Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0006/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т- овогт Д-ын Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118003000360 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ........ тоотод оршин суух хаягтай,

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Т- овогт Д-ын Д- /РД:ХХХХХХХХ/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д- нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багт байрлах “Өндөр улаан” хүнсний дэлгүүрийн урд талын талбай дээр Г.У-той маргалдаж улмаар хамран тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Г.У-ын “...Анхаа гэх залуу гүйж ирээд миний 2 гарнаас бариад хамар луу толгойгоороо мөргөөд миний хоолойноос багалзуурдсан. Тэгээд би зууралдаад байж байхад араас хүн өшиглөхөд би замын хажууд байрлах боржурт хөлөөрөө тээглээд унасан. Би унаад босох гэтэл нэг нь миний нүүр лүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Насанд хүрээгүй гэрч М.А-ын “...би У-ыг хавираад унагаасан. Ингээд дэлгүүрээс нэг эгч гарч  ирээд та нар одоо болиоч нэг хүн рүү 3-4 нийлж дайрчхаад одоо ганц цохилт дааж чадахгүй гэж хэлсэн. Мөн одоо болихгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Ингээд байж байтал У-г Д- цохиход У- унахдаа замын боржур мөргөөд унасан”  гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Гэрч О.Г-ийн “...би очоод салгах гэтэл цэнхэр шоо хээтэй цамцтай залуу, бүдэг ягаан өнгийн цамцтай шар өнгийн үстэй залууг зохиход тэр шар үстэй залуу боржур тээглээд унасан. Тэгээд дээрээс нь хар курткатай залуу нүүрэн дээр нь дэвссэн. Тэгээд хар курткатай залууг татаад болиулахад тэр намайг түлхсэн. Би босож ирээд хар курткатай залууг дахиж татаад болиоч гэхэд бүгдийг чинь ална шүү, та нар Дарханаас намайг асуугаарай гэж хэлэхэд шар үстэй залуу босож ирэхэд хамраас нь цус их гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 535 дугаартай  “...Г.У-ын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 756 дугаартай “...Г.У-ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-89/,

Яллагдагч Д.Д-гийн “....2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цагийг нь санахгүй байна. Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Дархан-Уул аймагт ирсэн. Ингээд найз А-ын 99..... дугаарын утас руу залгахад А- найз охины хамт Хонгор сум руу явж байна гэсэн. Ингээд би А-ын араас Хонгор сум руу явсан. Би Хонгор суманд 19 цагийн орчим очсон байх. ...Би А- болон бас нэг танихгүй хүнтэй хамт У- гэх залуу болон түүний найзуудтай хамт сагс тоглосон. Ингээд орой 21 цагийн үед сагс тоглож дуусаад би А- болон тэрний найзуудаас салаад Дархан орох машинд суухаар болсон. Ингээд ганцаараа явж байх үед “Өндөр улаан” гэх хүнсний дэлгүүрийн ойролцоо У- найзуудтайгаа зогсож байсан. Би зам дагуу алхаж байхад У- надад хандаж “чи сагсны шийдэн дээр яаж тоглоод байсан бэ” гэж хэлээд намайг толгой хэсэгт мөргөөд авсан. Ингээд У- намайг заамдаад тавихгүй болохоор би У-оос холдоод А-ын найз охины найз С- гэх охин руу залгаад “би зодуулчихлаа, А-ын утас нь холбогдохгүй байна, чи дагуулаад хүрээд ир” гэж хэлсэн. А- ирээд У- бид хоёрыг салгаад У-той А- заамдалцаад зогсож байсан. Ингээд У-ын найз А- луу дайрахад би тэднийг холдуулсан. Энэ үед А-ын найз охины ах эгч 2 ирээд бид нарыг салгасан. Энэ үед У- намайг цохих гээд ирэхэд би бултаад У-ын нүүрэн хэсэгт цохисон. Ингээд У- унах үед би өшиглөсөн. У- босож ирэх үед хамраас нь  цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15- 16/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /52-54/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д- нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 500,000 төгрөгийг төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч Г.У- болон хууль ёсны төлөөлөгч Ч.А- нарт  шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Т- овогт Д-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД