Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0301/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэгт  Б- овогт С-гийн О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118002280320 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэснийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4-р сарын 17-ны өдрийн 31 дугаартай магадлалаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгож өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт С-гийн О- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.О- нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Зул жавхлан” зочид буудлын онгорхой орхисон цонхоор нэвтэрч Д.Э-гийн эзэмшлийн Самсунг эс 10, Самсунг А-51 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Э-гийн “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр болоод миний том охин М- Улаанбаатар хотоос над руу Самсунг  Эс 10 маркийн хайрцаг савтай шинэ гар утас явуулсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Зул жавхлан” зочид буудал дээр ирээд үйл ажиллагаа явуулаад байж байхад нэг мэдсэн шөнийн 00:00 цаг болсон байсан. Би ажлын өрөөнөөс гараад буудлаа эргэж тойроод 5 минут орчим болсон. Өрөөндөө орж ирэхэд ширээн дээр байсан миний Самсунг эс 10, Самсунг А-51 маркийн 2 ширхэг гар утас байхгүй байсан учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гарахдаа өрөөнийхөө хаалгыг цоожлоод гарсан, харин цонхоо онгорхой орхиж гарсан байсан. Тухайн онгорхой орхиж гарсан цонх нь ямар нэгэн хамгаалалтын эд зүйлгүй, шууд хүн нэвтэрч орох боломжтой цонх байсан. ...Самсунг эс 10 маркийн гар утсыг Улаанбаатар хотоос хувь хүнээс 900,000 төгрөгөөр худалдан авсан. Хувь хүнээс худалдаж авсан болохоор баримт нь байхгүй байна. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр худалдан авсан шинэ утас байсан. Багтаамж үзүүлэлтийн хувьд 128гв багтаамжтай 8гв рамтай гар утас байсан. Харин Самсунг 51 маркийн гар утсыг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймаг дахь мобикомын салбараас 600,000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

 

Гэрч Э.З-гийн “...2021 оны 7 дугаар сарын сүүлээр найз О-ын хамтаар “Зул жавхлан” зочид буудлаас ширхэгийн тамхи олж авахаар гарсан. Би хоёр тус буудалд яваад очтол хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд хаалгыг нь тогшиж байтал О- тэрийг хардаа гэхээр нь юу гэтэл буудал дотор ширээн дээр давхарлаад тавьчихсан 2 ширхэг гар утас руу заасан. О- буудлын цонхоор ороод 2 гар утсыг авч гараад зугтсан. Бид 2 маргааш нь уулзаад 2 гар утсаа яах гэж байна гэхэд О- “би аваад хот явлаа” гэж хэлээд явсан. Би О-ыг дэмий л байх даа, яах юм бэ гэхэд өөрөө мэдэж байна гээд орсон. Би тухайн үед нь гадаа хүлээгээд зогсож байсан. Би мөнгө төгрөг огт аваагүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан “Самсунг эс 10 маркийн 128 гв багтаамжтай 8гв рамтай гар утас /шинэ/ 1 ширхэг, “Самсунг А51” маркийн 64гв багтаамжтай гар утас /хуучин/ 1 ширхэг, ...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

Шинжээч Я.Батбаярын “...миний бие дээрх “Самсунг эс 10 маркийн 128 гв багтаамжтай, 8 гв рамтай гар утсыг 900,000 төгрөгөөр,  “Самсунг А51” маркийн 64 гв багтаамжтай гар утсыг 600,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг гаргахдаа үнэгүй.мн сайт болон Мобиком ХХК-иас үнийн судалгааг авч, мөн гар дээрээс утас худалдан борлуулдаг иргэдээс мэдээ, мэдээлэл цуглуулан дээрх дүгнэлтийг гаргасан” гэх шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 44/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл, баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18/,

 

Яллагдагч С.О-ын “...2021 оны 07 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Зул жавхлан” зочид буудал руу ширхэгийн тамхи авах гэж найз З-гийн хамтаар очсон. “Зул жавхлан” зочид буудлын хашаагаар ороод З- цаана үлдээд би хүнгүй байхаар нь цонхоор нь ороод ширээн дээр байсан “Самсунг эс 10, “Самсунг А51” маркийн гар утаснуудыг тус тус аваад гарсан. Тэгээд буцаад цонхоор нь гараад зугтаасан. Хулгайлсан гар утсаа толгойтод эзэнгүй айлын хашаа давуулаад хар хувцсанд ороогоод нуусан. Тэгээд хоёр хоног тэндээ нууж байгаад би ганцаараа Улаанбаатар хот руу явж Тэди дээр танихгүй хүнд 650,000 төгрөгөөр зарсан. Одоо тухайн хүнийг харвал би танихгүй утасны дугаар гэрийн хаягийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...хяналтын камерын бичлэгийг ухраахад 07 дугаартай камерт 03 цаг 41 минутад үл таних 2 залуу ертөнцийн зүгээр зүүн талаар явсаар буудлын хашаа руу орсноор камерт харагдахгүй болсон, ...08 дугаартай камерын бичлэгийг ухраахад 00 цаг 03 минутад буудлын хаалганы урд талаас зүүн тийшээ эргэж цонх руу дөхөв, 00 цаг 05 минутад хар өнгийн пудболкатай залуу цонхоор авчирч дотогш орж байв, буцаад 00 цаг 05 минутад цонхоор гараад харагдахаа больсон” гэх тэмдэглэл, /хх-ийн 8-9/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч С.О- нь шунахайн сэдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу зочид буудлын цонхоор нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Ирэгний хуулийн 497-р зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр хохирол учруулсан этгээд уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Д.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй,  хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

 

Шүүгдэгч С.О- нь хохирогчийн 2 гар утасны үнэ болох 1,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1,500,000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрсэн байсан байх тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нь өмнө насанд хүрээгүй байхдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэгт ял шийтгүүлж байсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч С.О- нь учруулсан хохирлоо 15 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, “дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэж шүүх хуралдааны танхимд эцэг, эхийнхээ өмнө амлалт өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.О-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоногийг хорих ялын 15 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Б- овогт С-гийн О-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.О-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О-т оногдуулсан 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-аас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/  төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... тоотод оршин суух Ц овогт Д-ийн Э- /РД:, утас: /-д олгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоногийг хорих ялын 15 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД