| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 182/2017/00893/И/ |
| Дугаар | 1744 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 1744
“Гламор” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01268 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Гламор” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Номинтав трейд” ХХК-д холбогдох
Тавилгын үнэ 8 847 288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Бямбадорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гламор” ХХК нь “Номин тав трейд” ХХК-тай 2011 онд худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус компаниас санал болгосон түрээсийн барьцааны төлбөр, нийлүүлсэн тавилгын төлбөрийг бүрэн төлж 2011 оноос тус компанийн талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. М.кв-ын үнийг тус компани нь 150 ам.доллараар үнэлэн нийт 24 м.кв-ыг 3600 ам.доллараар зарсан. Түрээсийн төлбөрийн барьцаанд 3 260 000 төгрөгийг тус компанийн дансанд байршуулснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус компанийн зүгээс түрээсийн гэрээнд хагас жил тутамд өөрчлөлт оруулж байсан. Нийт борлуулалтын үнийн дүнгийн 14.3 хувийг суутгаж авах түрээсийн нөхцөлтэй байсан бөгөөд түрээсийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн. Талбайг байнга өөрчилж, ноолууран эдлэл зарах боломжгүй талбайд шилжүүлж, 13 м.кв хүртэл буулгасан. Үүнтэй холбогдуулан 2014 оны 3 дугаар сард “Номин тав трейд” ХХК-ийн улсын их дэлгүүрээс гарах шаардлагатай болсон. Гарах үед тавилгаа авч гарах саналаа тавьсан. Тус компанийн зүгээс хамгаалалтын ажилтнуудаараа хаалт хийлгэж, бид нарт тавилгыг өгч явуулаагүй. Үүнээс хойш удаа дараа бид нар тавилгаа буцааж авах хүсэлт өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт өгөхөд тус компанийн тавилгыг бусад компанид түрээслүүлэн ашиглаж байсан ба өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Үүнээс хойш хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тавилгын төлбөрийг буцаан авч, тооцоо нийлэх хүсэлт өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Иймд “Гламор” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж “Номин тав трейд” ХХК-иас 3600 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Монголбанкны албан ханшийн лавлагаагаар 1 доллар 2457,58 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцож 8 847 288 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй тавилгын үнэ болох 3600 ам.доллар буюу 8 847 288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас манай зүгээс 3 322 222 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх 5 525 066 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал нь худалдааны хамтран ажиллах гэрээг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд тавилгын талаар ямар нэгэн тусгай албан ёсны гэрээ байгуулаагүй. Тавилгын 3600 ам.долларыг нэхэмжлэхдээ шүүхэд нэхэмжлэл өгөх өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Монголбанкны ханшаар бодож 8 847 288 төгрөг гаргуулахаар, мөн тухайн худалдан авсан гэх тавилгыг 2 жил, 7 сар ашигласан бөгөөд элэгдэл хорогдлыг хасаж тооцоогүй нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 3 322 222 төгрөгийг гаргуулж, 5 525 066 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Номинтав трейд” ХХК /РД:5469929/-иас 8 847 288 /найман сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун наян найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Гламор” ХХК /РД:2879336/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 156 506 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 506 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, Б.Шинэбаяр нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь: “Гламор" ХХК нь "Номин тав трейд" ХХК-иас 3600 доллараар тавилга худалдаж авсан ба гэрээний хугацаа дуусаад гарахдаа тавилгаа авалгүй үлдээж явсан. Үүнээс хойш буюу 5 жил 7 сарын дараа худалдан авсан тавилгаа биш мөнгө нэхэж байгаа. Тухайн үед “Гламор" ХХК нь тухайн тавилгыг 3 жил гаруй ашиглачихаад одоо "Номин Тав трейд" ХХК-иас анх худалдан авсан шинэ тавилгын үнэ нэхэмжилсэн нь учир дутагдалтай байна. Тухайн тавилга нь ашиглалтын явцад элэгдэж хорогдсон байх бүрэн үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тавилгын үнийг тодорхойлоогүй буюу хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан нөхцөл байдал хэргийг шийдвэрлэх явцад гарсан боловч шүүгч энэ хуульд заасан ажиллагаа хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигч түрээсийн хугацаанд "Гламор" ХХК өөрийн өмчлөлийн тавилга хэрэгслээ ашиглаж байсан, хамтран ажиллах гэрээ дуусгавар болоход тавилгыг үлдээсэн, тавилгыг үнэлсэн үнэлгээ зэрэгт огт маргадагүй” гэж дурджээ. Тавилгыг үнэлсэн үнэлгээ хавтаст хэргийн материалд байхгүй. Харин нэхэмжлэгч тал анх тавилгыг худалдаж авсан үнэ болох 3600 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монголбанкны ханшаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар хариуцагч талыг тухайн тавилыг үндэслэлгүй олж авч буцаан өгөх боломжгүй гэх үндэслэлээр шийдвэр гаргасан нь дутагдалтай байна. "Гламор" ХХК нь гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч байгууллага өөрийн эд хөрөнгөө авч гарах эрх нь нээлттэй байсан гэтэл авч яваагүй. Тухайн эд хөрөнгийг буцаан өгөх бүрэн боломжтой юм. “Гламор" ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 25-нд худалдан авсан гэх тавилга нь тухайн үед шинэ тавилга байсан бөгөөд 2 жил 7 cap ашигласан байдаг ба шүүх шийдвэрлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол шимтгэл тооцно гэсэн заалтыг зөрчин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнээс элэгдэл хорогдол тооцоогүй мөн уг тавилгын элэгдэл хорогдлыг тооцоолсон тооцоолол нотлох баримтыг нотлох баримтын хүрээнд авч шинжлэн судлаагүй. Иймд хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх Иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг бүрэн дүүрэн бүх талаас нь шинжлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, хууль тогтоомжийг зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Гламор” ХХК нь хариуцагч “Номинтав трейд” ХХК-д холбогдуулж тавилгын үнэ 8 847 288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Гламор” ХХК нь хариуцагч “Номинтав трейд” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Улсын их дэлгүүрт ноолууран бүтээгдэхүүн худалдаалах талбайг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл түрээслэсэн болох нь талуудын тайлбар, бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10-18 дугаар тал/
Нэхэмжлэгч “Гламор” ХХК нь түрээсийн талбайг ашиглаж байх хугацаандаа уг талбайд өөрийн хөрөнгөөр тавилга худалдан авч байрлуулсан, талбайг чөлөөлж өгөхдөө уг тавилгаа “Номинтав трейд” ХХК-д үлдээсэн, нэхэмжлэгчээс уг тавилгаа буцаан авах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн боловч тавилгыг өгөөгүй үйл баримтад талууд маргаагүй байна.
Хариуцагч “Номинтав трейд” ХХК нь тавилгын үнэлгээнд маргаж, эдэлгээний элэгдлийг хасч тооцох ёстой гэж тайлбарласан боловч уг тайлбараа нотолсон баримтыг гаргаж мэтгэлцээгүй байна. Нэхэмжлэгч “Гламор” ХХК нь 2011 оны 8 сарын 20-нд 3600 ам.долларын үнэтэй тавилгыг худалдан авсан болох нь тавилгын үнэ төлсөн баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 507 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ