Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/411

 

                                                                                                                       

 

   2022        03          18                                    2022/ШЦТ/411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Ганцэцэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

өсвөр насны шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Бн Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 04271 0621 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                       

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.О нь 2021 оны 11 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн академийн автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэг дотор иргэн Мийг бусадтай андуурч таксины мөнгөө өг гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр болон толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи дОт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.        

                                                                          

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 04271 0621 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Өсвөр насны шүүгдэгч Б.О нь иргэн Т.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 89-66 УБМ улсын дугаартай Лексус Ар Экс 300 маркийн машинтайгаа эхнэр Дагина, хоёр хүүхдийн хамт явж байгаад шөнийн 00 цагийн орчимд Цагдаагийн академийн автобусны буудлын урд талд байрлах түргэн үйлчилгээний цэг дотор хоол хүнсний зүйл авахаар автобусны буудал дээр зогсож байх үед үл таних 3-4 залуу орж ирээд ямар нэгэн зүйл хэлээгүй миний нүүр орчимд цохисон. Хэн нь цохисныг тухайн үед мэдээгүй. Тэгээд би тухайн залуучуудыг түргэн үйлчилгээний цэгээс түлхэж гаргаад хаалганы дотор талд зогсоод та нар хэн бэ? яагаад цохиж байгаа юм бэ гэж асуухад тухайн залуучууд ... таксины мөнгө өг, ална шүү гэж хэлсэн тул би тухайн залуучуудад хандаж битгий балай юм яриад бай, зайлцгаа гэж хэлэхэд үл таних жижигхэн туранхай залуу нь гадуур хувцсаа тайлж газарт шидээд гараад ир ална гэж хашхираад байсан тул би автобусны буудал дээр байсан машинаасаа гар утсаа аваад ...үл таних хүүхдүүд хүн зодоод байна... гэж хэлээд бичлэг хийгээд зогсож байх үед нэг залуу миний зүүн талын хацар шанаа орчимд 4-5 удаа цохисон. Тэгээд тухайн залуучууд машиндаа суугаад явсан тул би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч Г.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... цагдаагийн академийн урд талын автобусны буудал дээр байх түргэн үйлчилгээний цэгийн үүд хэсэгт автомашинаа зогсоогоод Мөнх-Эрдэнэ, О, Батмөнх, Эрхэмбаяр бид тав машинаас буугаад Мөнх-Эрдэнэ, О нар түргэн үйлчилгээний цэг рүү орсон. Тухайн үед 3 залуу зогсож байсан тул Мөнх-Эрдэнэ, О нар ах аа, таксиныхаа мөнгийг өгөөч ээ гэж хэлэхэд 1 залуу нь юу яриад байгаа юм бэ, мангар бацаанууд зайлцгаа гэж хэлээд Мөнх-Эрдэнийг өшиглөж унагаасан. О тухайн залуугийн нүүр орчимд гараараа 2 удаа, тухайн залуу Оын нүүр орчимд гараараа 2 удаа цохисон. О тухайн залуу хоёр салсан. Мөнх-Эрдэнэ тухайн залууг гараад ир гэж  хэлээд хувцаснаас нь татаж, куртикнийхээ энгэрийн цахилгааныг тайлаад гараад ир гэж орилоод байсан. Тухайн залуу бид нарт хандаж та нар хүн андуураад байна, би машинтай явж байна гэж хэлээд автобусны буудал дээр зогсож байсан ногоон өнгийн Тоёота Харриер маркийн автомашинаас нэг эмэгтэй болиоч гэж хэлсэн. Бид нар хүн андуурсан гэдгээ мэдээд уучлалт гуйгаад явсан гэх мэдүүлэг/хх-ийн 30/,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр найз О, Батмөнх бид гурав 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхоны орчимд уулзаад сагсан бөмбөг тоглож байгаад гэртээ харихаар Ботаникийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг Приус центр төвийн орчимд алхаж байх үед Тэмүүлэн утсаар залгаж таксинд явж байх үед суусан хүмүүс мөнгөө өгөлгүй зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй Тэмүүлэн машинтай ирсэн бөгөөд машин дотор нь Эрхэмбаяр хамт явж байсан. Тэгээд бид тав Цагдаагийн академийн орчимд машинтай явж байгаад замын урд талын түргэн үйлчилгээний цэг дотор байсан үл таних эрэгтэйг Тэмүүлэн хараад энэ залуу миний машинд суугаад мөнгө өгөхгүй буусан хүн мөн байна гэж хэлсэн. Би машинаас буугаад түргэн үйлчилгээний цэг дотор ороод тухайн залууд хандаж чи таксиныхаа мөнгийг өгөөч гэж хэлэхэд тоохгүй байсан тул гараас нь татаж таксиныхаа мөнгийг өгөөч ээ гэж хэлэхэд эргэж хараад миний цээж орчим руу хөлөөрөө жийх үед би хаалганы гадна талд унасан. Тухайн үед найз О түргэн үйлчилгээний цэг рүү орж ирээд тухайн залуутай зодолдоод бие биеийнхээ нүүр орчимд цохиод байх шиг байсан. Гэхдээ хаана нь хэдэн удаа цохисныг хараагүй. Тухайн үед хамт явж байсан Батмөнх машиндаа сууж байсан бөгөөд Тэмүүлэн, Эрхэмбаяр хоёр машинаасаа бууж ирээд зогсож байсан. Удалгүй Цагдаагийн албан хаагчид ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11804 дугаартай:

Т.Мийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи дОт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн:

... 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Цагдаа Амгалан хотхоны орчимд найз Мөнх-Эрдэнэ, Батмөнх бид гурав явж байх үед 22 цагийн орчимд найз Тэмүүлэн утсаар холбогдож зодуулчихлаа, таксинд суусан хүн мөнгөө өгөхгүй явчихлаа гэж хэлсэн. Бид гурав Ботаникийн зүүн талд байх О худалдааны төвийн эсрэг талд байрлах Приус центрийн эсрэг талаас Тэмүүлэн, Эрхэмбаяр нарын машин суугаад шөнийн дэлгүүр орчим явган зугтаасан гэж хэлсэн тул тухайн залуучуудыг олох зорилгоор машинтай араас нь явсан бөгөөд буцаад Цагдаагийн академи орчим явж байх үед замын урд талын түргэн үйлчилгээний цэгийн хажууд машинтай зогсоод харахад Тэмүүлэн надад хандаж түргэн үйлчилгээний цэг дотор байгаа залуу намайг зодож, таксины мөнгө өгөхгүй зугтаасан залуу мөн байна гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ түргэн үйлчилгээний цэг рүү ороод нөгөө залуугийн гараас татахад Мөнх-Эрдэнийг өшиглөж унагаасан тул би араас нь орж нөгөө залуугийн нүүрэн хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд түргэн үйлчилгээний цэгээс гарч ирээд тухайн залуу гартаа төмөр бариад цус үзье гэж орилоод байсан. Би тухайн залуу руу очиход гар утсаараа зүүн хацар руу цохисон тул тухайн залуугийн хацар орчимд 1-2 удаа цохисон. Найз Эрхэмбаяр наад залуу чинь биш байна, хүн андуурсан байна гэж хэлсэн тул би машиндаа суугаад найзуудын хамт явсан гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

 

- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05/,

- эд зүйлийг хавтас хэрэгт тусгуулах тухай мөрдөгчийн тогтоол, хохирлын баримт /хх-ийн 54-55/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн хавтаст хэргээс өсвөр насны шүүгдэгч Б.Оын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Оыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Оын иргэн Т.Мийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Т.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нотлох баримтаар нэхэмжлээгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны шүүгдэгч Б.О 130.000 төгрөгийг хохиролд төлсөн, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн өсвөр насны шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Од ял оногдуулахад хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 16 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 дахин багасгаж оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Бн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар өсвөр насны шүүгдэгч Б.Оыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Од оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ