Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Т.Баярмаа,

Шүүгдэгч: Ц.Оюунболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Цэвээн-Очирын Оюунболдод холбогдох 201616010072 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Саньхэ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 4-48 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 оны 02 дугаар сарын 25-нд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн байсан, Боржигон овогт Цэвээн-Очирын Оюунболд /РД:АА84031819/,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

 Шүүгдэгч Ц.Оюунболд нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны 01 цагийн үед Цогтцэций сумын нутаг нүүрс тээвэрлэлтийн авто замын 6 дахь км гэх газар С.Батдаваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

G:\Ajil\Shiitgeh togtool\2016 on\2016_08_25_№35_99.1_Ts.Oyunbold.docx

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оюунболд мэдүүлэхдээ: “Би Батдаваа ахтай тоглож, наргиад явж байсан. Би түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Батдаваа ах машинд явж байхдаа хажуудаа байсан хүнийг тэврээд байсан. Тэгэхээр нь би ах минь та гомо юм уу? гэж тоглоод хэлсэн. Хэрэг хийх үедээ бид хоёулаа согтуу байсан. Цаашдаа хүн шиг амьдарна. Банкны өртэй хэцүү байна. Надад оноосон ялыг хөнгөрүүлж, торгох ял оноож өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

   Улсын яллагч шүүх хуралдаанд “Ц.Оюунболд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн авто замын 6 дахь км-т хохирогч С.Батдаваатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч  Ц.Оюунболдод  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3 сарын хугацаагаар баривчлах ял  эдлүүлэх саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. 2016 оны 07 дугаар сарын 13-ны  өдрөөс эхлэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай “…Цогтцэций сумаас урагш 6 дахь км гэх газарт Оюунболд гэх хүн миний бие эрх чөлөөнд халдсан…” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,

С.Батдаваагийн хохирогчоор өгсөн “…Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  17 цагийн орчимд Ганц мод гэх газраас стана маркийн автомашинтай Улаанбаатар хот руу гэр лүү явсан. Явах зам зуур Оюунболд гэх залуу намайг машин дотор явж байхад хүмүүсийн хажууд гомо гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би машин түр зогсоход нь Оюунболд гэхэд шууд миний нүүрэн тус газар цохисон. Тэгээд миний нэг шүд хугарч  нэг шүд унасан. Оюунболд бид хоёр хоорондоо маргалдаад зууралдахад машинд явж байсан хүмүүс салгаад одоо удахгүй Цагдаагийн хажуугаар явна тэнд буулгаад явцгаая гэж яриад Оюунболд бид хоёрыг Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс дээр буулгасан. Оюунболд миний шанаан тус газар хоёр удаа нүүрэн тус газар 1 удаа цохисон. . …” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,

Гэрч Н.Нямбаатарын өгсөн “…Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны 18 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Цагаан хаднаас найз Батдаваагийн хамт Улаанбаатар хот руу унаанд суугаад явж байхад машины хойно сууж явсан нэг халамцуу залуу бид хоёрыг гомо юм уу гэж хэлээд өдөөд шоолоод байсан. Би тэгэхэд нь чи юу гээд байгаа юм бэ олон хүний хажууд гэж хэлэхэд шоолоод л байсан. Тэгээд явж байгаад Цогтцэций сумын төвөөс урагш 6 дахь кмт машин түр зогсоход хүмүүс бууцгаагаад манай найз Батдаваа очоод чи яагаад олон хүний дэргэд бид хоёрыг доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдах үед би очоод тэр хоёрыг салгахад тэнд байсан хүмүүс бид нарыг суулгаад машинтай сумын төвд ирж цагдаагийн газар ирсэн. Тэгээд машинаас буугаад Батдаваа, Оюунболд хоёр хоорондоо тохиролцоно гээд хойш алхаад явцгаасан. Би тэр үед хувцасаа аваад араас нь алхаад Батдаваа дээр ирхэд Батдаваа намайг ахиад цохичихлоо, цагдаа дууд гэхэд нь би цагдаагийн хэлтэс орж цагдаад мэдэгдсэн. …” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ¹366 дугаартай “…Батдаваагийн биед 2 шүд унасан, дээд уруулын салстын язрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4, 5-р хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын салстын язрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Оюунболдын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 25-р хуудас/,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №1027 тоот тодорхойлолт /Хавтаст хэргийн 28-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Оюунболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29-р хуудас/,

Шүүгдэгчийн харилцагч банкуудаас гаргасан лавлагаа, тодорхойлолт /хавтаст хэргийн 32-36-р хуудас/,

Хохирогч С.Батдаваад хохирол төлбөрт 1 сая төгрөг шилжүүлсэн тухай баримт /Хавтаст хэргийн 38-р хуудас/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн гакрын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/261 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 39-р хуудас/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн № 50 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /Хавтаст хэргийн 40-41-р хуудас/, зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Оюунболд нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны 01 цагийн үед Цогтцэций сумын нутаг нүүрс тээвэрлэлтийн авто замын 6 дахь км гэх газар С.Батдаваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Хохирогч С.Батдаваа нь шүүгдэгч Ц.Оюунболдтой сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, харин түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шатанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг шалгахад согтуурлын зэрэг 1,10 хувьтай гарсан нь тогтоогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал харагдахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл болгов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Цэвээн-Очирын Оюунболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Ц.Оюунболдыг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Ц.Оюунболд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Оюунболдод авсан оршин суугаасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож цагдан хорьсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.  

 7. Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА