Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1746

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг  даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/00989 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  “МИАТ” ТӨХК-д холбогдох

 

   Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 276 838 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ууганбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Баднайнямбуу,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Рэнчинболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/697 тоот тушаалаар Бодлого төлөвлөлтийн газрын харьяа ОХУ-ын Москва хот дахь газарт суудал захиалагч-билет бичигчээр томилогдон, төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчийн удирдлага дор өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Б/12 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дотор хийхийг даалгасан. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/52 тоот тушаалаар дээр дурдсан ажил хүлээлцэх хугацааг сунгасан. Уг тушаалуудыг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр миний аав Т.Ганхуягт гардуулж өгснийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын үндэслэлийг харвал Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37, 38, 43 дугаар зүйлүүд, Компанийн дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журмын зарим заалтуудыг үндэслэсэн байх боловч, энэ нь хуульд нийцээгүй, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хууль бус тушаал болсон байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацааг зохицуулсан бөгөөд хуулийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахаар заасан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байнгын ажлын байр гэдэгт хариуцагч маргаагүй. Талууд тохиролцсоноор хугацаатай байгуулж болох ч хуульд заасан ийм нөхцөл үүсээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан тооцохоор заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг удирдлага болгосон ч уг заалт нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон байх нөхцөлтэй заалт юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсанаар миний бие ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-д заасанчлан гэрээний хугацаагаар сунгагдсан тооцогдох тул миний хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон гэж үзэх үндэслэл байхгүй байна. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахад тухайн ажилтны шууд харьяалах бүтцийн нэгжийн саналыг үндэслэн захиргаа, түүний удирдлага гаргана гэж заасныг зөрчиж миний шууд харьяалагдан ажиллаж байгаа төлөөлөгчийн газрын  удирдлагатай зөвшилцөөгүй. Тушаалаа ажилтанд албан ёсоор гардуулаагүй хэрнээ ажил хүлээлцэх хугацааг ажилтан миний хүсэлтээр дахин сунгасан мэтээр 2017 оны 1 дүгээр сарын 13-нд дахин тушаал гаргасан байна. Захиргаа ажилтантай байгуулсан гэрээг дуусгавар болгохдоо 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, уг үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн хариуцагч бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, Зам тээврийн яамнаас ирүүлсэн тайлан, зөвлөмжийг биелүүлсэн гэх боловч тус байгууллагад орсон бүтэц орон тооны өөрчлөлтөөс үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдаагүй хэвээр байна. Мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2, 3.3-т гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө 2 тал гэрээг дүгнэж, гэрээг сунгах эсэхийг шийдэх, сунгахгүй тухай мэдэгдэл өгөөгүй бол анх байгуулсан хугацаа буюу 1 жилээр гэрээг сунгагдсанд тооцохоор заасан. Гэтэл талууд гэрээг дүгнээгүй, дүгнэсэн талаарх баримтгүй. Иймд хугацаа 1 жилээр сунгагдсан гэж үзнэ. Дээрх бүгдээс харахад ажил олгогч нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ. Иймд “МИАТ” ТӨХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/12 тоот тушаал нь хуульд нийцээгүй тул “МИАТ” ТӨХК-ийн бодлого төлөвлөлтийн газрын харьяа ОХУ-н Москва хот дахь газарт суудал захиалагч-билет бичигчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын 10-наас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл ажлын 51 хоногт нэг өдрийн 279 938 төгрөгөөр тооцон нийт 14 276 838 төгрөгийн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, Б.Даваадорж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/12 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчийн газруудыг шинэчлэн байгуулж, орон тоог батлахад Москва хот дахь төлөөлөгчийн газрыг 3 орон тоотой байхаар баталсан байдаг. Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/697 дугаар тушаалаар ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр Г.Эрдэнэбаярыг томилж, хоёр тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Гадаад дахь төлөөлөгчийн газарт ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцэж байгаа. Г.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээний хугацааг түүний гаргасан хүсэлт болон ажлын ачаалал, тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, компанийн зорилтот түвшинг биелүүлэх, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хоёр тал харилцан тохиролцож сунгаж байсан. Хамгийн сүүлд ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байсантай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дээрхи хугацаанд дуусгавар болсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/17 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан.  Уг тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталсан ба тус төлөөлөгчийн газрыг 3 орон тоотой байхаар баталсан. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07, 09-01/07 дугаар удирдамжийн дагуу тус компанид хийгдсэн шалгалтын тайлангийн 4.5.1-д “... Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын 3.3-д заасан шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Улмаар гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах гэрээтэй болон хөдөлмөрийн хугацаатай түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний хугацааг дуусгавар болгосон. Салбарын яам болон хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Г.Эрдэнэбаярт хөдөлмөрийн түр гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох талаар мэдэгдсэн. Ингээд гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон боловч тус салбарын ажлын ачаалал, Г.Эрдэнэбаярын гаргасан хүсэлтийг харгалзан ажил хүлээлцэх хугацааг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдлийг түүнд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр компанийн дотоод журмын дагуу Улаанбаатар хотод байхгүй тул мэйлээр хүргүүлсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр н.Энхбаатар захирал Герман Улс руу явах замдаа Москва хотоор дайрч түүнд мэдэгдлийг биеэр өгсөн байдаг. Мэдэгдлийг авсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрч байсан болох нь түүний захиргаанд гаргасан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн өргөдлөөр нотлогдоно. Уг өргөдөлд 2017 оны 5 дугаар сар хүртэл үргэлжлүүлэн ажиллахыг хүссэн байдаг. Уг ажлын байр байнгын ажлын байр мөн боловч талууд тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан байсан. Мөн Москва хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч нь ерөнхий менежер болохоос харьяалах шууд удирдлага нь биш, харин гүйцэтгэх захиралд шууд харьяалагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан Г.Эрдэнэбаярын хөдөлмөрийн түр гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Г.Эрдэнэбаярыг “МИАТ” ТӨХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газрын суудал захиалагч-билет бичигчийн ажилд эгүүлэн тогтоож, “МИАТ” ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 276 838 /арван дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга найман зуун гучин найман/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эрдэнэбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэбаярын ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч “МИАТ” ТӨХК-д даалгаж  шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/697 дугаар тушаалаар ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр Г.Эрдэнэбаярыг томилж, хоёр тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Гадаад дахь төлөөлөгчийн газарт ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцэж байгаа. Г.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээний хугацааг түүний гаргасан хүсэлт болон ажлын ачаалал, тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, компанийн зорилтот түвшинг биелүүлэх, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хоёр тал харилцан тохиролцож сунгаж байсан. Хамгийн сүүлд ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байсантай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дээрхи хугацаанд дуусгавар болсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/17 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан. Уг тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталсан ба Бээжин хот дахь төлөөлөгчийн газрыг 3 орон тоотой байхаар баталсан. Мөн Зам, тээвэр хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07,09-01/07 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын тайлангийн 4.5.1-д “ ... Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тоггоолын З.З.-д ... шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх ... гэж заасныг зөрчсөн ..." гэж дүгнэсэн. Улмаар гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах гэрээтэй болон хөдөлмөрийн хугацаатай түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний хугацааг дуусгавар болгосон. Салбарын яам болон хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Г.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох талаар мэдэгдсэн. Ингээд гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон боловч Г.Эрдэнэбаярын гаргасан хүсэлтийг харгалзан ажил хүлээлцэх хугацааг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг сунгасан. Г.Эрдэнэбаяр нь хугацаатай гэрээгээр ажиллаж байгаа гэдгээ мэдэж байсан бөгөөд 2017 оны 5 cap хүртэл үргэлжлүүлэхийг хүссэн хүсэлтийг гаргаж байсан болно. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: “... хугацаатай гэрээндээ тодорхой үндэслэл, шаардлагаа тусгаагүй, мөн компанийн хөдөлмөрийн дотоод журамд ямар ажлын байранд ямар хугацаагаар гэрээ байгуулж болох талаар тусгаагүй” гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний сунгалт бүрт тодорхой үндэслэл, нөхцөл заасан байгааг анхан шатны шүүх үнэлээгүй. Мөн “МИАТ” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.3 дахь хэсэгт "Ажилтны ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргийн биелэлт, ажлын идэвхи санаачлага, хүлээсэн ажил үүргийн хариуцлагыг өндөржүүлэх, эд хөрөнгийн хариуцлага, цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга дэг журмыг нэмэгдүүлэх, нууцлал, шагнал, цалин урамшуулал, нийгмийн асуудал тэтгэмж, хөнгөлөлт зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2 тал харилцан тохиролцон хугацаатай байгуулж болно." гэж заасан байгаа болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу 2 тал харилцан тохиролцон хугацаатай гэрээг байгуулсан нь хуульд нийцэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяр нь хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 276 838 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Г.Эрдэнэбаяр нь 2014 оны 10 сарын 08-ны өдрөөс “МИАТ” ТӨХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчийн албан тушаалд томилогдон ажилласан байна.

 

Хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажилтан Г.Эрдэнэбаярыг ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчийн албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйл, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6-т заасныг тус тус үндэслэжээ. /хх-ийн 10 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Учир нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд  хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэлийг тусгаагүй. Талууд ажилтан Г.Эрдэнэбаярын албан тушаалыг байнгын ажлын байр гэдэгт маргаагүй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа  талууд харилцан тохиролцож байгуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заажээ. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь үндэслэлгүй гэж маргаснаас үзэхэд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байхаас гадна хариуцагч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулана” гэж заасныг хариуцагч “МИАТ” ТӨХК зөрчиж, үндэслэлгүйгээр ажилтан Г.Эрдэнэбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Түүнчлэн хариуцагч нь ажилтаны ажиллаж байсан орон тоо хасагдсан гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон тоо  хасагдаагүй талаар тайлбарласан байна. Энэ үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх ажилтан Г.Эрдэнэбаярыг “МИАТ” ТӨХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай  тус тус нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/00989 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ