Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/282

 

2022        02        24                                  2022/ШЦТ/282

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02315 0224 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Жаст-Ойл ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 13 дугаар гудамжны 276 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 78а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдсэн, *******

         Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 5399 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Ж.Жанцанноровыг автомашиндаа суулган Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хулгана нэртэй хүнсний дэлгүүрийн орчим хүргэж улмаар тус автомашинаас буухдаа гээгдүүлсэн Ж.Жанцанноровын эзэмшлийн ОРРО А30 загварын гар утас, чихэвч болон Хаан банкны виза картыг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, Ж.Жанцанноровт нийт 431.972 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 10 дугаар тал/,

Яллагдагч *******гийн “2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн 53-99 УАМ улсын дугаартай тоёота акуа маркийн машинаар таксинд явж байхад Улиастайн тойргийн орчмоос 1 залуу гар өргөөд суусан. Тэр залуу Хужирбулангийн 1 дүгээр гудамжаар өгсөөд нэг айлын гадаа буусан. Би тэр залууг буулгачихаад гэрлүүгээ явсан. Замдаа хүн аваагүй. Гэртээ унтаж байгаад машинаа цэвэрлэж байхад машины арын сандлын завсар шалан дээр хар өнгийн гар утас байсан...тэр утсыг 7 хоног байлгаж байгаад Нарантуул зах дээр танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/,

Хохирогч Ж.Жанцанноровын “2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 06:40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Цагдаагийн постны автобусны буудлаас Хужир булангийн 5 дугаар хэсэг, өөрийн найз Гантулгын гэрт орж автомашины сэлбэг авах зорилгоор хашаанд нь ороод үзэхэд Гантулга гэртээ байсан. Би 5599 УАМ улсын дугаартай автомашины жолоочид өөрийн гар утсаа орхиод, би энд найзыгаа байна уу үзээд буцаад гараад ирнэ гэхэд тэр залуу би буцаад эргэж байя гэж хэлсэн. Тэгээд би Гантулгын хашаанд орж үзээд 2 минутын дараа гараад ирэхэд доошоо яваад өгсөн...өөрийн ОРРА А-30 загварын гар утсаа, цагаан өнгийн чихэвчтэй, мөн ард нь Хаан банкны алтан карттай үлдээсэн байсан...тэр таксины жолооч намайг утсаа орхиод буусныг анзааралгүй аваад явчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,

Гэрч С.Энхзулын “манай нөхөр Ж.Жанцанноров надад хэлэхдээ “такси бариад найзынхаа гэрт хүргүүлээд, “найзынхаа гэрт орчхоод ирнэ” гэж хэлээд гэрт нь орчхоод буцаад гараад ирсэн чинь тухайн машин нь явчихсан байсан гэж хэлсэн. Утсаа тухайн машины арын суудал дээр нь унагачихсан байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн БЗД3-21-279 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 410.172 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар тал/

“Дамно” ХХК-ий 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БЗД3-21-516 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 21.800 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ж.Жанцанноровыг автомашиндаа суулган Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хулгана нэртэй хүнсний дэлгүүрийн орчим хүргэж улмаар тус автомашинаас буухдаа гээгдүүлсэн Ж.Жанцанноровын эзэмшлийн ОРРО А30 загварын гар утас, чихэвч болон Хаан банкны виза картыг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, Ж.Жанцанноровт нийт 431.972 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/, хохирогч Ж.Жанцанноровын мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,  “Дамно” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн БЗД3-21-279 дугаартай тайлан /хх-ийн 31-32 дугаар тал/, “Дамно” ХХК-ий 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн БЗД3-21-516 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******г Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ж.Жанцанноров нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 72 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

******* нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ