Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1745

 

                                                  

 

 

 

 

 

 

 

Н.Шаравжамцын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг  даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

                  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01744 дүгээр шийдвэртэй,

 

                 Нэхэмжлэгч: Н.Шаравжамцын нэхэмжлэлтэй,

                 Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

                 Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

                Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

                шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 04648 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан юм. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь илт хууль бус болсон.  Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр 195 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 190 000 000 төгрөгөөр үнэлж,  үүний 70 хувиар тооцон 133 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд санал болгосон нь хууль бус болсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх шаардлагатай байтал албадан үнэ тогтоогоод байгаад туйлын гомдолтой байна. Дээрх хуулийн заалтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь үнэлгээ огтхон ч тогтоогоогүй гэдгийг мэдэгдье. Мөн үл хөдлөх хөрөнгийг 50 хувиар тооцон 95 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг санал болгон 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаанд оруулах болсон гэдгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3/2965 тоот мэдэгдэх хуудсаар хүргэсэн нь цаг хугацааны хувьд төөрөгдөлд оруулсан. Энэ нь миний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж улмаар зах зээлийн үнэлгээг хийгээгүй, зөвхөн төлбөрт бариулж төлбөр авагчид олгох ажиллагаа хийгдэж байна. Энэ ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгөөгүй ба уг ажиллагааг хууль ёсны гэж үзэж 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 5/462 тоот бичгээр хариу мэдэгдсэн байгааг хууль бус гэж үзэж байна. Иймээс миний бие төлбөрийг гаргуулахаар хууль бусаар зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4648 дугаар захирамжаар Н.Шаравжамцаас 52 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 233 412 төгрөг тус тус гаргуулж Н.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай алба хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Төлбөр төлөгч Н.Шаравжамцад төлбөрөө сайн дураараа төлж барагдуулахыг мэдэгдэж, хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр 195 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006214 дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал авсан. Талуудын хоорондоо харилцан тохиролцсон үнэ болох 190 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 133 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 12 дугаар сарын 28-ны анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу барьцааны орон сууцанд талуудын харилцан тогтоосон үнэ болох 190 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 95 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах бүрд хуульд зааснаар төлбөр төлөгч Н.Шаравжамц мэдэгдэж, тайлбар авч, тэмдэглэл хөтөлж ажиллаж байгаа болно. Иймд төлбөр төлөгч Н.Шаравжамцад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Н.Шаравжамцын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг
улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбогдон миний бие төлбөр авагчтай биечлэн уулзаж дуудлага худалдаанд санал болгохоор тогтоох үнийг харилцан тохиролцоогүй. Гэтэл бичгээр гаргасан 190 000 000 төгрөгийн үнийг тохиролцсон үнэ болгон авч хоёр удаагийн дуудлага худалдаанд оруулаад зогсохгүй 2017 оны 3 дугаар сард дээр дурдсан миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг төлбөр авагчид төлбөрт тооцон олгохоор иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзээд зогсохгүй иргэн миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Н.Шарамжамц нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/04648 дугаар захирамжаар Н.Шарамжамцаас 52 500 000 төгрөг гаргуулж Н.Лхагвасүрэнд олгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 195 тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан байна. /хх-ийн 16, 28 дугаар тал/

 

Эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцжээ.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны үнийн саналд харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 190 000 000 төгрөгөөр тогтоосон байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 190 000 000 төгрөгийн 70 хувь буюу 133 000 000 төгрөгөөр оруулахаар нийтэд зарласан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ нь шинээр үнэлгээ тогтоож байгаа явдал биш. Харин дуудах үнийн доод хэмжээг тодорхойлж байгаа болно. /хх-ийн 44-47 дугаар тал/

 

Анхны дуудлага худалдаагаар орон сууцыг оруулсан боловч үнийн санал гараагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа санал гаргах доод үнийг 50 хувь буюу орон сууцыг 95 000 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой саналаа өөрөө гаргасан байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно. /хх-ийн 35-36 дугаар тал/

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

                  1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ