Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0323/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт  Т- овогт Г-ы С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000000330 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүлжээ холбооны админ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ......... тоотод оршин суух хаягтай, урьд

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгож хөнгөрүүлэн өөрчилсөн,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хэмжээг  2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар биеэр эдлэх ялыг 3 жилээр тогтоон ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Т- овогт Г-ы С- /РД:ХХХХХХХХ/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.С- нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Баян Идэр төвд байрлах Гүүдлак интернэт үйлчилгээний газраас Т.А-ийн Айфон 11 про  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Т.А-ийн “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Баян-Идэр худалдааны төвийн 2 давхарт байрлах худалдааны төвийн цахим тоглоомын төв рүү хувийн ажил хийхээр орсон. Намайг өрөөнд ороход 2 залуу эсрэг талд сууж байсан. Тэр хоёр залуугаас өөр хүн миний байсан өрөөнд орж ирээгүй ба би гар утсаа маузны урд дэлгэцийн доод талд ил гаргаж тавиад компьютер дээр ажлаа хийж сууж байгаад 10 орчим минутын дараа гар утсаа харсан чинь алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

 

Гэрч П.Са-ийн “...Баян-Идэр төвийн 2 давхарт байдаг Гүүдлак нэртэй тоглоомын газар орж тоглож байтал “С- хажууд суугаад андаа тэр гар утсыг харж байна уу, авахад амархан юм байна” гэж хэлэхээр нь би мэдэхгүй ээ, надад хамаагүй шүү гэж хэлээд түрүүлээд тоглоомын газраас гараад явсан. Тэгтэл удалгүй С- гарч ирээд хурдан явъя гэж хэлэхээр нь яасан гэж асуухад нэг гар утас гаргаж ирээд 2 сая төгрөгийн үнэтэй гар утас байна, хурдан зарах хэрэгтэй байна, кодгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө утас руу нэг дугаар залгаад “Ахын дүү цагдаа байна, ахынх нь гар утас байгаа юм, хаана байгаа юм, явж очоод авъя” гэхээр С- утсыг нь салгаад шууд унтраагаад Дархан зах, Ихэр могой орж зарах гэж байгаад баригдаж магадгүй гээд орой 19 цаг 30 минутын автобусаар Улаанбаатар хот руу хамт явсан. ...тэр орой С-ийн найз бололтой нэг залуу ирээд 250,000 төгрөгөөр гар утсыг нь худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Яллагдагч Г.С-ийн “...Са- бид хоёр Дархан сумын 16 дугаар баг, Баян-Идэр худалдааны төвд байрлах Гүүдлак нэртэй интернэт тоглоомын газарт орж тоглож байхад тухайн тоглоомын газарт эсрэг талын эгнээнд нэг залуу компьютер тоглоом тоглож байсан ба тухайн залуугийн гар утас нь ширээн дээр ил тавьсан байсан. Тухайн үед би мөнгөгүй байсан учраас тухайн залуугийн гар утсыг хулгайлан авч зарж мөнгөтэй больё гэж бодоод Са-ид энэ залуугийн гар утсыг авъя гэхэд Са- хэрэггүй гэсэн. Тэгээд Са- тухайн газраас түрүүлээд гараад явсан. Тэгээд би хэсэг сууж байхад гар утасны эзэн залуу тоглоом тоглоод сэрэмжээ алдсан байсныг далимдуулаад би тухайн гар утсыг ширээн дээрээс аваад гарч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “...Айфон 11 про  маркийн гар утас /шинэ/ 1 ширхэг, зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2021 оны 10 дугаар сарын байдлаар 2,300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Хэргийн хамт хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 8-9/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Т.А-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй,  хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

 

Шүүгдэгч Г.С- нь хохирогчийн гар утасны үнэ болох 2,300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 2,300,000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хоригдол Г.С-ийн эдлээгүй үлдсэн 11 сар, 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож суллагдсан байх ба хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх боловч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох”-оор заасан тул уг хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.С- нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 17 хоног цагдан хоригдсон байна.

 

Шүүгдэгч Г.С- өмнө нь өмчийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан боловч үүндээ дүгнэлт хийгээгүй, хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэрэг байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ялыг тэнсэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 17 хоногийг хорих ялын 17 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Т- овогт Г-ы С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хоригдол Г.С-ийн эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-д 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С-д оногдуулсан 1 /нэг/ жил  6/ зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ээс 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган/  төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ........ оршин суух Х овогт Т-ын А- /РД:, утас: /-д олгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 17 хоногийг хорих ялын 17 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД