Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/409

 

 

 

 

  2022       03         18                                     2022/ШЦТ/409

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0503 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 08 дугаар байрны салсан эхнэртэйгээ хардан, иргэн Ц.Тгийн нүүрэн тус газар нь гараараа цохих, бие рүү нь өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0503 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд

 

Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Ц.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Ц.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр найз охин Хулангоотой уулзах санаатай гэрт нь очсон. Хулангоо маргааш өглөө нь ажилтай байсан учраас өөрийн охиноо салсан нөхөртөө харуулах талаар хэлээд холбоо барьсан. Салсан нөхөр Ц нь зөвшөөрөөд би Хулангоотой хамт охиныг нь хүргэж өгөх гээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 08 дугаар байрны гадаа очсон. Тэр үед байрны гадна Ц гэх залуутай таарсан. Хулангоо хамт байр руу нь орсон. Би гадаа тамхи Хулангоог хүлээгээд байж байх үед Ц гэх залуу гарч ирээд миний нүүр рүү шууд мөргөөд намайг газар унагаасан. Үүний дараа дээрээс дэвсээд, чирээд энэ тэндээс тархи толгой руу өшиглөөд их зодсон. Би болиулах гэж хичээсэн боловч надаас нас дээр биеэр том болохоор дийлээгүй. Тэгээд намайг байрны орц руу чирч оруулаад миний зургийг аваад Хулангоог дуудаад байсан. Удалгүй Хулангоо ирээд чи болиоч гэх шаардлагыг тавихад бас алгадаад газарт унагаагаад өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх 08/,

 

Гэрч Э.Хулангоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн үед би салсан нөхөр Ц руу залгаад маргааш ажилтай учраас охиноо 2 хоног хараад өгөөч гэж гуйсан. Ц охиноо аваад гэрийн гадна хүрээд гэж хэлсний дагуу би охиноо аваад гаргах гэж байх үед одоо үерхэж байгаа залуу Т над руу утсаар залгаж таарсан. Ингэхдээ халь уулзаад явмаар байна гэхээр нь ханьтай хамт дагуулаад охиноо хүргэж өгье гэж бодоод уулзсан. Т бид хоёр 1 лааз пиво уусан. Гэхдээ дуусгаагүй ба хамт алхаж нөхрийн гэр болох замын эсрэг талын гэрт очсон. Энэ үед Ц гэртээ ирж байна гээд байрны гадаа бид гуравтай таарсан. Би охиноо оруулж өгөх гээд Цтой хамт орсон. Т намайг гадаа хүлээгээд үлдсэн. Охиноо оруулж өгөөд гараад ирэхэд Т байхгүй байхаар нь би Тг явчихсан юм байна гэж бодоод өөрийнхөө гэр рүү орсон. Гэртээ ороод байж байх үед манай салсан нөхөр зураг явуулсан байхаар нь үзэхэд Тг зодсон зургийг дараад над руу явуулсан байхаар нь буцаж хувцсаа өмсөөд гарахад салсан нөхрийн байрны орцонд байж байсан. Намайг очиход Тгийн гар цус болсон, нүүр нь хавдаад хөхөрсөн байхаар нь би уурлаад Цд би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний зүүн талын хацар руу нэг удаа алгадахад би газарт унасан. Би босоод шууд орцноос гараад цагдаад дуудлага өгөхөөр байж байх үед замаар эргүүлийн цагдаа явж байхаар нь зогсоогоод тусламж гуйсан...” гэх мэдүүлэг /хх 10/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1321 дугаартай:

“Г.Цгийн биед дээд уруулд зулгаралт, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 72 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 30-31/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1489 дугаартай:

“Ц.Тгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хоёр шанаанд зөөлөн эдийн няцрал, уруул зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, дух, хамар, баруун хацар, баруун сарвууны чигчий хуруу, зүүн бугуйнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 32-33/,

 

Шүүгдэгч Г.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...би тэр Т гэх залуутай салсан эхнэр Хулангоотой хамт манай охин Мишээлийг тэврээд ирэхээр нь ямар учиртай хүн юм бол гэж бодоод танилцах гэж яриа өдөхөд миний хэн байх хамаагүй гэж томорсон. Ингээд хоорондын таарамжгүй харилцаанаас болж миний уур хүрээд толгойн тус газар нь нэг удаа мөргөсөн. Босож ирээд Т намайг нэг цохисон. Би хавирч унагаагаад харилцан зодоон үргэлжилсэн. Би тэр Т гэх залууг гараараа 10 гаруй удаа цохисон. Хөлөөрөө гэдэс, хөл хэсэг рүү нь 10 гаруй удаа өшиглөсөн. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... хохирогч эрүүл мэндээрээ хохирсон бол эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 26/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 04-05/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 38/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 39/, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 40/, Цгийн Мишээл, Цгийн Т нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 41-42/, шүүгдэгчийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтыг судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ц нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Цгийн хохирогч Ц.Тгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хоёр шанаанд зөөлөн эдийн няцрал, уруул зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, дух, хамар, баруун хацар, баруун сарвууны чигчий хуруу, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Ц шүүхийн шатанд хохирогчийг баримтаар хохирол нэхэмжилбэл төлөхөө илэрхийлж хүсэлт гаргасан байх учир шүүхээс Г.Цгийн хүсэлтийг биелэгдэх боломжтой гэж үзлээ.

 

Сэтгэл санаа нь яаж хохирсон эсэх, энэ хохирлыг хэрхэн яаж үнэлсэн эсэх, яаж хохирлыг барагдуулах эсэх, одоо уг хохирол арилсан эсэх нь тодорхойгүй учир шийдэх боломжгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос үүдэн гарах бусад зардлын талаарх баримтыг хуульд зааснаар бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрх нээлттэй хэвээр болно.

 

Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Г.Цд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гийн Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ