Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 56

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 02 өдөр                Дугаар 56                                         Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны                                            шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч Д.Цогтгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянтэрэм овгийн Доржсүрэнгийн Цогтгэрэлд холбогдох 201617000016 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн харьяат, 1975 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, регистрийн дугаар ЛД75121018, Баянтэрэм овгийн Доржсүрэнгийн Цогтгэрэл

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Д.Цогтгэрэл нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас 32 километрт “Бумбат” гэх газар засмал зам дээр 51-98 СҮЭ улсын дугаартай пробокс маркын автомашин жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9 дүгээр  бүлгийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашинд зорчиж явсан иргэн Н.Халтарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Цогтгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 сарын 04-ний орой Сүхбаатар аймгаас Түмэнцогт сум руу явж байгаад миний машины  хойд хоёр дугуй хагараад машин онхолдож дээшээ харсан. Надтай хамт Халтар эгч, Батмөнх, Энхтуул нар  хамт явсан. Замын нөхцөл байдал халтиргаатай байсан. Үзэгдэх орчин бүрэнхий болсон байсан учир би хурдтай яваагүй. Их хүйтэн байсан тул хүмүүсээ суулгах гээд машинаа босгосон.Өөдөөс ирж байгаа машинд саад болохгүй гэж машинаа хөдөлгөсөн. Иргэний нэхэмжлэгч Энхтуулд 2 500 000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалд 11 000 000 гаруй төгрөг төлсөн.  Одоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гээд шүүх хуралд ирэхгүй гэсэн... гэв.

 

2. Шүүгдэгч Д.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум 1 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2015 оны өвөл Баруун-Урт хот Түмэнцогт сумын хооронд зам цас орж хаагдаад тойруугаар засмал замаар явж эхэлсэн. Би өөрийн эзэмшлийн 51-98 сүэ улсын дугаартай Пробокс маркын автомашинтай аймаг сумын хооронд 12 сард 3, 4 удаа хүн зөөгөөд явсан. Баруун-Урт сумаас 2016 оны 01 сарын 04-ний өдөр 15 цагийн үед би машинаа жолоодоод урд суудал дээр Ц.Батмөнх, арын суудал дээр Энхтуул, Н.Халтар суугаад Түмэнцогт сумруу гараад Мөнххаан сум дамжаад 30 км орчим явж байтал харанхуй болсон. Зам бол цас мөстэй халтиргаа гулгаатай байсан. Тэгтэл гэнэт ард талын 2 дугуй хагарч буруу тал руугаа гуядаж шарваад замын хажуу талын хусаж цэвэрлэсэн цас руу урд хэсэг нь цоройж хажуу талруугаа унаад 4 дугуй дээш харж осолдсон.Тэр даруй Ц.Батмөнх бид 2 машинаас гараад Н.Халтар Л.Энхтуул хоёрыг гаргахад тэр 2 гайгүй байна гэж байсан. Гадаа их хүйтэн байсан тул бид машинаа түлхэж 4 дугуй дээр нь буулгаад эргээд машинаа асаагаад хүмүүсээ машиндаа суулгах гэтэл машины цонх хагархай дулаацахгүй байхаар нь Н.Халтар Л.Энхтуул нарын замын дулаахан машинд гуйж суулгаад Мөнххаан сумын цагдаа дуудаж,цагдаагийн хүмүүс ирээд үзлэг хийгээд бид Мөнххаан сум орж эмнэлэгт хүргэгдсэн. Би болон миний хажууд сууж явсан Ц.Батмөнх суудлын бүсээ зүүсэн байсан. Ард сууж явсан зорчигч Халтар, Энхтуул нар бол огт зүүгээгүй явсан. Би Н.Халтарын ар гэрт буюу талийгаачийн хүү М.Азжаргалд 2.242.030 төгрөгийн тусламжийг өгсөн. Л.Энхтуулд 200.000 төгрөг бэлнээр өгсөн.. гэх мэдүүлэг,

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Ээж маань 2015 оны 12 дугаар сарын сүүлээр даралт нь ихэссэн гээд Баруун-Уртад эмнэлэгт хэвтэж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгээс гараад 4-ний өдөр Түмэнцогт сум руу жижиг машинтай гарсан. Ээж машиндаа суучихлаа гээд 15 цаг 40 минутын үед утсаар ярьсан. “ Одоо ирэх дөхөж байгаа даа “ гээд залгасан чинь “ Мөнххаан сумын төлөөлөгч байна. Эд нар машинтайгаа ойчсон байна “ гэхээр нь би шууд Мөнххаан суманд очсон чинь ээж маань эмнэлэгт аппарат залгасан юм ярихгүй биднийг дөнгөж нэг харсан. Тэгээд сахиж хоночхоод маргааш нь Баруун-Урт суманд 5, 6-ны өдрүүдэд хэвтэж эмчлүүлэхэд томограф, хүзүүний зураг авахуулж байж байгаад аймгийн эмч нар болон Бямбаа гэдэг эмч Улаанбаатар хот авч явж эмчлүүлэх шаардлагатай гэхэд Гэмтэл согог судлалын эмнэлэгт хүргэж өгсөн. Улаанбаатар хотод очоод 10 хоног эмчлүүлсэн бөгөөд эмчилгээний явцад биеийн байдал дээрдэхгүй байсаар өдрөөс өдөрт дордсон. 2016 оны 01 сарын 17-ны өдөр эмч нь эмчилгээгүй гэсэн тул эмнэлгээс гаргаж сум руу авч явсан. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны орой ирээд 18-ны өглөө бие нь муу болохоор сумын эмнэлэгт түргэн дуудсан чинь сумын бага эмч Энхбат ирж үзээд 1 тариа хийчихээд явсан.Орой 17 цагийн үед нас барсан. Манай ээж аймгийн нэгдсэн эмнэлэгт тэжээлийн дусал тариа хийлгэсэн. Улаанбаатар хотод имрайн нарийвчилсан зураг авахуулсан тархи толгой эмчилгээ гэж тэжээлийн тариа хийсэн. Тарианы нэрийг нарийн сайн мэдэхгүй тэр талаар эмнэлгийн исторт бичигдсэн байх. Манай ээж ярьж чадахгүй байсан болохоор бид нартай бичгээр харьцаж байсан. Тэр үедээ бичсэн зүйл нь “ машины 4 дугуй дээшээ харсан би дотор яг үхэх байсан. Харин тэр залуу самбаатай чирж гаргасан. Ээж нь хүнд байна. Машин онхолдоод ийм боллоо. Өөртөө бол хэцүү байна ууж идэхгүй 4 хонолоо аягүй бол ядрах байх, яая гэхвээ хүндхэн байна цээжнээс их цус гарсан доргилт ихтэй “ гэж бичгээр харьцаж байсан. Одоо би Цогтгэрэлээс эмчилгээ аймаг хот хоорондын унаа оршуулгын зардал нэхэмжилж байна. Нийт 11.000.000 төгрөг нэхэмжилж байгаа.Үүнээс Цогтгэрэл нь 2.242.030 төгрөг төлсөн, одоо зөрүү 8757970 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 х/

 

4. Хохирогч Л.Энхтуулын гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 01 сарын 04-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар аймгаас Түмэнцогт сумруу иргэн  Д.Цогтгэрэлийн эзэмшлийн Пробокс маркын тээврийн хэрэгсэлд сууж явсан. Мөнххаан сум өнгөрөөд цонхоор харахад 138 гэсэн дугаартай багана байсан. Түүнийг өнгөрөөд удалгүй хэсэгхэн цасан дээр жолооч сандарч байгаад замын хажуу талын цасыг мөргөөд зам дээрээ баруун хойшоо явж байсан машин урагшаа харсан байдалтай дээшээ харж онхолдсон. Тэр үед хэсэг зуур юу болсон талаар мэдээгүй. Ухаан ороод хөл нугалараад эвхэрсэн байсныг тэнийлгэх гэсэн чинь хөл их өвчтэй гол руу их өвдсөн. Машин дотор хөл дээрээ босоод хажууд сууж явсан эмээг дуудсан чинь эхлээд дуугарахгүй байснаа сүүлдээ ёолж эхэлсэн. Тэгэхээр нь жолооч Цогтгэрэл, Батмөнх нарыг дуудсан. Жолооч нь эмээг гаргачхаад, замын хойд талд гараад утсаар яриад байсан. Нэг машин ирээд зогсоход “ тэр машинд эмээг суулгая гэсэн чинь хамаагүй хөдөлгөж болохгүй байлгүй. Би Мөнххаан суманд мэдэгдчихээд явъя” гэсэн. Тэр үед 18 цаг болж байсан. Гадаа маш хүйтэн байсан. Ослын дараа 30 минут болсны дараа 1 машин ирж зогсоод түүнд эмээ бид 2 хамт сууж дулаацсан. Жолооч Д.Цогтгэрэл цагдаа ирэхээс өмнө унасан байсан машинаа араас ирсэн машины хүмүүстэй нийлж босгоод машинаа хөдөлгөөд 10 метр зайд очоод Мөнххаан сумын чиглэлд харуулаад зогсоосон байсан. Зам дээр 2 цаг гаруй болсон байсан. Тэгээд ирсэн цагдаагийн машинд суугаад эмээ бид 2 явсан, эмнэлгийн машин замд таарсан. Би Мөнххаан сумын эмнэлэгт очиж 1 хоноод Аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж хэвтсэн. Би толгойны зураг авахуулаад гэр рүүгээ явсан. Дараа нь ирж үзүүлээрэй гэсэн болохоор нь очсон. Тэгээд өвдөж байгаа байдлаа хэлээд мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Одоо миний толгой өвдөөд хүзүү чөлөөтэй эргэхгүй ахар сүүл өвдөөд байгаа. Ер нь анх осолд ороод л өвдсөн газраа өвдөж байна. Осолд орсноос хойш Улаанбаатар хотод Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлсэн, Мамбадацан гэх ардын уламжлалт эмнэлэгт бариа засал хийлгэсэн. 1-р эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би жолооч Д.Цогтгэрэлтэй 1 сарын сүүлээр 1 удаа утсаар ярьсан. Надад ямар хэрэг байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би байсан 1.600.000 төгрөгөө хэрэглэж дуусгаад, дүүгээсээ 2.000.000 төгрөг авч эмчилгээ хийлгэсэн гээд тэр 2.000.000 төгрөгөө нэхэмжлээд дээрээс нь би 1 сар ажил хийгээгүй байсан түүнийхээ цалинг авна гэсэн. Түүнээс хойш тэр жолооч холбогдоогүй. Зүрх толгой их өвдөж байна. Хүзүү хөшөөтэй, ахар сүүл сууж босоход өвдөлттэй байгаа. Надад Цогтгэрэл нь 275.000 төгрөгийн тусламж үзүүлсэн, өөр тусламж үзүүлээгүй. Цаашид би эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Д.Цогтгэрэлээс 2.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 32,33 х/

 

5.Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Түмэнцогт суманд хадам ээжтэйгээ хамт 6 жил амьдарч байгаа. Ээж маань 2015 оны сүүлээр даралт ихтэй гээд Баруун-Урт сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 02-нд эмнэлгээс гараад сум руугаа 2016 оны 01 дүгээр сарын 04-нд Цогтгэрэл жолоочтой пробокс маркын машинтай гарсан юм. Тэгээд замдаа осолдож Мөнххаан сумын эмнэлэгт хүргэгдэж тэндээ 1 хоног хэвтэж эмчлүүлсэн маргааш өдөр нь Сүхбаатар аймгийн эмнэлэгт очиж 2 хоног эмчлүүлээд 2016 оны 01 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн.10 хоног эмчлүүлээд биеийн байдал дээрдэхгүй байсан тул гэрт нь 2016 оны 01 сарын 17-нд авч ирсэн. 01 сарын 18-ны орой 17 цаг 08 минутанд нас барсан” гэх мэдүүлэг /хх-н 27 х /

 

6. Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 01 сарын 04-ны өдөр 17 цагийн орчим Сүхбаатар аймгаас Түмэнцогт орох гээд манай ээжийн дүү болох Цогтгэрэл ахын эзэмшлийн Пробокс маркын 51-98 сүэ улсын дугаартай машинтай гарсан юм. Д.Цогтгэрэл ах машинаа бариад хажууд нь би суусан. Ард нь Л.Энхтуул, талийгаач Халтар нар сууж явсан. Мөнххаан сумаас хойш явж байтал машины хойд талын дугуй гэнэт хагарч шарван замын баруун талын хажуу талд байсан овоолсон цасанд тээглээд унасан байсан. Би тухайн үед унтаж явсан учир сайн тодорхой мэдэхгүй байна. Машинаас гараад харсан чинь машины арын 2 дугуй хагарсан хажуулдсан байсан санагдаж байна. Би сайн санахгүй байна. Тэгээд бид бүгд машинаасаа буугаад сүлжээтэй газар байсан учир эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг / хх-н 29 х /

 

7. Иргэний нэхэмжлэгч Л.Энхтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би урьд нэхэмжилсэн 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилнэ. Би өөрт учирсан нэхэмжлэлтэй холбоотой баримт сэлтийг гаргаж өгч байгаа” гэх мэдүүлэг /хх-н 148 х/

 

8. Гэрч Г.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: .2016 оны 01 сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн төвийн жижүүр эмчийн ээлжтэй байсан. Тухайн өглөө 09 цаг 50 минутад “ Н.Халтар гэдэг хүн гөлийгөөд дуугүй болчихлоо “ гэсэн дуудлага ирсний дагуу зүүн гэр хороололд гэрт нь очиход орон дээрээ дуугүй хэвтэж байсан бөгөөд үзлэг хийхэд пульсийг нь барьж үзэхэд мэдэгдэхгүй байсан. Зүрхийг нь чагнахад зүрхний цохилт маш бүдэг сонсогдож байсан. Ямар ч харьцаагүй, даралт нь 80:50, 70:50 байхаар нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зориулалттай кардомин гэх тариаг тарьсан доор бугалганд нь хийсэн. Тэгээд 10 минут ажигласан чинь биеийн байдал дээрдэхгүй байхаар нь пульсийг нь үзээд зүрхийг нь чагнаад өөрчлөлтгүй байхаар нь их эмч Энхтуяатай утсаар ярьж зөвлөгөө аваад эмнэлэг рүү авч очих уу гэж асуухад шаардлагагүй хэрэггүй гэсэн хариу өгсөн бөгөөд ар гэрийнх нь хүмүүс ч гэсэн гэртээ байлгаж байя гэсэн. Тэгээд би гараад явсан. Түүнээс хойш эргэж үзээгүй байж байгаад нас барсан тухай сонссон” гэх мэдүүлэг,

 

9. Шинжээч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн заалтанд замын нөхцөл байдал хурдыг тохируулж явна гэсэн заалттай, уг дүрэмд суурингийн гаднах замд 80 км цагийн хурдтай явна гэж заасан байдаг. Уг ослыг замын нөхцөл байдал, хурд хэтрүүлснээс болсон гэж үзэж байгаа. Тууш замд хурд хэмжигч байхгүй учир хурдыг тогтоох боломжгүй. Мөн тухайн үед зам халтиргаатай байсан бөгөөд хурд тохируулаагүйн улмаас жолооч зогсоох арга хэмжээ авч чадалгүй уг осол гарсан гэж үзэж байна. Арын дугуй хагарсан буудсан эсэхийг шороон зам дээр бол машины дугуйн мөр өргөсөж ул мөр үлддэг учир тогтоох боломжтой байдаг. Харин засмал зам, түүний дээр цастай мөстэй халтиргаа гулгаатай замд үүнийг тогтоох боломжгүй байдаг. Би тухайн хэргийн газарт биечлэн очоогүй, гэрэл зураг ослын бүдүүвч зургийг үндэслэн гаргасан учир тухайн дүгнэлтийг гаргаж байна” гэх  мэдүүлэг,

 

10. Техникийн шинжээчийн 01 тоот дүгнэлтэнд: 1.Д.Цогтгэрэл нь 51-89 сүэ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмт тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 3-б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. 1-дэх асуултаар хариулагдсан болно...гэжээ/хх-47х/.

 

11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 5 тоот дүгнэлтэнд:  1.Талийлгаач Н.Халтарын цогцост их тархины баруун тал бөмбөлгийн суурь дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цусан хураа, тархи няцралын голомт, тархины хаван, дух зулайн хуйхан доорх цус хуралт, толгойн оройн гавлын булчингийн цус хуралт, хүзүүний нугаламын С-2-н их биеийн цууралт, төвөнхний цус хуралт, тарианы хатгалтаас үүссэн цус хуралтууд гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх тарианы хатгалтаас бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаач Н.Халтар нь их тархины баруун тал бөмбөлгийн суурь, дагз хэсгийн зөөлөн доорх цусан хураа, тархи няцарлын голомт тархины хаван, дух, зулайн хуйхан доторх цус хуралт толгойн оройн гавлын булчингийн цус хуралт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4.Талийгаач Н.Халтар нь ерөнхий судас хатуурах өвчин, бөөрний хурц дутагдал зэрэг архаг хууч өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна. Гар болон хүзүүнд үүссэн цус хуралтууд гэмтлүүд нь тарианы хатгалтын улмаас үүссэн байна” гэжээ.

 

12. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  50 тоот дүгнэлтэнд: / хх-80 х / 1.2.3.4. Ц.Батмөнхийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэжээ. 

 

13. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 51 тоот дүгнэлтэнд: /хх-83х/ 1.2.3.4. Д.Цогтгэрэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэжээ. 

 

14. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  29 тоот дүгнэлтэнд: Л.Энхтуулын биед тархи доргилт, зүүн чихний орчим цус хуралт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. -Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. - Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ..гэжээ/хх-87х/. 

 

15. Техникийн шинжээчийн нэмэлт ба дахин дүгнэлт № 38 :1.Д.Цогтгэрэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. 2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмт тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 3-б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. 1 дэх асуултаар хариулагдсан болно. 4.Замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. / тухайн хэргийн материалаас үзэхэд тухайн үед цас орж, халтиргаа гулгаа үүссэн байх тул жолооч замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгож явах үүрэгтэй / 5. Тухайн тээврийн хэрэгслийн дугуй хэдийд хагарсныг тогтоох боломжгүй. / тээврийн хэрэгслийг босгох үед дугуйн хий гарах боломжтой /. 6. Тээврийн хэрэгслийн арын 2 дугуй хагарсан тохиолдолд хүндийн төв өөрчлөгдөхгүй тул зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй болно гэжээ. / хх-н 13 х /

 

16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалын 2016.08.10-ны өдрийн, иргэний нэхэмжлэгч Л.Энхтуулын 2016.09.01-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, Хаан банкны 2016.06.10-ны Мөнгөн шилжүүлэг, 2016.06.14-ний Орлогын мэдүүлэг, 2016.06.10-ны Мөнгөн шилжүүлгийн баримтаар зэрэг болно.

 

            Шүүгдэгч Д.Цогтгэрэл нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас хойш 32 километрт “Бумбат” гэх газар засмал замд 51-98 СҮЭ улсын дугаартай Пробокс маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-ийн 9.1-д “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна ”, 2-ийн 2.3-ийн б-д “ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаснаас уг автомашинд зорчиж явсан иргэн Н.Халтарын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Цогтгэрэлийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргал, иргэний нэхэмжлэгч Л.Энхтуул, гэрч Ц.Батмөнх, Г.Энхбат, Б.Болорцэцэг нарын мэдүүлгүүд, Шинжээч 05, 29 тоот дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн дүгнэлт 01 тоот дүгнэлт, Шинжээч Б.Даваадоржийн мэдүүлэг, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Цогтгэрэл “машины хойд хоёр дугуй хагараад машин онхолдож дээшээ харсан ” гэж мэдүүлэх боловч энэ нь гэрч Л.Энхтуулын “ Цогтгэрэл жолооч хэсэгхэн цасан дээр сандарч байгаад замын хажуу талын цасыг мөргөөд зам дээр баруун хойшоо явж байсан машин урагшаа харсан байдалтай онхолдсон” гэх мэдүүлэг, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжлийн бүдүүвч, гэрэл зургууд,  “ Замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна/ тухайн үед цас орж хальтиргаа гулгаа үүссэн байх тул жолооч замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгож явах үүрэгтэй/, тухайн тээврийн хэрэгслийн дугуй хэдийд хагарсныг тогтоох боломжгүй/ тээврийн хэрэгслийг босгох үед дугуйн хий гарах боломжтой/, тээврийн хэрэгслийн арын 2 дугуй хагарсан тохиолдолд хүндийн төв өөрчлөгдөхгүй тул зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй болно” гэх 38 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч Б.Даваадоржийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Цогтгэрэл нь зам цастай, хальтаргаа, гулгаатай нөхцөл байдалд хурд тохируулалгүй явснаас машин шарвахад зогсоох арга хэмжээ авч чадалгүй онхолдсон, мөн арын суудалд суусан зорчигч нарт хамгаалах бүс хэрэглүүлээгүйгээс талийгаач Н.Халтар тархины гэмтэл авч үүний улмаас амь нас хохирсон, Л.Энхтуулд хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдлууд тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Д.Цогтгэрэлийн “ ард сууж явсан зорчигч Халтар, Энхтуул нар суудлын бүс зүүгээгүй явсан” гэх, гэрч Л.Энхтуулын мэдүүлэг зэргээр хэрэгт нотлогдсон байна. Иймд уг ослын талаар гарсан Техникийн шинжээчийн 01 болон 38 тоот дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзнэ. 

 

Д.Цогтгэрэлд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул             шүүгдэгч Д.Цогтгэрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

             Шүүгдэгч Д.Цогтгэрэл энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Азжаргалын 2016.08.10-ны өдрийн, иргэний нэхэмжлэгч Л.Энхтуулын 2016.09.01-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, Хаан банкны 2016.06.10-ны Мөнгөн шилжүүлэг, 2016.06.14-ний Орлогын мэдүүлэг, 2016.06.10-ны Мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдоно.

 

Д.Цогтгэрэлийн хохирогчийн оршуулгын зардал болон иргэний нэхэмжлэгч хохирогч Л.Энхтуулын эмчилгээний зардлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д тус тус заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна.

      

Шүүгдэгч Д.Цогтгэрэл нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирол буюу оршуулга болон эмчилгээний зардлыг сайн дураар нөхөн төлсөн, тухайн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

 Д.Цогтгэрэлийн эзэмшлийн 51-98 СҮЭ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 01-р сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгоно. 

  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.Цогтгэрэлийн 554269 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 165/R13 хэмжээтэй SMUDLESS гэсэн бичигтэй дөрвөлжин хээтэй дугуй 1 ширхэгийг шүүгдэгч Д.Цогтгэрэлд буцаан олгоно.

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 293, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баянтэрэм овгийн Доржсүрэнгийн Цогтгэрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас иргэн Н.Халтарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Д.Цогтгэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 03 / гурван/ жил 01 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Цогтгэрэлд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан  ялтан Д.Цогтгэрэлд  оногдуулсан 03 жил 01 сарын  хорих ялыг тэнсэж,  01  / нэг/ жил 06 / зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Цогтгэрэлд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 554269 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 165/R13 хэмжээтэй SMUDLESS гэсэн бичиглэлтэй дөрвөлжин хээтэй дугуй 1 ширхэгийг ялтан Д.Цогтгэрэлд буцаан олгосугай.

 

7. Ялтан Д.Цогтгэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Цогтгэрэлд авагдсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН