Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/МА2014/0000/З |
Дугаар | 221/МА2015/0029 |
Огноо | 2015-01-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2015/0029
Г.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.У-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярынилтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, Тарагт сумын Ерөнхий боловсролын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмж, 2014 оны 2, 3 дугаар улирлын мөнгөн урамшууллыг гаргуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Г.У нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.5-д заасан албан үүргээ гүйцэтгэх, эсвэл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах зөрчил гаргасан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн шалгалтаар тогтоогдсон тул түүнд албан тушаалыг бууруулах шийтгэл ногдуулан орон тоо нь батлагдсан мөн сургуулийн бага ангийн сургалтын менежерээр томилон ажиллуулж байгаа. Г.У нь 2014 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлтийг ирүүлээгүй тул урамшууллыг олгоогүй болно. Нөхөн ирүүлбэл олгож болно. Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь тухайн зөрчлийг гаргаагүй гэсэн үг биш. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон хуулийн дагуу ажиллаж байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байгаа бага ангийн сургалтын менежерийн орон тоо нь албан ёсоор батлагдсан тул Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэр гаргасан. Миний эрх ашгийг зөрчихгүй шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: 1. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.У-ийн Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас "Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6/25 дугаарын тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийг нөхөн гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
2. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16-д зааснаар Г.У-ийн 2014 оны 2, 3 дугаар улирлын ажлыг дүгнэн, мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэхийг Өвөрхангай аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:...Захиргааны хэргийн анхан шатны 13-р шүүхийн 2014 оны 11-р сарын 20-ны 34 тоот шийдвэрт дараах хууль зүйн үндэслэлийн дагуу гомдол гаргаж байна.
1. Г.У нь ТҮБД-7.2-оор цалинждаг төрийн үйлчилгээний албан хаагч болох нь дараах хуулиар нотлогдоно. Үүнд:
Төрийн албаны тухай хуулийн 9.1, 9.1.2-т зааснаас үзэхэд Тарагт сумын ЕБ-ын сургуулийн захирал асан Г.У нь Төрийн үйлчилгээний албан хаагч байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ЗХХШТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 заалтын дагуу "захиргааны хэрэг мөн" гэж үзэж шийдвэр гаргажээ. Гэтэл төрийн албан хаагчтай холбоотой маргаан бүхэн захиргааны шүүхээр шийдвэрлэх маргаан байдаггүй байна. Захирлын ажлаас буруу халагдаж, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай төрийн үйлчилгээний албан хаагч Г.У-ийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх хэргийн харьяаллыг зөрчсөн гэж үзэж байгаа ба энэ нь дараах хууль тогтоомжуудаар нотлогдоно. Үүнд:
Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай УДШ-ийн Бүгд хурлын 2007 оны 7-р сарын 2-ны 32-р тогтоолын 3.1-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь шүүхэд харьяалагдах бөгөөд тэдгээрийн дотор ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг ерөнхий харьяаллын шүүхүүд ИХХШТХ-ийн 14-р бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан байх шаардлагатай. Бусад тохиолдолд төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчийг ажлаас халсан асуудлыг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ.
Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ.
Төрийн жинхэнэ албан хаагч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл гомдлоо Төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад гаргах боломжтой бол улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийн хувьд ийм боломж байдаггүйг шүүхүүд анхаарвал зохино.
Захиргааны хэргийн шүүх төрийн албан хаагчийн ажлаас халагдсан асуудлыг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн тухайн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нэг мөр шийдвэрлэнэ." гэжээ. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11.5. "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, мөн хуулийн 11.6. "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна." гэснээс харахад Г.У-ийн ажлаас халагдсан гомдлыг иргэний шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. ЗХАШ-ны 13-р шүүхийн 2014 оны 11-р сарын 20-ны 34 тоот шийдвэрт "..Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан боловч энэ зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээгээр үүсч буй харилцаатай холбоотой асуудлыг зохицуулсан байна. Гэтэл Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь аймгийн Засаг даргатай "үр дүнгийн гэрээ" байгуулан ажилладаг тул Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлагагүй байна гэжээ.
Гэтэл аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1." Төсвийн байгууллагын ерөнхий менежер энэ хуулийн 18.4-т заасан хугацаанд жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана." гэж заасны дагуу сумын ЕБ-ын сургуулийн захирал нартай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулдаг. "Үр дүнгийн гэрээ" гэдэг нь хөдөлмөрийн гэрээ биш. "Үр дүнгийн гэрээ" гэдэг нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, ур ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын болон Засаг даргын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх талаар тухайн байгууллагын төсвийн захирагчтай байгуулсан гэрээг хэлнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3."хөдөлмөрийн гэрээ" гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ;" гэж тодорхойлсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11,5, 11.6 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчтай ажил олгогч хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах ёстой байдаг боловч захирал Г.Утай ажил олгогч аймгийн Засаг дарга буюу түүний эрх олгосон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдаг. УДШ-ийн иргэний танхимын 2012 оны 6-р сарын 15-ны "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 1.4 "Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24,1-д "Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй....1' гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ." гэжээ.
Дээр дурдсан нэр бүхий хуулиуд ба УДШ-ийн Бүгд хурлын тогтоолд "Төрийн үйлчилгээний албан хаагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрхийн харилцаа үүсдэг тул Хөдөлмөрийн тухай хуулийг заавал баримтлах ёстой" гэж хуульчлаад байхад хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргажээ.
3. Захирал асан Г.У нь 1 ой 9 сартай нялх хүүхэдтэй байхад захирлын албан тушаалаас халж, өөр ажилд томилсныг шийдвэртээ зөвтгөн буруу тайлбарлаж эх хүүхдийн ба хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалсан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.
Мөн хуулийн 40.1.4."ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
Мөн хуулийн 40.1.5."мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2006 оны 7-р сарын 3-ны 33-р тогтоолын 15.4.2 "Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг "ноцтой зөрчил" гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна." гэжээ. Гэтэл захирал асан Г.Утай ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ямар зөрчлийг "ноцтой" гэж үзэх тухай асуудал нь ч хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаагүй байна гэж үзэж болно.
ЗХ-ийн АШ-ны 13-р шүүхийн 2014 оны 11-р сарын 20-ны 34 тоот шийдвэрт яагаад 1 ой 9 сартай хүүхэдтэй эхийг захирлын ажлаас халж, өөр ажилд шилжүүлсэн үндэслэлийг тайлбарлахдаа " аймгийн Засаг даргын энэхүү захирамж нь ажлаас халах тухай биш, харин түүнд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр байна. Г.У-г ажлаас халаагүй, албан тушаал л бууруулсан. Г.Уд сахилгын шийтгэл авахаар гаргаж буй шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлагагүй байна" гэсэн нь ажлаас буруу халагдаж, өөр ажилд албан тушаал бууран буруу шилжүүлсэн тухай төрийн үйлчилгээний албан хаагчийн гомдлыг иргэний шүүхээр хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хууль хамаарахгүй, үйлчлэхгүй гэж үзэж хууль зөрчсөн шийдвэр гаргажээ.
УДШ-ийн иргэний танхимын 2012 оны 6-р сарын 15-ны "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 3.4 "...ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна:" гэж байхад Г.Уд "сахилгын шийтгэл оногдуулсан болохоос ажлаас халаагүй" гэж үзэж шийдвэр гаргадаг шүүгч өнөөдөр байгаад гайхаж байна. Иргэн бид шүүхэд ба шүүгчид хүндэтгэлтэй ханддаг ч шүүх бидний эрх ашгийг хүндэтгэх ёстой. Шүүгч бол хууль ба УДШ-ийн тайлбарт захирагдахаас хуулийг өөрийн ойлгоцоороо тайлбарлаж шийдвэр гаргаж, хүний эрх ашгийг хохироож болохгүй.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 130.1."Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ, мөн хуулийн 130.2."Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тусгана" гэж заасны дагуу баталсан Тарагт сумын сургуулийн "Хөдөлмөрийн дотоод журам"-д зааснаар тус сургуулийн захиралд Авлигын эсрэг хуулийн 33.1.2." энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах...." гэсэн сахилгын шийтгэлээс ажлаас халах шийтгэлийг сонгож, тухайн сургуулийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 13-р зүйлийн 13.5-д ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг шат дараалан авахаар тусгасан зохицуулалтыг зөрчжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад хөдөлмөрийн дотоод журмыг баримталдаг байхад төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газрын 1995 оны 97-р тогтоолоор зохицуулдаг байна. Г.У нь Тарагт сумын захирлаар 2011 оноос эхлэн ажилласан ба энэ хугацаанд сахилгын шийтгэл нэг ч удаа аваагүй, харин ч үр дүнгийн шагнал урамшууллыг тухай бүр авч байсан байна.
Захиргааны хэргийн шүүгч нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг хүлээн авч шийдвэр гаргаснаараа ЗХХШТХ-ийн 34-р зүйлийн 34.1.1 "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэсэн заалтыг зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул ЗХХШТХ-ийн 88.3.5. "шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж заасны дагуу хүчингүй болгуулах хүсэлтийг гаргаж байна. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн б/25 дугаар захирамжаар Г.У-г Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлжээ. Хариуцагчаас үндэслэлээ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах зөрчлийг гаргасан болохыг тогтоосон тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болох Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 223/363 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах тухай тогтоол, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол зэргээр нэхэмжлэгч нь сургуулийн засварт ашигласан материалын үнийг төлөх хандив гэж багш, ажилчдаас тус бүр нэг сая төгрөгийг шаардсан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон байна.
Г.У-ийн бусдаас шан харамж шаардсан үйлдэл нь эрүүгийн хуульд заагдсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй боловч сахилгын зөрчилд хамаарах үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон тул Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан хариуцагчийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/45 дугаар тушаалаар Г.У-г аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/393 дугаар захирамжаар баталсан Бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилжээ.
Мөн дээрх байдлаар нэхэмжлэгчийг албан тушаалаас халах бус, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд Г.Уд Хөдөлмөрийн тухай хуульд заасан бус, харин Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сахилгын шийтгэлийг шат дараалан авахаар Хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн гэсэн гомдол үндэслэлгүй.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх нь аймгийн Засаг даргын бүрэн эрх байхаар заасан бөгөөд аймгийн Засаг даргын нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 4.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.
Түүнчлэн Г.У нь 2014 оны 2 дугаар улирлын ажлын тайлангаа сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэн дүгнүүлсэн, мөн 3 дугаар улиралд гүйцэтгэсэн ажлын тайлангаа хүргүүлж, дүгнүүлснээр Боловсролын тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл-д зааснаар урамшуулал олгохыг хариуцагчид даалгасан нь зөв бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй, урамшууллыг олгоно гэдгийг давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР