| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2022/0010/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/21 |
| Огноо | 2022-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0010/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч Б.Г-,
Шүүгдэгч М.Ө/ өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ө-д холбогдох эрүүгийн 2118000000350 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Ө1984 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг Октябрь 5-17а тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Г-тай маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хажуу хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч М.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өглөө босоод гэртээ нөхөр Гантулгын хамт 750 граммын архийг уух гээд байж байхад гаднаас манай ах Бямбаа ах 0.75 граммын архитай орж ирээд бид гурав хувааж уугаад суусан. Тэгээд Бямбаа ах тал архиа аваад “би гэртээ орж унтлаа” гээд гарсан. Ахыг гэрээс гарсны дараа нөхөр бид хоёр нөгөө нэг 0.75 граммын “Их Монгол” гэсэн нэртэй 1 шил архинаасаа хоёулаа нэг нэг аягыг уугаад байж байхад Гантулга гэрээс гараад явсан. Тэгээд би хоёр хүүхдээ хувцаслаад гэрээс гарахад Гантулга гэрийн хаяаны хажууд унтаж байхаар нь би хоёр хүүхдээ аавын гэр рүү оруулж өгөөд өөрөө дэлгүүр орсон юм. Би дэлгүүр дотор орж хүнсний юм авчихаад буцаж ирээд хоёр хүүхдээ аваад гэртээ орж ирээд ширээн дээр байсан тал архинаас нэг аягыг уучихаад үхрийн толгой шулах гээд сууж байхад Гантулга гадаа орилоод янз бүрийн үгээр хараагаад байсан. Тэгээд нэг мэдэхэд манай нөхөр Гантулга “намайг чи хутгалчихлаа” гэж хэлээд гаднаас орж ирээд цамцаа тайлаад гэдсээ дараад байсан.
...Би өмнө 2019 онд Гантулгыг нэг удаа хутгалж байсан.
...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид хоёрын маргаан болсон шалтгаан нь манай эхнэрийн дагавар хүү бөө болохоор багштайгаа хамт ирээд эхнэр бид хоёрыг “засал ном хийсэн байхад архи уугаад байна” гэж хэлээд ташуураар цохисон юм. Тэрнээс болоод би эхнэр Өлзийхүүтэй маргалдаж байгаад хөнжлөө аваад гэрээс гараад гэрийн хаяаны хажууд хөнжлөө дэвсээд хэвтэж байтал миний нурууны араас юм цохих шиг болохоор нь босоход хэвлий хэсгээр халуун оргиод харахад цус гоожиж байсан. Миний хэвтэж байсан газрын харалдаа хар иштэй хутга байхаар нь би гэр лүүгээ ороод “намайг хутгалчихлаа” гэж эхнэртээ хэлээд путволк, цамцаа тайлаад цамцаа эргүүлж байгаад гэдсээ боосон.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-15/,
-28 см урттай 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16/,
-Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед манай эгч Ганхорол залгаад “дүү Гантулга эхнэр Өлзийхүүдээ хутгалуулсан байна гэж залгалаа” гэхээр нь би сандраад гэр лүү нь өөрөө очиж чадахгүй байсан учир цагдаа дуудаад дараа нь эмнэлэг дээр дүү Гантулга маань очсон гэхээр нь араас нь очсон чинь манай дүү зүүн талын доод хавирганы ойролцоо зүсэгдэж хутгалуулсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,
-Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэрийнхээ гадаа зогсож байтал “намайг Өлзийхүү хутгалчихлаа” гээд манай хүргэн Гантулга гэдсээ цагаан даавуугаар дарчихсан гадуур нь ноосон цамцаар ороочихсон байдалтай ирсэн. Тэгэхээр нь би “та 2 одоо намайг ингэж зовоохоо боль, дандаа архи уудаг, тэгээд хоорондоо маргалдаад зодолддог” гэж хэлэхэд манай хүргэн хашхираад цаашаа явахад хашааны гадаа цагдаа нар хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,
-Б.Г-д эмнэлгийн тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 31-33/,
- "...Б.Г-ын биед цээжний зүүн хажуу хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Г-ын биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Г-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35/,
-М.Өнь амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтсан тухай Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт /хавтаст хэргийн 51/,
-“М.Ө-г согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 2,82% гарсан болно.” гэх 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 54/,
-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч М.Ө-, хохирогч Б.Г нарын гаргасан хүсэлтүүд /хавтаст хэргийн 77-78/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар М.Өнь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 5-17а тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Г-тай маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хажуу хэсэгт шарх” бүхий гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 732 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 34-35/ нотлогдож байна.
Шүүгдэгч М.Ө-, хохирогч Б.Г нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч М.Ө-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч М.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн болон ар гэрийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Ө-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 см урттай, хар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч М.Ө-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Ө-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Ө-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ө-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 см урттай, хар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ