байгаа нөгөө талдаа мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох хэдий ч гэрээний 4.1-д “орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжиж, захиалагчийн нэр дээр орон сууц бүртгэгдэж гэрчилгээ гарснаар өмчлөх эрх баталгаажих”-аар нөхцөл зааж тохиролцсон, дээрх үүргээ хариуцагч “Могул Скай” ХХК биелүүлээгүйгээс гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна.
Гэвч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д зааснаар үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх хэлцлийг хийсэнд тооцож болохоор, мөн хуулийн 112 дугаар 112.1-д “эд хөрөнгийн үнийг төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих”-ээр заасан байх ба зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн, хэлцлийн дагуу нэхэмжлэгч үнийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн, тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх тул шүүх нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхээ баталгаажуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэв.
Гэрээнд нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, “Могул таун” хотхоны 1А байрны 03 тоот гэж, барьцааны гэрээнд “Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 тоот” гэж тус тус дурдагдсан байх боловч дээрх байр нэг, хаягжилтийн хувьд өөрчлөлт орж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 гэсэн дугаартай болсон гэж тайлбарлан, талууд маргаагүй тул дээрх тодорхойлсноор хаягийг үнэн зөв гэж үзэв. /хх-10/
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах талаар заасан байх ба нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосноор Улаанбаатар хотын банкны барьцааны шаардлага хэвээр хадгалагдах боломжтой.
Харин бүртгэлийн байгууллага нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж мэдүүлгийг буцаасан явдал нь иргэний шүүхээр харьяалан шийдвэрлэх асуудал биш гэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдлоо зохих журмын дагуу харьяалах дээд шатны байгууллагад, эсхүл шүүхэд гаргах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Жамбалдоржийн Ононг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, “Могул таун” хотхоны 98 дугаар байрны 03 тоотын 82,35 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 981,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Могул Скай” ХХК-иас 981,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ