Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

2022        02        25                                  2022/ШЦТ/293

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч Б.Ө, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.С нарыг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00329 0267 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймаг  Баянхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн Механик инженерийн сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 17 дугаар гудамжны 354 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хэрдэг овогт Г.С

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөнх ХХК-нд арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Холбоо толгой 6 дугаар гудамжны 66 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Ө / Холбогдсон хэргийн талаар:

Б.Ө, Г.С нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консул 15 дугаар гудамжны 379 тоот нийтийн байрны гадна байрлуулсан иргэн Б.Энхсайханы эзэмшлийн Тоуоta prius 30 маркийн 74-60 УБО улсын дугаартай авто машины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ө нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарт хотхоны зогсоолд байрлуулсан иргэн Г.Есөнжингийн эзэмшлийн Тоуоta prius 20 маркийн 18-87 УБА улсын дугаартай авто машины 3 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Өгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч Б.Өгийн “Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах өргөн гудамж руу орсон тухайн гудамжны зогсоол дээр цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь дугуй обудыг нь хулгай хийх санаа төрж тухайн машины урд 2 ширхэг, зүүн хойд талын 1 ширхэг дугуйг тайлж хулгайлан авч 1 ширхгийг нь өөрийнхөө машины хойд суудал дээр тавиад үлдсэн 2 ширхгийг нь багаждаа хийгээд Яармаг New gardan  хотхон дээр очоод facebook зар дээр байсан. Зарын дагуу 99012265 дугаартай залуутай холбогдоод өөрт байсан адилхан нэг дугуйтай нийлүүлж 4 ширхэг дугуйг 400.000 төгрөгт зарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Яллагдагч Г.Сын “2021 оны 12 дугаар сарын эхээр байх он сар өдрийг санахгүй байна. Таксинд явж байхад Өлзийхүү ах намайг Цагаан хуарангийн ойролцоо дуудсан тэгэхлээр нь би яах гэж байгаа юм вэ гэж асуухад автомашины обуд авъя гэж хэлэхээр нь би хаягийн гэж хэлсэн чинь зүгээр зүгээр Өлзийхүү ах хэлээд бид хоёр Өлзийхүүгийн автомашиныг Цагаанхуаран хотхоны хойно байрлах цагаан худгийн хажууд очиж приус-30 загварын цагаан өнгөтэй автомашины дөрвөн ширхэг унадаг дугуйг хулгайлаад буцах замдаа Өлзийхүү ахыг авто машиных нь  дэргэд буулгаад явсан. Маргааш нь би нөгөө хулгайлж авсан дөрвөн  ширхэг дугуйг өөрийн унаж байсан автомашиндаа тавиад харин өөрийн хуучин дөрвөн ширхэг дугуйг Өлзийхүүд өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

Хохирогч Г.Есөнжингийн "Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарт хотхоны далангийн эсрэг талд өргөн гудамжинд өөрийн эзэмшлийн 18-87 УБА улсын дугаартай Тоёота Приус-20 загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг шороон зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07 цагт ажилдаа явах гээд машин дээрээ ирэхэд миний машины жолоочийн эсрэг талын урд, хойд дугуй, жолооч талын урд дугуй хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Машин дотроос эд зүйлс алдагдаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145 дугаар тал/,

Хохирогч Б.Энхсайханы “2021 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 15 дугаар гудамжны 379 тоот нийтийн байрны гадаа 74-60 УБО улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслээ тавиад өглөө 07 цаг 50 минутад дүүгийнхээсээ гараад машинаа харахад миний машин дотор чулуу ивээд 4 ширхэг обуд дугуйг тайлаад авч явсан байсан ... Өөрөөр миний машинаас алдагдсан зүйлгүй. Г.С, Б.Ө нар надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надаа ямар нэг хохирол, гомдолгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ий 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БЗ1-22-184 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 540.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 159-160 хуудас/,

“Дамно” ХХК-ий 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн БЗ1-22-01 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 480.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 38-39 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Б.Ө, Г.С нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консул 15 дугаар гудамжны 379 тоот нийтийн байрны гадна байрлуулсан иргэн Б.Энхсайханы эзэмшлийн Тоуоta prius 30 маркийн 74-60 УБО улсын дугаартай авто машины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ө нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарт хотхоны зогсоолд байрлуулсан иргэн Г.Есөнжингийн эзэмшлийн Тоуоta prius 20 маркийн 18-87 УБА улсын дугаартай авто машины 3 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Есөнжин, Б.Энхсайхан нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээнүүд, Б.Ө, Г.Сын яллагдагч, шүүгдэгчээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Б.Ө, Г.С нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  Г.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

        Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан Б.Өг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн”, Г.Сыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч Г.Есөнжин, Б.Энхсайхан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Б.Ө, Г.С нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Шүүгдэгч Б.Ө, Г.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхбаатарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, Б.Өд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар гаргасан саналыг Б.Ө, Г.С нар тус тус хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ө, Г.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, Г.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө, Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө, Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд, Г.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, Г.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Б.Ө, Г.С нарт шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Ө, Г.С нарт мэдэгдсүгэй.                                                          

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ө, Г.С нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ө, Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ