Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/412

 

 

 

 

   2022         03         18                                     2022/ШЦТ/412

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Бын Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0652 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 03-н ы өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 4085 тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Цг бусадтай хардаж, улмаар ширээн дээр байсан хутгыг авч, зүүн гарыг нь зүсэж эрүүл мэндэд зүүн ядам хурууны дотор хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                  

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0652 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ч.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 ...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед манай найз Оюундарь гэрт ирсэн. Маргааш нь 10 цагийн орчимд 0.75 литрийн Чингис архийг хувааж уусан. Оюундарийн аав Сэрдамба нь түүн рүү залгаж танил дүү Баянмөнх хүнд зодуулсан, ухаангүй байгаа талаар ярьж хэлсэн. Тухайн үед би яасан юм бол оо, гайгүй хүүхэд байсан даа гэж хэлээд уйлахад манай нөхөр Б надад хандаж чамайг Баянмөнхтэй ууж идэж, унтаж хэвтдэг гэж хүмүүс ярьдаг юм байна лээ, чи юундаа уйлдаг юм бэ гэж хэлэхээр нь би Бд хандаж Баянмөнх миний хүүхдүүдтэй адилхан, чамд хамаагүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тухайн үед би гэрийн хойд талд идээний хажууд сууж байсан бөгөөд Б гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Надад хандаж ална шүү гэж хэлээд босож ирээд гэрийн хойд талд ууцан дээр байсан хар, цагаан өнгийн хуванцар бариултай хутгыг бариад ална шүү гээд над руу дайрах үед би гараараа хутгыг нь цохих үедээ баруун гарын ядам хуруугаа хутганд зүссэн. Би гэрээс гарч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч Б.Оюундарийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Сэрдамба ах утсаар холбогдож надад миний хүү Баянмөнх 3 хоног гэртээ ирээгүй, бие нь тааруу харвасан гэнэ, гэмтэл рүү явсан гэнэ гэж хэлсэн. Би энэ талаар Ц, Б нарт хэлэх үед найз Ц шууд уйлаад эхэлсэн. Нөхөр Б Цг хардаж эцэг, эх нь уйлаагүй байхад чи юундаа уйлаад байгаа юм гэж хэлээд уг асуудлын улмаас тэд маргалдсан. Хэсэг хугацааны дараа би гал тогооны хэсэгт зогсож байх үед ууцны дээр байх хар, цагаан өнгийн иштэй хутгыг Б авсан. Тэгээд Б Ц руу ойртох үед би дундуур нь ороод нөгөө хутгыг нь Бгээс аваад шүүгээнд хийсэн. Тухайн үед Ц гадагшаа гарч цагдаад дуудлага өгөөд 10-20 минутын дараа орж ирэх үед Цгийн баруун гарын ядам хуруу зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 04/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 24/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн: ...үүдний модон амбарын хаалгаар дотогш ороход амбаарын шал улбар шар өнгийн хулдаастай, хулдаасны дээд тал цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлж авч гэрийн дотор талд үзлэгийг явуулахаар тогтов. Гэрийн хаалгаар дотогш ороход гэрийн доторх эд зүйл эмх цэгцтэй байх ба ... хар цагаан өнгийн бариултай нийт урт 22.5 ажлын хэсэг 12.5 бариул 10 см урттай, ажлын хэсгийн их хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон хутга гарын зүүн урд талд байх шаргал өнгийн тогтооно ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2721 дугаартай:

“Ч.Цгийн биед зүүн ядам хурууны дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... өдөр 13 цагийн үед сэрэхэд эмэгтэй хүн уйлаад байхаар нь эргээд харахад Ц уйлж байсан. Чи яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуухад манай хуурай ахын том хүүхэд хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт байна, оронд чи тэнд хэвтэх байсан юм гэж хэлсэн. Би тухайн үед тэгүүл тэнд хэвтээд өгье гэж хэлээд ширээн дээр байсан хар иштэй богино хутгыг авахад Ц хутганы цаанаас бариад Ц гараа зүсчихсэн. Тухайн үед Оюундарь, Ц бид гурваас өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 35/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бгийн цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бгийн хохирогч Ч.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж ширээн дээр байсан хутгыг авч зүүн гарыг нь зүсэж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ч.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 22.5 см урт, ажлын хэсэг нь 12.5 см, бариул хэсэг 10 см урттай хар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Бын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 22.5 см урт, ажлын хэсэг нь 12.5 см, бариул хэсэг 10 см урттай хар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ