Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0002/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар У овогт Ц.От холбогдох эрүүгийн 2188000000401 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогт Ц.О /РД: /, 1961 оны 4 дүгээр сарын 10-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” хүнсний дэлгүүрийн лангуу дээр тавьсан байсан иргэн Ч.Эын эзэмшлийн Самсунг А10 загварын гар утсыг авсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байхад 50-55 орчим насны эмэгтэй орж ирээд 3500 төгрөгөөр малын толгойн шулсан мах аваад гарахдаа хөргөгч дээр тавьсан байсан миний Самсунг А10 загварын гар утсыг аваад гарчихсан байсан. Манай дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт дүрс нь бичигдсэн байсан... гэх хохирогч Ч.Эын мэдүүлэг /хх-ийн 11/,

- ...”...............” хүнсний дэлгүүрээс махан таташ авахаар ороход хөлдөөгч дээр хар өнгийн гар утас байхаар нь цүнхэндээ хийгээд аваад гарсан... гэх шүүгдэгч Ц.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- “...............” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/,

- “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Самсунг А10 загварын 64 гигабайт багтаамжтай хуучин гар утас 420.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/,

- ..хар өнгийн малгайтай, хар саарал өнгийн куртиктэй цэнхэр өнгийн амны хаалттай 55-60 орчим насны эмэгтэй хүн дэлгүүрийн хөргөгч дээр байсан гялгар ууттай эд зүйл болон хар өнгийн гар утсыг аваад улаан өнгийн гар цүнх рүүгээ хийж байгаа дүрс бичигдсэн байв... гэх “...............” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29/,

- Шүүгдэгч Ц.Оаас 350918046******/01, 354107806******/01 Имэй кодтой Самсунг А10 загварын хар өнгийн гар утсыг хураан авч, хохирогч Ч.Эт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Эт 420.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.Оаас 350918046******/01, 354107806******/01 Имэй кодтой Самсунг А10 загварын хар өнгийн гар утсыг хураан авч, хохирогч Ч.Эт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32/, хохирогч Ч.Эын “...гар утсаа буцааж авсан тул одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 61/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” хүнсний дэлгүүрийн лангуу дээр тавьсан байсан иргэн Ч.Эын эзэмшлийн Самсунг А10 загварын гар утсыг авсан үйлдэл нь бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.От хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Ц.О нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-60/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 39-41/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Оыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР