Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0011/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б- холбогдох эрүүгийн 2118000000397 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С.Б, 1981 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “Их цагаан баавгай” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 1, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн Д.Э-ийг шатнаас түлхэж, эрүүл мэндэд нь “духанд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, 2 гарын шуу, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Ок ах юм уу Мөнхжаргал эгч хоёрын аль нь мэдэгдэхгүй хаалга нүдээд байсан. Би тухайн үед хаалга онгойлгож өгөөгүй. Тэгээд хэсэг нүдэхгүй байж байгаад Д.Э- ах миний утас руу залгаад Мөнхжаргалыг гэртээ оруул гээд хаалган дээр ирсэн байсан. Би тухайн үед гэрийнхээ хаалгыг нээгээд харахад Д.Э- ах, Мөнхжаргал эгчийн хамт зогсож байсан. Тэгэхээр нь би Д.Э- ахыг танд хамаагүй гээд цээж рүү нь 2 гараараа хойш нь түлхсэн. Тэгтэл Д.Э- шатны уруу унаад өгөх шиг болсон. Би тухайн үед гайгүй байх гэж бодоод хаалга хаачихсан юм.

...Уг асуудлаас болж 3, 4 дүгээр давхрын хооронд байдаг цонх хагарсан, Д.Э- ахын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Би архи ууснаас болоод ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 1/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-5/,

 

-Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2 дугаар байрны 29 тоотод очоод хаалгыг нь тогштол С.Б- гарч ирээд “Зайлцгаа” гэж орилсон. Тэгэхээр нь би С.Б-од хандаж “чи Мөнхжаргалын байрны түрээслэгч нь байж гэрт нь оруул” гэж хэлээд түлхүүрийг нь  авах гээд хаалгыг нь онгойлгоод  орох гэтэл С.Б- гэрээсээ гарч  ирээд хоёр гарынхаа алга хэсгээр миний цээж хэсэгт түлхэж унагаасан. Би дөрвөн давхрын шатнаас С.Б-од түлхүүлээд өнхрөөд унаж байхдаа 3 давхрын вакум цонхыг мөргөж хагалсан.

...С.Б- намайг түлхэж унагаасныхаа дараа миний дээрээс хоёроос гурван удаа цохисон.

...С.Б нь миний эмчилгээний зардалд 250000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 64/,

 

-Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хагарсан цонхны талаар С.Б-оос асуухад би мэдэхгүй гэсэн хариулт өгсөн. Мөнхжаргал болохоор С.Б- хагалсан гэж хэлсэн.

...С.Б-оос  байрныхаа цонхыг бүтэн болгож авах хүсэлт байна.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 8-9/,

 

-Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төрөө ах надаас “юу хийж байгаа юм” гэхэд би болсон зүйлийн талаар хэлэхэд “ах нь оруулаад өгөх үү?” гээд бид 2 цуг ороод хаалга нүдэхэд согтуу хаалга тайлж өгсөн. Төрөө ах “чи эмэгтэй хүн хүйтэнд хөөж гаргаад яаж байгаа юм, оруулаач” гэхэд Төрөө ахын цээж хэсэг рүү гараараа түлхэж, Төрөө ах гарыг нь бариад авахад зууралдаж байгаад 4 давхрын шат руу давхраараа унаад голын хэсэгт байрлах цонхыг хагалсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/,

-Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Удалгүй орцноос миний үеийн бололтой нэг авгай гарч ирэхээр нь би яагаад орцны цонх хагарсан талаар асуухад “манай түрээслүүлэгч хагалсан” гэж хэлчихээд яваад өгсөн. Ардаас нь манай урд 3 дугаар байрны Төрөө гэх залуу гарч ирсэн. Төрөөгийн дух хэсгээс цус гарсан байсан. Тэр цаашаа яваад өгсөн. Би гэртээ ороод СӨХ-ийн дарга Тунгалагт орцны цонх хагарсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

-“Д.Э-ийн духанд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, 2 гарын шуу, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Э-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Э-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 821 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 27-28/,

-“...Үнэлгээнд хамрагдсан вакум цонхны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 75950 төгрөг байна.” гэх 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ын хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 32-33/,

-С.Б-ын эрүүлжүүлэгдсэн тухай Эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээлгэн өгсөн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 38/,

-Хохирогч Д.Э-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 40-46/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд нь “духанд шарх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, 2 гарын шуу, сарвуунд зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 821 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтас хэргийн 27-28/ нотлогдож байна.

Шүүгдэгч С.Б нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

Иймд шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд “...С.Б нь миний эмчилгээний зардалд 250000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 / өгсөн  байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.Б-од анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-од анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Я.ТУУЛ