Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2015/0007

 

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, гуравдагч этгээд Б.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 500 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2003 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 52 дугаар захирамжаар шаардлага хангасан газруудыг нөхөн гэрчилгээжүүлсэн. Ингэхдээ Газрын тухай хуулийн 32.2-т зааснаар хувийн хэрэг үүсгээгүй, захирамж нь нэрс бүхий хавсралтгүй, газрыг хэмжиж зураг үйлдээгүй. Уг захирамжаар 400 м.кв газрыг иргэн Л.Э-д, 300 м.кв газрыг Г.Нямжавд эзэмшүүлж, гэрчилгээ олгосон. Л.Э-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 дүгээр захирамжаар бодит байдлаас зөрүүтэй кадастрын зураг хийж, Г.Нямжавын газрыг нийлүүлэн 624 м.кв газрыг өмчлүүлсэн. Тухайн хоёр газрыг анх эзэмшиж байсан хэмжээгээр Б.С, Б.Гансүх нарт хувааж шийдвэрлэх боломжтой гэжээ.

 

Гуравдагч этгээд Л.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн зориулалтаар 623,72 м.кв газрыг хууль ёсны дагуу өмчилж, Г-2202000622 дугаартай гэрчилгээ авсан нь үнэн. 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Гансүхэд энэ хэмжээгээр нь газрыг зарсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Гансүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Л.Э-аас газрыг худалдан авсан. Дүүргийн газрын албанд шилжүүлэн авахад ямар нэгэн маргаан гараагүй. Одоо байгаа хашааг кадастрын зургийн дагуу шилжүүлэн үзвэл Б.С-ийн газар руу ороогүй байгаа учир Б.С нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэгч 2010 онд газрын өмчлөгч болсон тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Б.С, Г.Нямжав нар нь тухайн газраа амьдарч байгаагүй. Захиргаан байгууллагын хариуцлагагүй үйлдлээс эдгээр хүмүүс газар эзэмшсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т
заасны дагуу "дахин хэмжилт хийж, Л.Э-д өмчлүүлсэн газрын хэмжээ, хил
заагийг тогтоон зөвтгөж шийдвэр гаргах"-ыг хариуцагч нийслэлийн Засаг даргад
даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.С-ийн хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г миний бие гомдол гаргаж байна.

2014.10.28-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 500 тоот шийдвэрт "...2004.03.30-ний өдрийн 131-р захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй" мөн тогтоох хэсгийн 2-т "...хил заагийг тогтоон зөвтгөж шийдвэр гаргах нь хариуцагч Нийслэлийн засаг даргад даалгасугай" гэх мэтээр дурьдаж шийдвэрлэсэн нь шүүх байгууллагын хууль баримталж эцэслэж шийдвэрлэх үндсэн чиг үүргээ хөсөрдүүлж байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, талуудад олгогдсон газрын хэмжээ, зааг бүхий кадастрын зураг болон эрх бүхий байгууллагаас эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон зэрэг нь шүүхээс үнэн зөв шийдвэр гаргах хангалттай баримт байсаар байхад эргэлзэж түдгэлзсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүгчийн хувьд нэгэнт нэхэмжлэгч Б.С-ийн өмчийн газар руу 2-4 метрээр булаан дээрэмдэж, том объект барьсныг зөвтгөх хэцүү буруутгах хэцүү байгаа бололтой.

Иймд Монгол улсын Үндсэн хуулийн 16.3-т заасны дагуу иргэн Б.С-ийн үл хөдлөх хөрөнгөд халдсан явдлыг таслан зогсоож шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Шүүгчийн 500 тоот шийдвэр нь одоогийн халдлага, дайралт бүхий объектыг хэвээр нь үлдээж, газрын албаар (хариуцагчаар) шийдвэр гаргуулахыг даалгасан нь маш буруу юм. Иймд 2014.10.28-ний Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 500 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

                Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

                Иргэн Б.С нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

                Маргаан бүхий газрын анхны эзэмшигч болох Г.Нямжавд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 908а тоот хашааны газрыг, иргэн Л.Э-д Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 907б тоот хашааны газрыг анх тэдэнд эзэмшүүлэхдээ тухайн өрхүүдийн амьдарч эзэмшиж ашиглаж байсан газрын хэмжээг бодитойгоор хэмжээгүй, хоорондын хил заагийг тодорхойлоогүй, газар дээр нь хэмжилт хийлгүйгээр давхардуулан олгож, улмаар кадастрын зургийг алдаатай хийсэн, нөхөн гэрчилгээжүүлж, өмчлүүлэхдээ хариуцагч нь газар дээр нь мөн хэмжилт хийлгүйгээр иргэдэд газрыг давхардуулан өмчлүүлсэн захирамж гаргаж, гэрчилгээ олгосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн нарын тайлбар, шинжээч нарын дүгнэлт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

                Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар Г.Нямжав нь дээрх 908а тоот хашааны газрыг 500 м.кв хэмжээтэйгээр, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 131 дүгээр захирамжаар иргэн Л.Э нь дээрх 907б тоот хашааны газрыг 623.72 м.кв хэмжээтэйгээр тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр олгосны дагуу Г.Нямжав, Л.Э нар тус тусын газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэл бүртгүүлж баталгаажуулсан байна.

                Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газрын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/1072 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр одоо маргаан бүхий 2 хашааны газрын хэмжээ бүхэлдээ 654 м.кв газар байгаа болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч Б.С нь 316.86 м.кв газрыг иргэн Г.Нямжаваас 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, иргэн Л.Э нь 623.72 м.кв газрыг худалдах, худалдан авах гэрээгээр гуравдагч этгээд Б.Гансүхэд шилжүүлсэн, хариуцагч нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг зөрчиж маргаж буй газрыг анх эзэмшиж, ашиглаж байсан иргэдэд нь өмчлүүлж, гэрчилгээ олгохдоо иргэдийн амьдарч, ашиглаж буй газрын хэмжээ, хоорондын хилийн заагийг тодорхойлоогүй, газар дээр нь хэмжилт хийлгүйгээр хашааны газрыг зарим хэсгээр давхардуулан олгосон болохоо хүлээн зөвшөөрч зөвтгөх талаар хүсэлт гаргасан зэргээс үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлаж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

                Гэхдээ хариуцагч нь дахин шинэ акт гаргаж иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчилгүйгээр анх уг хашааг эзэмшиж байсан иргэдийн хашааны газрын хэмжээгээр газрын хил зааг, байршлыг өөрчлөлгүй шийдвэрлэх нь зүйтэй байна.

                Нэхэмжлэгчийн ... талуудад олгосон газрын хэмжээ, зааг бүхий кадастрын зураг болон эрх бүхий байгууллагаас эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хангалттай нотлох баримт байсаар байхад шүүх эргэлзэж түдгэлзсэн шийдвэр гаргасан нь хуулиар хэргийг эцэслэн шийдвэрлэх үндсэн чиг үүргээ хөсөрдүүлсэн, иргэн Б.С-ийн үл хөдлөх хөрөнгөд халдсан явдлыг таслан зогсоож хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шударга ёсонд шийднэ... гэсэн тайлбарын тухайд:

                Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх гэжээ.

                Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд хуульчлан, тодорхойлон зааж өгсөн бөгөөд шүүх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан ... дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх гэснийг удирдлага болгон шийдвэр гаргахдаа заавал хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гаргасныг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх өөрийн зүгээс хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон холбогдох нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, шүүхээс гаргах шийдвэрийн үр дагавар зэрэгт харьцуулсан дүгнэлт хийж гарсан шүүхийн шийдвэр бөгөөд энэхүү эрх нь шүүхэд өөрт нь хадгалагдах эрх хэмжээ юм.

                Шүүх шийдвэрээрээ маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, түүний үйлчлэлийг зогсоож, хариуцагчид дахин шинэ акт гаргахыг даалгаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөд байгаа гэх тэрхүү захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, үйл ажиллагаа болон захиргааны актыг хууль бус болохыг, уг маргаан бүхий захиргааны актыг хариуцагч гаргахдаа өрхүүдийн хашааны газрын хэмжээг зөв тогтоогоогүй атлаа маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь буруу гэж үзсэн бөгөөд маргааныг эцэслэн шийдвэрлэхэд саад болж байгаа тэрхүү үйл ажиллагаа нь хариуцагч нарын үйлдэл үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс нэхэмжлэгчийн эрхийг шүүхийн журмаар хамгаалж байгаа нэгэн хэлбэр юм.

                Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                                                                    Н.ХОНИНХҮҮ

                ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР