Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0045

 

Иргэн Э.Аын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 726 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Э.Аын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартааДүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Э.Ат тус дүүргийн 20 дугаар хороо, таван шарын автобусны буудал талдаа Авто засвар, үйлчилгээний зориулалтаар 252 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1.2-т газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Иймд, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжийн иргэн Э.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартааИргэн Э.Аын дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар 252 м.кв газрыг авто засвар, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах зарчмыг Засгийн газар тогтооно, 33.4 дэх хэсэгт заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж газар эзэмших эрхийг олгосон байна. Иймд иргэн Э.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 726 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн иргэн Э.Ат холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Э.Ат дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар 252 м.кв газрыг авто засвар, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байдаг.

Газар эзэмшүүлсэн дээрх захиргааны акт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 33.4 дэх хэсэгт заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн.

Иймд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 /Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй/, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах 6.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана6.2 /Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна/, /Энэ хуулийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана/.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан ...хөөн хэлэлцэх хугацаа... нь мөн зүйлийн 6.1-д заасан холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоног гэсэн хугацаагаар тодорхойлогдоно. Энэ хугацаанд гомдлоо хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй иргэн, хуулийн этгээд, байгууллага нь зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа-г сэргээлгэхээр урьдчилан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандана хэмээн заасан байдаг.

Гэтэл иргэн Э.Ат дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 503 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг цуцалсан болохыг мэдэгдсэн байдаг.

Э.Аын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 12 дугаар сард газрын төлбөрөө төлөх гээд очиход надад дээрх мэдэгдлийг өгсөн хэмээн бичсэн байдаг.

Дээрх мэдэгдэлд ... газар эзэмших эрхийг цуцалсан болохыг мэдэгдье. Хавсралт: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, дүүргийн Засаг даргын захирамжийн хуулбарыг хүргүүлэв гэжээ.

Иймд иргэн Э.А нь 2013 оны 12 дугаар сард мэдсэн гэдэг нь өөрийн гаргасан нэхэмжлэлд тодорхой тусгагдсан байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бөгөөд тус хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд 36 дугаар зүйлд заасан захиргааны хэрэг үүсгэх үндэслэлгүй байна.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар харын 29-ний өдрийн 726 дугаар шийдвэрт маргаан бүхий захиргааны актыг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гардан авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбараар нотлогдох байна гэжээ.

Өнөөдөр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэд хэдийд ч төрийн байгууллагад хандаж өргөдөл гарган маргаан бүхий захиргааны актыг авах боломж байсан хэрэв өргөдөлд хариу өгөөгүй тохиолдолд дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй тул иргэн Э.А нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн байх ямар ч боломжгүй бөгөөд нотлогдоогүй юм.

Үүнийг боломжтой, нотлогдсон мэтээр тайлбарлаж байгаа шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг бөгөөд дээрх үүргийг биелүүлээгүй, илт хэрэгт хамааралгүй нотлох баримтыг хэрэгт хамааруулан шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 726 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгожнэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан магадлал гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Ааас Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто засвар үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаагаар 252 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газрын албанаас түүнтэй мөн оны 06 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаар иргэн Э.Ат Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газар эзэмших эрх үүсчээ.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-д заасныг зөрчиж Баянгол дүүргийн 2012 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчин газар эрх олгосон гэсэн үндэслэлээр Э.Аын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад үүрэг болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх нь дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарахаар, хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-д тодорхой этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг Засаг даргад үүрэг болгох эрх хэмжээ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй байна.

Нөгөөтэйгүүр, Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр тусгагдаагүй маргаан бүхий газрыг Э.Ат дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлэлгүй эзэмшүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүйгээс гадна Э.Ат нэгэнт үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байна.

Тиймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний А/31 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэх боломжгүй.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минутад дууссан болох тухайн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр бичгээр хэлбэржиж, баталгаажаагүй байхад ажлын цагт багтаан тус дүүргийн Засаг дарга захирамж гаргах боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа төсөл, шалгаруулалт явуулаагүй гэх үндэслэл нь захиргааны байгууллагын өөрийн үйл ажиллагаанд хамааралтай, түүний хуулиар хүлээсэн үүрэг байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн маргаан бүхий захиргааны актууд, түүний хавсралтуудыг иргэн Э.Ат мэдэгдээгүй хариуцагчийн буруутай ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь зөв бөгөөд энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР