Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1109

 

О.А-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Алтансүх,

шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1399 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.А-д холбогдох эрүүгийн 1806015760797 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигин овгийн О.А-, 1981 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Булган аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,

            О.А- нь согтуугаар, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 19 дүгээр гудамжны 621 тоотод иргэн М.Золжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний цээжин тус газарт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн гэх орон гэргүй бөгөөд хөлсний байранд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань 2-4 настай, эхнэр маань эрхэлсэн тодорхой ажилгүй тул би ганцаараа ар гэрээ тэжээдэг байсан. Намайг цагдан хоригдсоноос хойш гэр бүл маань орлогын эх үүсвэргүй болж хүнд байдалтай байна. Иймээс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа, хохирол гомдолгүй болгосон зэргийг болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. О.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын төлж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байдаг. Тэрээр 2-4 насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг ба эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно гэж заасан. Иймд О.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Алтансүх тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх хуралдааны явцад О.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэсэн талаараа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах...”  гэсэн шаардлагыг хангаагүйн гадна, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

О.А- нь согтуурсан үедээ, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 19 дүгээр гудамжны 621 тоотод буюу өөрийн гэртээ М.Золжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хайчаар хатгаснаас эрүүл мэндэд нь “цээжний урд дунд хэсгийн, цээжний баруун хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх цус хуралдалт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч М.Золжаргал нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-ийн 14-16/ тодорхой мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэг нь гэрч Х.Ганцэцэг /хх-ийн 21-23/, яллагдагч О.А- /хх-ийн 67-70/ нарын мэдүүлгүүд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 18 см урттай, хар саарал өнгийн иштэй 1 ширхэг хайчийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2690 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-46/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүгдэгч О.А- нь гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.

Гэтэл шүүх дээрх асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж оногдуулах болсон шалтгаан үндэслэлээ тодорхой бичээгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар О.А-ийг 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан шаардлагад нийцээгүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэхдээ, энэ заалтад “...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж заасан хэмжээний дотор ял оногдуулаагүйг дурьдвал зохино.   

Харин шүүгдэгч О.А- нь давж заалдсан гомдолдоо өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч М.Золжаргалын “...эмчилгээний зардалд нийт 845.000 төгрөгийг хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлгээр тодорхойлогдож байна.

Иймээс шүүгдэгч О.А-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сарын хорих ялыг оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1399 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.А-д 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.А-ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

 - 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.А-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А-д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                      Б.ЗОРИГ

                                                                                                   Н.БАТСАЙХАН