| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2022/0024/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/32 |
| Огноо | 2022-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0024/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Д.Р /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Р-д холбогдох эрүүгийн 2218000080021 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Р, 1973 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Р нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 8-173 тоотод Ш.У-ийн цэнэглэж байсан хар өнгийн I Phone-7 рlus маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Д.Р-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гар утас хулгайлсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04/,
-Хохирогч Ш.У-ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5/,
-Н.Б-с I Phone-7 рlus загварын хар өнгийн гар утсыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8/,
-Хохирогч Ш.У-т I Phone-7 рlus загварын хар өнгийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9/,
-Хохирогч Ш.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр танил хуурай эгч Цэндсүрэнгийн гэр болох Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 8-173 тоотод хонохоор очсон. Тэгээд тэднийд байж байхад Цэндсүрэн эгчийн дүү болох Рэгзэдмаа нөхөр Бямбажав болон хүүхдүүдтэйгээ хамт орж ирсэн. Тэгээд Рэгзэдмаа нөхөр Бямбажав бид 3 нэг шил архи хувааж уугаад би түрүүлээд унтаад өгсөн. Намайг унтахаас өмнө нөхөр болох Бямбажав нь яваад өгсөн. Намайг унтаж байхад Рэгзэдмаа явсан байсан. Тэгээд өглөө босоход миний цэнэглээд үлдээсэн гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь Цэндсүрэн эгчээс миний гар утас хаана байна гэсэн чинь чиний хажууд цэнэглээтэй байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
-Иргэний нэхэмжлэгч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед 50 орчим насны эмэгтэй манай лангуун дээр ирээд гар утас зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би ямар утас вэ гээд үзэхэд I Phone-7 рlus загварын хар өнгөтэй, дэлгэцэн дээрээ кодтой, кодыг олон буруу хийгдээд блок хийгдсэн буюу ашиглах боломжгүй болсон гар утас байхаар нь “Ашиглах боломжгүй гар утас байна сэлбэгэнд л ашиглах гэж худалдаж авах боломжтой юм байна, хэний гар утас вэ? гэж асуухад “манай охин надад өгсөн юм, би ашиглаж чадахгүй болохоор зарах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би 150,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Маргааш нь хүн I Phone-7 рlus дэлгэц асууж ирэхээр нь нөгөө эмэгтэйгээс худалдаж авсан гарт утасныхаа дэлгэцийг хийж өгөөд явуулчихсан байсан. Тэгээд 2 хоногийн дараа надад гар утсаа зарсан эмэгтэй ирээд “Эгч нь охинтойгоо ярьсан чинь утсаа буцааж аваач гээд байна гэж хэлээд намайг охин гээд нэг эмэгтэй хүнтэй яриулахаар нь би яг охин нь мөн үү гэж бодоод ямар утас вэ? гэж асуухад хар өнгөтэй I Phone-7 рlus загварын гар утас байсан гэж надад хэлсэн. Тэгээд охин нь миний утасны дугаарыг аваад хэд хоногоос мөнгийг нь буцааж өгөөд өөрөөс чинь гар утсаа авна шүү гэж хэлэхээр нь би за тэгж болно гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зэх зээлийн тухайн үеийн үнэ цэнийг 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 500000 төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 20-21/,
-“Миний бие өөрийн алдсан гар утсаа буцааж авсан. Цаашид гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч Ш.У-ийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 58/,
-“Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх шүүгдэгч Д.Р-гийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 60/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Р нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны 8-173 тоотод Ш.У-ийн цэнэглэж байсан хар өнгийн I Phone-7 рlus маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Р-гийн бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 300000 төгрөгөөс дээш төгрөгийн хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Р-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Р нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Д.Р нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохыг санал болгосон прокурорын саналыг шүүгдэгч Д.Р нь хүлээн зөвшөөрчээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Р-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч Ш.У нь “...Миний бие өөрийн алдсан гар утсаа буцааж авсан. Цаашид гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 58/ гаргасан байх тул шүүгдэгч Д.Р-гаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Р-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Р-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, мөн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Р-д анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ