Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0323/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч А.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт  Б- овогт А-ын М-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000000371 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эмээ, ах, эгч дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... тоотод оршин суух хаягтай, урьд:

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 656 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр сарын 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жил, 9 сар, 7 хоногийн хугацаатай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт А-ын М- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шөнийн 1 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах нийтийн орон сууцны гадна байрлуулсан Б.Э-ын эзэмшлийн 74-08 ДАА улсын дугаартай Т.Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

 

Хохирогч Б.Э-ын өгсөн: “...өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед гэрийнхээ гадаа Дархан сумын 4 дүгээр баг, Россия байрны гадна манай эхнэр Сувд-Эрдэнэ машинаа тавиад гэртээ орсон. Орой унтахын өмнө 21 цагийн үед цонхоор харахад машин байсан. Тэгээд өнөөдөр өглөө 9 цаг өнгөрөөгөөд ажилдаа явах гээд гарсан чинь машин байхгүй байсан. Гайхаад тэр хавиар хэсэг харж байгаад байхгүй болохоор нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 4,800,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59/, 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт тооцох тогтоол /хх-ийн 22-23, 28/,

 

Яллагдагч А.М-ын “...би Улаанбаатар хотод эхнэртэйгээ уулзах гээд хүний машин зөвшөөрөлгүй авч явсандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч А.М-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Э-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч Өмнөговь аймагт ажилтай тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.М- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр сарын 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жил, 9 сар, 7 хоногийн хугацаатай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон хугацаанд, уг ялыг эдлэж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дэээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул уг өдрөөс эхлэн эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солих үндэслэлтэй байна.

 

2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тооцвол 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 4 сар 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж, 1 жил, 5 сар 4 хоногийн ял эдлээгүй үлдсэн байжээ.

 

Шүүгдэгч А.М- өмнө нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан боловч үүндээ дүгнэлт хийгээгүй байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч А.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар буцаан солихоор шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 90 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнө тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг  1 жил, 8 сар, 4 хоногийн хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахть хэсэгт зааснаар хорих ялын 37 хоногоор тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, 75*25 см урттай хар өнгийн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Б- овогт А-ын М-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-ад 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч А.М-ад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр сарын 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ялыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос биелүүлээгүй үлдсэн  1 жил, 5 сар, 4 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын  нэг хоногоор тооцон, 1 жил, 5 сар, 4 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.М-ад энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон  90 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, өмнө тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил, 5 сар, 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 8 сар, 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М-ад оногдуулсан 1 /нэг/ жил, 8 /найман/ сар 4 / дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 37 хоногийг хорих ялын 37 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, 75.25 см урттай хар өнгийн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД