Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0420

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Гомдол гаргагч: “УО” ХХК, “ББ” ХХК, “С” ХХК

          Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Ц

Гомдлын шаардлага: “УО” ХХК, “ББ” ХХК болон “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа "Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Цын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *******, *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах" гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Б.Цын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *******, *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага өөрийн өвөрмөц онцлогт тохирсон олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж чөлөөт зах зээлийн суурийг бий болгосон. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болохыг заасан.

Хуулиар олгосон боломжийн дагуу гомдол гаргаж байгаа 3 компани тосны ургамал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг  экспортод гаргах үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд хандаж “УО” ХХК, “ББ” ХХК болон “С” ХХК-иуд буюу хавсралтад дурдагдсан аж ахуй нэгжүүдэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 13.6.5-д заасан арга хэмжээ авах тухай гомдлыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Зөрчлийн хэрэг шалгуулах тухай” 146 дугаар албан бичгээр гаргасан.

Гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор Зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч. улсын байцаагч Ж.Ц, Б.Ц нарын бүрэлдэхүүнтэй явуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Цын 2019 оны 10 дугаар сарын 25-иы өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж “УО” ХХК-д 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулж хохирлын нөхөн төлбөрт 142.794.465.71 төгрөг нийт 145.799.465.71, “Б” ХХК-д 3.000.000 төгрөгийн торгууль 87.223.576 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр нийт 90.223.576 төгрөг, “С” ХХК-д 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, хохирлын нөхөн төлбөрт 7,006,387.25 төгрөг, нийт 10,006,387.25 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнийг бидний зүгээс эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Гомдлын хууль зүйн үндэслэл нь 1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг биржээр арилжаалах биржийн харилцааг зохион байгуулах бүрэн эрх бүхий этгээдийн эрх зүйн байдлын талаар дурдана. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн бирж нь хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн арилжааг тогтсон журмын дагуу зориулалтын байранд эсхүл цахим сүлжээгээр болон мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу биржийн арилжааны төрөл хэлбэрээр зохион байгуулдаг компанийг ойлгодог. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “биржээр арилжих хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд” гэж биржээр арилжих барааны жагсаалтад орсон, гарал үүсэл, чанарын болон мал эмнэлгийн, лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээтэй, биржийн гэрээний стандартыг хангасан бараа, түүхий эдийг ойлгоно, Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн нэг бирж үйл ажиллагаа явуулна,  4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт бирж нь биржийн арилжааг зохион байгуулах чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ гэж заасан.

Түүнчлэн Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны ерөнхий журмын 5.2-т арилжааг биржийн гэрээний тодорхойлолтод заасан арилжааны хуваарийн дагуу бирж зохион байгуулна гэж заасан. Хуулийн дээрх заалтуудын дагуу байгууллагдсан хөдөө аж ахуйн биржийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц байгууллага нь төрийн өмчит хуулийн этгээд болох Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК байгаа.

Дээр дурдсан хууль болон журмаар биржээр арилжаалах барааны жагсаалтад орсон тосны ургамлыг биржээр арилжаалах арилжааг зохион байгуулах чиг үүргийг Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК хуульд заасны дагуу хэрэгжүүлэхээр зохицуулсан. Гэтэл төрийн өмчит компани нь уг хуулийг хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тосны ургамлыг биржээр огт арилжиж байгаагүй бөгөөд ямар ч үйл ажиллагаа зохион байгуулаагүй, биржээр арилжих платформ, дэд бүтцийг ч бий болгоогүй байдаг

Тосны ургамлын тухайд биржийн арилжааны талаар бодит байдалд огт байдаггүй. Энэ талаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны тайлангаас тодорхой харагддаг. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч нь дээрх нөхцөл байдлуудыг огт харгалзан үзээгүй бөгөөд нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох чиг үүрэг хүлээдэг мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулах зүйл хэсэг заалтад нийцэж байгаа эсэхийг нь тогтоох ёстой. Гэтэл дээрх үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Биржээр арилжаалаагүй гэх үйлдэлд гэм буруугийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч анхаарч үзээгүй нотлох баримт цуглуулаагүй байдаг.

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК нь хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас уг бүтээгдэхүүний арилжаа, худалдаа, экспортын үйл ажиллагаа биржээс гадуур явагдаж ирсэн. Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК нь тосны ургамлыг биржээр арилжаалах чиг үүргээ хэрэгжүүлж биржийн арилжааг зохион байгуулж байсан бол экспортлогч компаниудын биржээс гадуур үйл ажиллагаа явуулж байгааг зөрчил гэж үзэж болох байсан.

Гэтэл төрийн үйл ажиллагааны зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан этгээд хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй. Иймд экспортлогч компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлыг тайлбарласан боловч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч хүлээж аваагүй.

Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 13.6.5 дахь заалтыг буруу хэрэглэж хариуцлага хүлээлгэсэн. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийг баталж уг компанийг байгуулах болсон үндсэн зорилго нь малчид, тариаланчдыг дэмжих, тэдний бэлтгэсэн бараа түүхий эдийг өндөр үнээр авах, түүхий эдийн ченжийн үйл ажиллагааг хязгаарлах юм.

Гэтэл Хөдөө аж ахуйн биржийн явуулж байгаа үйл ажиллагаа нь үндсэн зорилгоосоо хазайж татвар бага төлөх ченж нарын сонирхолд тулгуурлаж ноос ноолуур арьс ширний арилжаа хийж байгаа нэрийдлээр зөвхөн өөрийн дансаар ченж нарын мөнгийг оруулж гаргах байдлаар зохиомол арилжаа хийж түүнийгээ бирж хэмээн сурталчилж байна. Уг асуудал нь хэрэгт авагдсан биржийн дансны хуулганаас тодорхой харагдаж байгаа.

Улмаар хуулиар халхавчилсан хууль бус орлогоо нэмэгдүүлэх тосны ургамлын тариалагч, экспортлогч нарт шахалт үзүүлэхээр байгаа учраас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК нь хууль хэрэгжүүлэх нэрийдлээр биржийн арилжаа явуулах үндсэн чиг үүргээ хууль бусаар буюу биржээс гадуур үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуулийн этгээдүүдээс хураамж авах байдлаар шахалт үзүүлэх болсон. Өөрөөр хэлбэл биржийн хийгээгүй ажлыг хийж байгаа компаниудаас үзүүлээгүй үйлчилгээний төлөө хураамж авч байгаа байдал нь шударга бус байна.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна гэж биржийн үйл ажиллагаа явуулах байгууллагад үүрэг хүлээлгэсэн зохицуулалт нь чөлөөт зах зээлийн харилцаанд оролцож буй бусад этгээдүүдийн үйл ажиллагааг хориглосон зохицуулалт биш юм.

Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 13.6.5 дахь хэсэгт биржээр арилжих бараа түүхий эдийн жагсаалтад орсон бараа түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байхыг зөрчсөн гэх заалт нь зөвхөн экспортлогчид хамааралтай гэхээс илүү Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн үйл ажиллагаанаас шууд уялдаатай хэрэгжүүлэх зохицуулалт байгаа. Иймд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжих тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй “Хөдөө аж ахуйн бирж” компанийн эс үйлдэхүйн хариуцлагыг экспортлогчид хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны тосны ургамлын экспортыг хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй байгаа.

Үүнтэй холбоотойгоор хариуцагч Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтыг гаргаж өгсөн.

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-нь Монгол Улсын хэмжээнд экспортлогдсон бараатай холбоотой зуугийн горимоор гарсан мэдээллүүдийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байдаг.

Санхүүгийн зохицуулах хороо нь Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн бичгийн мэдээллүүдийг үндэслэж шийтгэлийн хуудасны нөхөн төлбөрийг гаргасан.

Гэтэл баримтуудыг судалж үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэр биш Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна орших бүсэд харьяалагдах бараа бүтээгдэхүүний тоог үндэслэж нөхөн төлбөрийг ногдуулсан учраас хууль зүйн үндэслэлгүй шийтгэлийн хуудас юм. Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн үйл ажиллагаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн экспортын  үйл ажиллагаанд хамааралтай болохоос биш Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна орших экспортод хамааралгүй юм.

Гаалийн тухай хуульд бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш эд юмс, валют, валютийн үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, мал амьтан, бүх төрлийн эрчим хүч, ургамал зэрэг хөдлөх үл хөдлөх эд хөрөнгө болон гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгоно.

Монголын бараа гэж  гаалийн тухай хуулийн 99.1-д заасан горимын дагуу боловсруулалт хийснээс бусад Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг ойлгоно.  Гадаадын бараа гэж гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад барааг ойлгоно гэсэн байна. 300-ийн горимоор гаргасан бараа нь Монгол улсын нутаг дэвсгэрт харьяалагдах бараа биш учраас  Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт хийх эрх хэмжээгүй. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудаснууд хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан байна. Хүнд 10-500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол, зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг 10 дахин нэмж хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан байна. Зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байгаа учраас  хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Шийтгэлийн хуудаснаас үзэхэд 2018 оны зөрчилд торгууль оногдуулсан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн хэрэг шалгуулах тухай гомдол гаргасан. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтыг зөрчсөн тул хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн түүхий эд экспортлогч компаниудыг шалгаж өгнө үү гэх агуулга бүхий гомдол байсан. Үүний дагуу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот зөрчлийн хэргийг нээсэн. Уг зөрчлийн хэргийг нээхдээ “УО” ХХК болон “С” ХХК, “Б”ХХК-иуд нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн.

 Хугацааны тухайд Хөдөө аж ахуйн биржээс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний

өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн  хооронд нэр бүхий 3 компани нь биржээр рапсыг арилжаалаагүй тул бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 13.6.5 дахь хэсгийг зөрчсөн байна гэж мэдээлсэн. Гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаад Гаалийн ерөнхий газраас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд хичнээн тонн рапс экспортод гаргасан мэдээг авч шалгахад “УО” ХХК болон  “С” ХХК, “Б” ХХК-иуд нь он дамжиж рапсыг гаргасан байсан.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын үйлчилгээний хөлс 2015 оны 158 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу 0.04 хувийн ашгийг Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-нь 0.32 хувийг тус тус авна. Нийлбэр дүнгээрээ 0.36 хувийн нөхөн төлбөр авна гэж тооцсон. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу 3000 нэгжээр торгох арга хэмжээ авсан.

            Санхүүгийн зохицуулах хорооноос хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой учраас зөрчлийн хэрэг нээж шалгаж торгуулийн арга хэмжээ авсан.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байдаг.

Гомдол гаргагч компаниуд нь Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад багтсан тосны ургамалыг экспортод гаргахдаа биржийн арилжаанд оруулалгүйгээр гаргасан үйлдэл нь өөрөө Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил юм. Иймд гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “УО” ХХК, “Б” ХХК болон “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа "Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Цын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *******, *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсуудыг 3 (гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Цын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *******, *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсуудаар “УО” ХХК, “Б” ХХК болон “С” ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасан Биржээр арилжаалах бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхийг эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн зөрчилд “С” ХХК-д 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хохиролын 7,006,387.25 төгрөг, нийт 10,006,387.25 төгрөг, “УО” ХХК-д 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хохиролын 142,794,465.71 төгрөг, нийт 145,794,765.71 төгрөг, “Б” ХХК-д 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хохиролын 87,223,576.01 төгрөг, нийт 90,223,576.01 төгрөг гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч  “УО” ХХК, “ББ” ХХК, “С” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд “УО” ХХК-д 145.799.465,71, “Б” ХХК-д 90.223.576,01 төгрөг, “С” ХХК-д 10,006,387.25 төгрөг төлүүлэхээр нийт 246,024,428 төгрөгийн тосны ургамал /рапс/-ыг Хөдөө аж ахуйн бирж /цаашид ХААБ гэх/ ХХК-ийн арилжаанд оруулалгүйгээр Монгол Улсаас экспортод гаргасан нөхцөл байдал нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Гомдол гаргагчаас өөрийн экспортолсон бараа, түүхий эд нь биржээр арилжаалагдах бараа, түүхий эдийн жагсаалтад багтаж байгаа тухайд болон дээрх тосны ургамал /рапс/-ыг Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн арилжаагаар арилжаалалгүйгээр экспортолсон тухайдаа маргаагүй, харин Эрх бүхий албан тушаалтан нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хэрэгжих нөхцөл нь бүрдээгүй, уг биржийн арилжаа нэр төдий явагддаг байдлыг харгалзан үзээгүй, захиргааны байгууллагаас ХААБ-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж бодит арилжаа явагдах нөхцөлийг бүрдүүлээгүй атлаа уг биржээр бараа, түүхий эдийг заавал арилжсан байх шаардлага тавьж байгаа нь хууль бус гэж тайлбарлан маргасан.

Өөрөөр хэлбэл, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК нь тосны ургамал /рапс/-ыг огт арилжаалж байгаагүй, биржээр арилжих платформ, дэд бүтцийг ч бий болгоогүй, уг арилжааг зохион байгуулах ямар ч үйл ажиллагааг явуулаагүй бөгөөд тосны ургамалын хувьд биржийн арилжаа гэдэг зүйл бодит байдалд огт байхгүй, хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас энэхүү бүтээгдэхүүний арилжаа биржээс гадуур явагдаж ирсэн гэжээ.

Хариуцагчаас Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/15 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Арилжааны журмын хүрээнд биржийн арилжаагаа зохион байгуулдаг. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль нь 2011 онд батлагдаад одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Нэгэнт хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй. Гомдол гаргагч компаниуд нь Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад багтсан тосны ургамалыг экспортод гаргахдаа биржийн арилжаанд оруулалгүйгээр гаргасан үйлдэл нь өөрөө Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил юм гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байх ба хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөх хугацааг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байхаар хууль тогтоогчоос тогтоосон байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн үзэл баримтлал, уг хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы болон байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг иш татан хууль хэрэгжих бодит нөхцөл бүрдээгүй, биржийн арилжаа нэр төдий явагдаж байхад уг биржээр бараа, түүхий эдийг заавал арилжсан байх шаардлага тавьж шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус гэж тайлбарлан маргаж байх боловч энэ нь хуулийн этгээдэд эрх бүхий этгээдээс хуулийн хэрэгжилтийг хангахыг шаардах эрх үүсгэхээс бус биржийн арилжаа нэр төдий явагддаг гэсэн үндэслэлээр нэгэнт хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс татгалзах, улмаар шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн дэх хэсгийг 1-д зааснаар Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэйн дээр мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх...-ээр шийдвэрлэсэн бол хохирлыг хэмжээг тогтоох нь эрх бүхий албан тушаалтны үүрэг байхаар хуульчилсан байхад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Ц “УО” ХХК-д 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулж хохирлын нөхөн төлбөрт 142.794.465.71 төгрөг нийт 145.799.465.71, “Б” ХХК-д 3.000.000 төгрөгийн торгууль 87.223.576 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр нийт 90.223.576 төгрөг, “С” ХХК-д 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, хохирлын нөхөн төлбөрт 7,006,387.25 төгрөг, нийт 10,006,387.25 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “УО” ХХК, “ББ” ХХК, “С” ХХК-иуд нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар батлагдсан “Бараа, түүхий эдийн жагсаалт, анилалын код”-д багтсан “УО” ХХК-д 145.799.465,71, “Б” ХХК-д 90.223.576,01 төгрөг, “С” ХХК-д 10,006,387.25 төгрөг төлүүлэхээр нийт 246,024,428 төгрөгийн тосны ургамал /рапс/-ыг Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-иар арилжаалахгүйгээр экспортод гаргасан, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж заажээ.

Үүнээс үзвэл, Хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан “Бараа, түүхий эдийн жагсаалт, ангиллын код”-д багтсан түүхий эдийг экспортлоход зайлшгүй Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах шаардлагатай, хэрэв хуулийн энэ шаардлагыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар зохицуулсан байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/15 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Арилжааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “Арилжааг ерөнхий журмын 5.3-т заасан хэлбэрээр зохион байгуулах ба арилжааг дугаарлана”, 5.2-т “Арилжааны үеүдэд арилжаа зохион байгуулахаар дараах этгээдүүд арилжааны системд холбогдоно”, Үүнд: 5.2.1-д “Арилжаа хөтлөх үүрэг бүхий “Арилжааны албаны мэргэжилтэн” (цаашид “арилжаа хөтлөгч” гэх). 5.2.2-т “Арилжааг холбогдох журмын дагуу зохион байгуулагдаж буйг хянах үүрэг бүхий “Хяналт, мониторингийн албаны мэргэжилтэн”, 5.2.3-т “Арилжаанд оролцогчийг бүртгэх, танхимын арилжаанд туслах үүрэг бүхий “Арилжааны албаны мэргэжилтэн”. 5.2.4-д “Арилжаанд оролцогчийн техник, хэрэгсэл, програм хангамжийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий “Мэдээллийн технологийн албаны мэргэжилтэн”, 5.3-т “Энэ журмын 5.2-т заасан этгээд арилжааны бэлтгэл ажлыг хангах ба арилжаа эхлүүлэх шийдвэрийг арилжаа хөтлөгч гаргана” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн ... биржийн үйл ажиллагаа эрхлэх, арилжаа зохион байгуулах эрхтэй байх бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “Хуульд зааснаар тосны ургамлын биржийн арилжааг хийх эрх бүхий байгууллага нь Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК юм. Гэтэл биржээр арилжаалсан гэх бичиг өгөөд шимтгэл авах зорилготой ажиллаж байгаа нь үндэслэлгүй юм. Тосны ургамал нь хөрсөнд сөрөг нөлөөтэй учраас Монгол Улсад их хэмжээгээр тарьдаггүй. Бирж жилд арилжаалагдах боломжтой тосны ургамлын хэмжээг нийтэд мэдээлэлж зуучлалын үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй атлаа үндэслэлгүй хураамж авч байгаа нь шударга бус байна.

Өмнө нь Хөдөө аж ахуйн биржээс арилжаа хийсэн болгож харагдуулахын тулд худалдан авагчийн данснаас мөнгийг Хөдөө аж ахуйн биржийн данс руу оруулаад хэсэг хугацааны дараа буцааж гаргадаг байсан бөгөөд үүнийгээ биржийн арилжаа гэж үзсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хянаж сайжруулах хэрэгтэй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн “УО” ХХК-д 145.799.465,71, “Б” ХХК-д 90.223.576,01 төгрөг, “С” ХХК-д 10,006,387.25 төгрөг төлүүлэхээр нийт 246,024,428 төгрөгийн тосны ургамал /рапс/-ыг  биржээр арилжаалалгүй экспортолсон үйлдэл нь зөрчилд тооцогдох тул хариуцагч нь шинэ акт гаргахдаа тус зөрчилд үндэслэн хохирлын хэмжээг дахин тооцоолох шаардлагатай байна.

Ийнхүү хариуцагчаас “УО” ХХК, “ББ” ХХК, “С” ХХК-иудыг төлөх ёстой шимтгэлийг төлөөгүй үндэслэлээр буруутган хохирлыг тооцоолохдоо гэрээ тус бүрийн үнийн дүнгээс ямар үндэслэлээр, хэдэн хувийн шимтгэл, хэрхэн тооцож авсныг нарийвчлан тооцоолоогүй байхад шүүхээс эдгээрийг тусад нь ялган зааглаж шууд дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчид тухайн актыг шинээр хуульд нийцүүлэн гаргах боломжийг олгож, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Цын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *******, *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсуудыг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 2.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6-д заасныг тус тус баримтлан "Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Цын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *******, *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсуудыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Цын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *******, *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсуудыг  хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      О.ОЮУНГЭРЭЛ